Монгол улсын их сургуульд бүтцийн өөрчлөлт хийсний улмаас одоогийн Улаанбаатар их сургуулийг МУИС-ийн харъяа Улаанбаатар сургууль болгохоор болсон.  Гэвч энэ нь багагүй асуудлыг үүсгээд  байгаа юм. 

Учир нь Улаанбаатар их сургуулийн удирдлагууд нэгтгэх асуудалд дургүйцлээ илэрхийлсээр байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч хэлж байсан. Тэгвэл сүүлийн үед энэ асуудалд Хотын дарга Э.Бат-Үүл хүртэл оролцоод эхэлсэн нь хүмүүсийн гайхшралыг төрүүлээд байна. 

 Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар их сургуулийг хотын  мэдэлдээ авна гээд байгаа аж. Чухам ямар учраас түүнийг ийн зүтгээд байгааг зарим хүмүүс ойлгохгүй байна. Цаашлаад түүний эл мэдэгдлийг  холбогдох Засгийн газрын байгууллагууд зөвшөөрөхгүй байгаа юм.
Энэ нь Улаанбаатар их сургуулийг хоёр талд булаацалдаад байгаа хэлбэрлүү шилжиж эхэлж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл,  МУИС уг сургуулийг өөртөө нэгтгэх гэхээр Э.Батүүл дарга  авах гэж улайрсан нөхцөл байдал үүсээд байна.

Энэ бүхэн иргэдийг янз бүрийн асуудал дэвшүүлэхэд хүргээд байгаа юм. Зарим иргэд Э.Бат-Үүлийг   Улаанбаатар сургуулиар яах гээд байна хэмээн хардаж байгаа бол Улаанбаатар их сургуулийн оюутнууд түүний энэ саналыг огт хүлээж авахгүй хэмээн дургүйцлээ илэрхийлээд эхэлжээ.

Тэд энэ асуудлыг цааш үргэлжилж Хотын дарга УБИС-ыг хотын мэдлийнх болгоно гэж зүтгэсээр байвал жагсаал зарлахаар хүртэл төлөвлөж байгааг эх сурвалж хэллээ.

Угтаа Улаанбаатар их сургуулийн удирдлага багш нар МУИС-д нэгдэх дургүй. Харин оюутнууд нь МУИС-ын харьяалалтай болох сонирхол өндөр байгаа юм.  Хотын захирагч Улаанбаатар их сургуулийг хотын мэдэлд авахаар хөөцөлдөж явсанаас халаалт, дулаандаа ядаж анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. 

Дашрамд хэлэхэд, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 15-р тогтоол гарч, тухайн үеийн ерөнхий сайд С.Батболд, боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарын гарын үсэгтэй Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харъяанд нэгтгэх шийдвэр гарчээ. 

Улмаар  МУИС-ийн харъяанд эл сургууль сүүлийн гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа ч хотын дарга нааш цааш болгох гэж асуудал үүсгээд байгаа аж. 
 

Д.Дуулим