Дорнод аймгийн харьяат М.Баярцогт нь энэ сарын 15-ны 21.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Тамгын газрын ар талаас найзтайгаа уулзахаар яваад өнөөдрийг болтол сураггүй байгаа.

Тэрбээр 38-98 ДОР улсын дугаартай “Мitsubishi dingo” маркийн автомашиныг унаж явсан аж. Түүнийг харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагад хандахыг ар гэрийнхэн нь хүсч байна.

Энэ хэргийн талаар М.Баярцогтын ар гэрийнхэнтэй ярилцлаа.

-М.Баярцогт гуайн унаж явсан машин шатсан байдалтай олдсон. Үүнээс хойш 17 хоног өнгөрч байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Алга болсон өдрөөс нь хойш өнөөдрийг болтол нэг ч өдөр алгасахгүй хайж байна.

-Яг хэзээ гэрээсээ гараад одоо болтол олдохгүй байгаа юм бэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-2013 оны нэгдүгээр сарын 15-ны орой манай эгчийн гэрээс гарч явсан байдаг. Тэгээд эргэж ирээгүй. Явахдаа найзтайгаа уулзана гэхээс өөр юм яриагүй гэсэн. Алга болох үедээ 38-98 ДОР улсын дугаартай “Мitsubishi dingo” маркийн мөнгөлөг өнгийн машин унаж явсан юм. Гэтэл маргааш нь буюу нэгдүгээр сарын 16-ны өглөө 08.00 цагийн үед машиныг нь шатсан байдалтай байхыг цагдаагийнхан олсон. Улаанчулуутын хогийн цэгээс.

-Машин олдох үедээ хэр шатсан байсан бэ?
-100 хувь шатсан байсан. Урьдчилсан таамгаар машин дотроосоо л шатсан байх гэж дүгнэсэн байгаа.

-Шатсан машинаас цустай тоосго олдсон гэх мэдээлэл бий?
-Хоёр ширхэг тал тоосго олдсон. Цагдаагийнхан шалгаж байгаа.

-Машинаас алдагдсан зүйл байсан болов уу?
-Запас дугуй, домкрат нь байхгүй байсан. Энэ сарын 16-ны өдрөөс хойш аавыгаа өдөр, шөнөгүй хайж байна.

-Ар гэрийнхэн нь эрлийн баг гаргасан гэлүү?
-Тийм ээ. Ах дүү нар, үр хүүхэд нь бүгдээрээ хайж байгаа. Сүхбаатар, Увс, Дорнодоос ах, дүүс нь ирээд нийтдээ 73 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ээлж ээлжээр хайсаар байна.

-Олдох найдлага байна уу. Хаана, хаана явж хайв?
-Яваагүй газар гэж байхгүй. Улаанчулуутын хогийн цэгээс авахуулаад 22-ын товчоо, Улиастай, Хужир булан гээд хотын зах хэсгээр тасралтгүй хайж байна.

-Аавыгаа олохын тулд үздэг хардаг хүнд хандсан уу?
-Зөндөө л хүнд үзүүлж, харуулсан. Янз бүрийн юм хэлдэг. Зарим нь амьд сэрүүн биш байна. Ядаж цогцсыг нь ол гэх юм. Ямар ч байсан бид аавыгаа олтол хайх болно. Бид эрэл хийж яваад нас барсан хүн хүртэл олсон.

-Хэзээ вэ. Хаанаас?
-Энэ сарын 25-нд. Ханын материалын зүүн талын жалганаас 30 орчим насны эрэгтэй хүний цогцос олсон. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэр хүн нас бараад удсан шинжтэй байсан.

-М.Баярцогт гуайд содон шинж тэмдэг байгаа юу?
-Туранхай. Сахалтай, урт эрүүтэй. Цайвар үстэй.

-Гэрээс гарч явах үедээ ямар хувцастай явсан юм бэ?
-Хүрэн нэхий дээл, урт түрийтэй хүрэн гутал, хар өмдтэй байсан. Мөн халаасандаа 300 мянган төгрөгтэй явсан. Одоо 55 настай хүн. Аав маань дөрвөн хүүхэдтэй.

-Аав чинь машинаа хэдэн жил унаж байгаа вэ?
-Аваад удаагүй байсан. Шинэ машин. Өнгөрсөн наймдугаар сард худалдаж авсан юм. Бие муутай хүн шүү дээ.

-Ямар өвчтэй юм бэ?
-Дорнодоос эмчилгээ хийлгэх гэж ирсэн. Өнгөрсөн наймдугаар сард гэдэс дотрын хүнд хагалгаанд орсон. Энд ирж биеэ эмчлүүлэх гэж явсан хүн.

-Ямар мэргэжилтэй хүн бэ?
-Насаараа том машины жолооч хийсэн.

-Хүний хувьд ямархуу зан авиртай вэ. Түүнд өс хонзон санасан хүн байсан уу?
-Айлын том хүү болохоор их буурь суурьтай хүн. Өс хонзон санасан хүн байгаагүй. Найз нөхөд нь ямар хүн байсныг мэднэ дээ. Архи ч уудаггүй.

-Хэргийн мөрдөн байцаалтын явц л үргэлжилж байгаа юу?
-Цагдаа нар маш шаргуу ажиллаж байгаа. Ажлын хэсэг гаргуулчихсан. Харин машины дугаараар ангилж явуулж байгаа нь эрэлд саад болох юм. Замын цагдаа нар явуулахгүй зэрэг асуудал гарч байна. Энэ хэцүү хүнд үед бидний машин тэргийг журамлана, явуулахгүй гэх. Бидэнд нэг өдөр ч хайран байгаа. Аавыгаа олохын тулд эрлийг үргэлжлүүлсээр л байх болно.

-Хүйтэнд эрэлд гарах амаргүй. Өдөрт хэдээс хэдэн цаг хүртэл хайж байгаа вэ?
-Өглөөний 08.00-19.00 цаг хүртэл тасралтгүй хайж байна. Эхний өдрүүдэд өдөр, шөнөгүй хайж байсан юм. Гэтэл хүмүүс ядраад ээлж, ээлжээр явах болсон. Ах, дүүс хамаатан садан найз нөхөд гээд бүгд тусалж байгаа. Аавыгаа л олмоор байна.

А.Лхагважав