Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Булган, Орхон аймагт ажиллалаа. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тэргүүтэй албаны хүмүүс явсан юм.

Ерөнхий сайдын ажил Булган аймгаас эхэлсэн. Анхдагчийн өлгий нутаг Булганчуудтай энэ сарын 1-ний өдөр уулзаж, Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажил, улс төрд өрнөөд байгаа зарим зүйлээр санаа солилцож, иргэдийн хүсэлтийг сонслоо.

Ерөнхий сайд “Шинэ бүтээн байгуулалтуудыг энэ хавар эхлэх гэж байгаа учир зориуд танай аймагт ирж байна. Тариаланчдын ажилтай танилцаж, замынхантай уулзаж, тодорхой шийдвэрийг гаргах гэж ирсэн гэхэд болно. Бид юуг яаж өөрчилж, шинэчилж  байгаа, хуучин ямар байсан, одоо ямар болж байгаа, цаашид юу хийх гэж байгаагаа ард түмэндээ тайлагнаж мэдээлдэггүй байсан юм байна.

Зөвхөн урагшаа хараад, ажлаа хийе, чи тэгсэн, би ингэсэн гэлгүй ажиллая л гэж бодсон. Үүнээс болоод янз бүрийн асуудал гарлаа. Тиймээс цаашид хийж, өөрчилж, шинэчилж  байгаа ажлаа байнга тайлагнаж байх хэрэгтэй юм байна. Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн их зорьж байгаа зүйл нь юмны үнийг өсгөхгүй байх асуудал. Хуучин цалин нэмэгдэг, юмны үнэ дагаж өсдөг зарчмаар явж байсан. Энэ бүхнийг шийдэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд нүүрсний үнэ тодорхой хэмжээгээр буурсан. Шатахуун 300 төгрөгөөр өсөх гэж байсныг зогсоосон.

Цаашид шатахууны үнэ тодорхой хэмжээгээр буурна гэх мэт ололттой зүйл гарч байна. Хээл хахууль, авлигатай Шинэчлэлийн Засгийн газар тууштай тэмцэнэ. Энэ улсад хээл хахууль, авлига хэрээс хэтэрч байгаа учир хөгжихгүй байна. Хээл хахуультай тэмцээд ирэхээр цөөн хэдэн хүн цочирдож байгаа. Харин ард түмэн бол айхгүй байгаа. Гэтэл зарим хүмүүс Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд ард түмнийг айдас хүйдэст автууллаа гэж ярьж байна...

Иргэдийгээ ажилтай, орлоготой болгож байна. 7000 хүн ажлын байртай болсон. Өмнө нь манайхан зүгээр л мэргэжилтэн бэлтгэж, сургалтад суулгаад яваад байсан. Тэр хүмүүс нь төгсөөд ажилд орсон ч юм уу, үгүй ч юм уу гэдгийг мэддэггүй. Харин одоо бол ажилд орох гэж байгаа хүнийг ажилд авах гэж байгаа компанитай нь уулзуулж, авна гэвэл сургаж өгч байгаа. Тиймдээ ч 7000 хүн ажилтай болсон. Ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийнэ.

1.5 тэрбум ам.долларыг тодорхой ажилд зарцуулна. Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Дундговь гэсэн зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно. Тавантолгойн төмөр зам барина. Улаанбаатар хотод 10 гаруй замын уулзвар засна. Гэр хорооллыг байшин хороолол болгоно. Тавантолгойд цахилгаан станц барина. Аймгийн төвүүдэд өвлийн хүлэмж байгуулна. Ингэвэл бид гаднаас төмс, хүнсний ногоо аваад байх шаардлагагүй болно.

Арьс ширний үйлдвэрүүдийг дэмжинэ, мал аж ахуйтай холбоотой үйлдвэрийг хөгжүүлэхэд онцгой анхаарна. Энэ бүх бүтээн байгуулалтад бондын мөнгийг зарцуулна” хэмээн уулзалтыг нээж хэллээ, Засгийн газраас барьж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа мөн энэ үеэр танилцуулсан юм. Булганы ард түмэнд ардчиллыг дэмжсэнд баярласнаа илэрхийлж, Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат итгэл дааж ажиллахыг санууллаа. Мөн шинэчлэлийг дарга нар биш ард түмэн хийдгийг ч хэлсэн юм.  
 


Түүний дараа Булганчууд Ерөнхий сайдаас асуулт асууж, дор бүрнээ хариулт авлаа.  Булганы иргэд  Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг цөөлөх хэрэгтэй байна. Малын эмч нарын хортой нөхцөлд ажиллаж байгаагийн нэмэгдэл хэзээ олгох вэ.  Хэвлэлийн эрх чөлөөний асуудал. Орон нутагт байгаа зам арчлалтын асуудал. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа зээл.  Эх орны өмнөд, баруун, зүүн хязгаарт хятадууд дураараа дургиж байгаа, их, дээд сургуулийн боловсрол авлигын эх үүсвэр болсон. Булганд оношлогооны төв барих, цалин мөнгө нэмэх гээд бүхий л асуудлаар асуулт асууж, санал хэлж байлаа.
Тариалан сум хүрэх 88 км зам аравдугаар сард ашиглалтад орно

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булган аймгийн иргэдтэй уулзсаны маргааш буюу энэ сарын 2-нд Хутаг-Өндөр сумын Уньт багийг зорьсон юм.  2013  онд багтааж зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбох зорилтыг Шинэчлэлийн Зас­гийн газар тавиад байгаа. Энэ зорилт­ын хүрээнд Хөвсгөл аймгийг Улаан­баатар хоттой хатуу хучилт­тай замаар холбохоор эрчим­тэй ажиллаж байгаа. Тийм­дээ ч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас  Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэлх 88 км замын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлээд байгаа аж. Энэхүү замыг Арабын эдийн засгийн хөгжлийн сангийн зээл болон Монголын Засгийн газрын санхүүжилтээр хийх бөгөөд гүйцэтгэгчээр нь Солонгосын “Бэк сок” констракшн ажиллаж байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий  сайд тус замыг барьж байгаа замчидтай уулзлаа.

Уг нь “Бэк Сок” компани Тариалан хүртэлх замыг 2014 онд хүлээлгэж өгөх ёстой байж. Харин Засгийн газраас энэ онд багтааж зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбох зорилт тавьж, өнгөрсөн оны аравдугаар сард замын ажил гүйцэтгэж байгаа компаниудын удирдлагатай уулзаж, хүсэлтээ тавьжээ. Мөн хийж амжих эсэхийг нь асуусан байна.  Тэгэхэд тус компанийнхан ажлыг дуусгаж чадна гэдгээ амласан аж. Үүнийг Ерөнхий сайд уулзалтын үеэр сануулж байлаа. Харин “Бэк Сок” компанийнхан дөрөвдүгээр сард ажлаа эхлээд, 21 км замд газар шорооны ажил хийгээд байгаа талаараа хэлсэн юм.

Харин Засгийн газрын тэргүүн намар гэхэд ажлаа дуусгаж чадах уу гэдэг амлалтыг дахин өгөхийг шаардаж, хэзээ дуусах хугацааг нь ч хэлүүлэв. Компанийн Солонгос инженерүүд ирэх аравдугаар сарын 31 гэхэд замын ажил дууссан байна гэдгийг хэлж байлаа.  Түүний дараа “Бэк сок” компанийн хээрийн анги дээр очиж, бусад үйл ажиллагаатай танилцсан. Тэгэхдээ Ерөнхий сайд ирэх аравдугаар сарын 31-ний өдөр гэхэд замаа дуусгахыг захиж, ажлаа яаравчлахыг сануулж байсан юм.

Тариаланчид шахааны бизнесээс салгаж өгөхийг хүслээ

Замчидтай уулзаж, саналыг сонсч, сануулга өгч, хурдан ажиллахыг зөвлөсөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэндээсээ шууд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийг зорьж, тариланчидтай уулзсан юм.  Энэ үеэр тариалалтын бэлтгэл ажил болоод “Хонгор агро Булган” ХХК-ийн гурилын үйлдвэртэй танилцлаа.  

Манай улс энэ онд 324 мянга орчим га-д тариалалт хийж хэрэгцээт буудай, төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 60 орчим хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавиад байгаа аж. Харин  Булган аймаг улсын хэмжээний нийт үр тарианы 10 орчим хувийг, төмс хүнсний ногооны 4.1 хувийг үйлдвэрлэдэг байна.  Тус аймаг энэ жил 32.8 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилттой ажиллаж байгаа гэдгийг тус аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат өгч байсан. Тиймдээ ч Ерөнхий сайд Булганы тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсохоор Хонгор багийг зорьж очсон нь тэр.

“Хонгор агро Булган” компанийн гадаа талбайд болсон энэ уулзалтад Хутаг-Өндөр сумын иргэдээс  гадна Булганы бусад сум, хил залгаа Хөвсгөлийн тариаланчид, малчид ирж оролцсон бөгөөд санал хэлсэн хүмүүсийн олонх нь тариалан эрхлэгчид байлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Булган ямар зорилгоор ирснээ хэлж, Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэлх 88 км зам энэ онд багтаж ашиглалтад орвол тариаланчдад хэрэгтэй гэдгийг онцолж хэлж байсан юм.

Мөн Үйлдвэр,  хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал энэ онд 313 мянган га талбайд улаан буудай тариалж, 480 мянган тонн үр тариа хурааж авах төлөвлөгөөтэй байгааг хэлсэн. Мөн 208 мянган төмс, 76 орчим тонн хүнсний ногоо, 30 орчим мянган га талбайд тосны ургамал тариалах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг ч хэлсэн. Түүнээс гадна таримлын сэлгээг олон болгохоор зорьж байгааг хэлж байсан юм. Түүний дараа тариаланчид асуулт асууж, санал бодлоо Ерөнхий сайд болон бусад албаны хүмүүст хэллээ.

Юуны өмнө Хутаг-Өндөр сумынхан  үр тариа, төмс, хүнсний ногооны борлуулалтын гол цэг нь Хөвсгөл бөгөөд  тус аймаг хүртэл засмал зам тавигдаж байгаад талархаж байгаагаа хэлж байсан юм.  Мөн ихэнх тариаланчид тариалангийн талбайг хаших асуудалд төр засгаас нэг удаагийн хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж үзүүлэхийг хүсч байлаа. Учир нь тариаланчдад цаг агаарын эрсдэлээс гадна тариалалт хийсэн талбайд нь мал орж сүйтгэдэг учир хашаалах асуудал зайлшгүй хэрэгтэй байгааг хэлж байсан. Тэгэхгүй бол малчидтайгаа ойлголцож чадахгүй байсаар тарианыхаа талыг бод малд идүүлчихдэг гэнэ. Нөгөө талаар тариалан эрхлэгчид үр тарианы агуулах буюу элеватор байгуулж өгөхийг мөн хүсч байлаа.

Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 90 мянган тоннын элеватор барихаар гэрээ байгуулсан, үүнд Булганы Хутаг-Өндөр сумынх багтаагүй бөгөөд 2014 онд тус суманд 20-30 тоннын элеватор, төмс хүнсний ногоо хадгалах зоорь барихаар төлөвлөсөн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэллээ. Уулзалтын үеэр нэг чухал асуудал хөндөгдсөн нь хөдөө аж ахуй, тариалангын техникийг хэтэрхий өндөр үнээр шахдаг. Нэг компани техник борлуулах ажлыг хийж байгаа нь тийм нөхцөл бүрдүүлж байгаа талаар хэлж байсан юм.  Мөн  машин, техник тоног төхөөрөмж гаднаас авчирч борлуулж байгаа хүмүүс хэтэрхий их үнээр өгч байна, ямар нэгэн эд анги нь эвдэрч гэмтэхэд засвар хийх буюу шинээр сольж өгөх нөөц байдаггүйгээс гадаад руу захиалж хугацаа их алддаг гэж ярьж байна.

Мөн машин, трактор өндөр үнээр шахах байдлыг ч “Хонгор агро Булган” компани тойроогүй дайрсан гэдгийг хэлж байсан. Зөвхөн тариаланчдаас гадна Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга цахилгааны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Энэ мэт олон хүсэлт, санал, асуултыг асууж байлаа.   Энэ мэт асуудалд Ерөнхий сайд тодорхой хариу өгч, тариаланчдын саналыг дэмжиж байгаагаа хэлсэн. Тэрбээр “Малчид, тариаланчид бие биетэйгээ ойлголцоод, хамтарч ажиллах хэрэгтэй байна.  Хонгор агро” компани л гэхэд тендерт  шалгарсан гэсэн нэр зүүсэн орос, канад, германы машин техниктэй юм байна. Уг нь орчин үеийн, шатахуун бага зарцуулдаг, дэвшилтэт технологи бүхий машин техник нь нэг улс, нэг брэндийнх байвал завсар арчилгаа авахад дөхөм, тиймээс хойшид энэ тал дээр анхаарч ажиллана” хэмээн хэлсэн юм. Түүний дараа Ерөнхий сайд гурилын үйлдвэртэй танилцаад Эрдэнэт хот руу хөдөлсөн юм.

Орхон аймагт хотын статусыг нь өгөх ёстой гэв

Замчид, тариаланчидтай уулзсаны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймгийг зорьсон. Улмаар 2-ны өдрийн орой 19:00 цагаас Орхон аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд уулзалт хийлээ.  Уулзалтын үеэр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Цог оролцсон. Хурлын эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  ажлыг танилц­уулсан юм.  Түүний дараа иргэд асуулт асууж, санал бодлоо хэлэв. Асуулт асуусан иргэдийн 30 орчим хувь нь “Зэс эрдэнийн хувь” ХК-ийг байгуулж өгөх асуудлыг хөндлөө. Мөн тус компанийн дарга н.Алтанхуяг гэдэг хүн асуудлыг шийдэж өгсөн Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газарт талархаж, бяцхан бэлэг дурсгалын зүйл гардуулж өгсөн юм.

Түүнээс гадна олон иргэн Эрдэнэт үйлдвэрт өрх бүрээс нэг хүн ажиллуулах асуудлыг ч хөндөж байсан. Эрдэнэтийн хүмүүс Орхон аймагт Эрдэнэт хот гэсэн статусыг нь өгөхийг шаардаж, сануулж, хүсч байлаа. Өнөөдөр Орхон аймагт газар өмчлөлийн асуудал нэлээд хүндэрсэн. Хүмүүст газар олдохгүй байгаа аж. Хэрэв хотын статустай болчихвол иргэд нь ойр орчмын сумаас газар эзэмших боломжтой болно гэдгийг ч хэлж байсан юм.


Мөн цөөнгүй иргэд тэтгэвэр тэтгэмж нэмэх, бэлэн мөнгө өгөх асуудал хөндөж байв.  Түүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүх асуултад товч хариулт өгсөн юм. Тэрбээр “Өнөөдөр Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн дарга н.Даваацэрэн даргын ярьж байгааг сонсоход Эрдэнэтэд өөрчлөлт шинэчлэлт өрнөж байгаа юм байна гэдгийг харууллаа” хэмээн онцолсон. Мөн хотын статусыг шийдэхээр ажиллана гэдгийг ч хэлсэн.

Ингэснээр Эрдэнэт хотынхонтой уулзах уулзалт дууссан юм. Харин маргааш нь Ерөнхий сайд Эрдэнэт хотод босох Эко хорооллын шавийг тавилцаж, “Эрдэнэт хивс” үйлдвэртэй танилцаад нийслэл рүү буцлаа. Энэ удаагийн хоёр аймагт ажилласан ажил тэр чигтээ бүтээн байгуулалтаар амьсгалсан, иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон, өөрчлөлт шинэчлэлтийг мэдрүүлсэн өдрүүд байлаа. Тэр дундаа замын ажлыг хурдан хийхийг шахаж, байшин хорооллын шавийг тавьж, тариаланчдын асуудлыг нь сонсч, тодорхой шийдэх асуудалд хариу өгсөн нь бүтээн байгуулалтын хурдыг нэмсэн хэрэг байв.

Н.Пунцаг
 

Эх сурвалж: www.mminfo.mn