Эр хүний бахархал, бар­дамнал уг нь эх орноо хам­гаалах цэргийн алба байх ёстой. Гэтэл сүүлийн үед залуусын санаа нь байвч цаана нь бас нэг том саад чангаах болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баа­сан гаригаас ням гариг хүртэл улс орон даяар өрнөсөн цэрэг татлага ам-жилттай  болж өндөрлөлөө. Хөдөө орон нутгийнхны хувьд нэг өдрийн өмнө шинэ цэргүүдийг татаж дууссан ч нийслэлд ням гаригийг хүртэл үргэлжилсэн юм. Тиймээс Баянзүрх дүүр­гийн цэрэг татлагын байр болох нийслэлийн 53 дугаар сургуулиас энэхүү сур­валжлагаа бэлтгэлээ. Хүүгээ, дүүгээ, нөхрөө тэнцэх болов уу, яах бол хэмээн хүлээсэн хүмүүс цэрэг татлагын байрны гадна төмөр хашаа түшин зогсцгооно. Гэхдээ тэдэн дунд өдрийн 24 хэмийн халуунд өлгийтэй нялх үрээ тэврэн, догдлонгуй зогсох эхчүүдийг харсан ямар ч хүний сэтгэл эмзэглэм аж.

Мөн комиссоор орохоор тав, зургаан эгнээ болон дугаарлан зогсох залуус 53 дугаар сургуулийн эргэн тойрныг бүчжээ. Дуу өсгөгчөөр эр цэргийн сүр жавхааг илэрхийлсэн дуунууд хангинаж, тэрхэн зуур эрчүүдийн зүрхэнд гал асаах мэт мэдрэмж төрүүлнэ. Магадгүй цэрэгт явахгүй хэмээн ирсэн залуус ийм дууг сонсоход эргэлзэх сэтгэл төрүүлж байгааг хэлэх хүн олон байсан. 

 

Б.Баяржавхлан: ОРОН СУУЦНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГВӨЛ ЦЭРГЭЭС ХЭН Ч ЗУГТАХГҮЙ

 

Тийм ээ. Эх орноосоо зугтах зоригтой эр хүн тун ховор. Үнэндээ энд дугаарлан зогсох залуус цөмөөрөө л цэрэгт явчих юмсан гэх хүсэл, бодолтой яваа нь илт. Даанч тэдэнд ийм нэгэн том асуудал тулгарчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Б.Баяржавхлан гэх залуу одоо 22 настай. Сургуулиа төгсөөд жил гаруй болж байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр сард эхнэр нь төрсөн бөгөөд өөрөө үргэлжлүүлэн бизнесийн удирдлагын мэргэжлээр ажилангаа суралцаж байгаа гэнэ. Тэрбээр суралцаж буй гэх үндэслэлээр цэргийн албанаас жил бүр чөлөөлөгддөг. Б.Баяржавхлангийн хэлснээр “Миний хувьд цэрэгт явчихмаар л байна. Ер нь энд ирсэн залуус бүгдээрээ л ийм бодолтой явдаг байх. Гэхдээ хэрэв би цэрэгт явлаа гэж бодоход хамгийн түрүүнд маш их цаг хугацаа алдах болно. Магадгүй тодорхой хэмжээний зорилго тавьж, мэдлэг хуримтлахаар яваа залуус бүтэн нэг жилээр цэрэгт явна гэдэг бол асар их цаг хугацаа. Нөгөөтэйгүүр эхнэр, хүү бид гурав хөлсний байранд амьдардаг. Тийм болохоор ядаж би энэ хоёрыгоо харж, тэжээх хэрэгтэй. Магадгүй төрөөс цэрэгт явсан, анх удаа орон сууцтай болох гэж байгаа залууст ядаж орон гэрийн асуудлыг шийдэж өгөх бодлого хэрэгжүүлбэл цэргээс хэн ч зугтахгүй. Үнэндээ манай залуус үүнээс болж явах сонирхол нь буураад байгаа юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Бүтэн гурван өдрийн турш үргэлжилсэн цэрэг татлагын хамгийн их ачаалалтай өдөр нь баасан гариг байлаа. Харин бямба, ням гаригуудад өнөөх төмөр хашаа даган дугаарлах ар гэрийнхэн, тав зургаан эгнээгээрээ дараалах залуус цэрэг татлагын байрны гадна харагдсангүй. Гэхдээ үзлэгийн заалан дотор комиссоор орохоор ирсэн залуус дүүрчээ. Мөн энэ дашрамд дурьдахад хувцас солих өрөө гээд зохион байгуулалтад туслахаар ирсэн цэргийн албаа дүйцүүлэх хэлбэрээр хааж буй цэргүүд нэлээд байх аж.

 

“БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИНТЭЙ ЗАЛУУС ОЛОН ИРЖ БАЙНА” ГЭВ

 

Энэ удаагийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар хийж байв. Гэхдээ бэлгийн замын өвчтэй залуус олон ирснийг эмч нар онцолсон. Учир нь тэмбүү, заг өвчин цэргийн насны залуусын дунд нэлээд халдварлах болсон нь бэлгийн хэт задгай амьдралтай шууд холбоотойг учир мэдэх нь хэлсэн юм. Бүр заримынх нь бэлэг эрхтэн нь хавдаж, тууралт гарчихсан байсанд нь зөвлөгөө өгч явуулсныг үзлэгийн эмч хэллээ.

Түүнчлэн цэрэгт явах туйлын хүсэл байсан ч нэг л эмчийн үзлэгээр эрүүл мэндээр тэнцээгүй гэх үг бичвэл явах боломж нь дараагийн татлага хүртэл хойшилно. Чухам ийм байдлаар тэнцээгүй залуус бямба гаригийн 12 цагийн үед гэхэд 200 орчим байсан юм.

Энэ үеэр цэрэг татлагын ерөнхий эмчээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч П.Эрхэмбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манай эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өвчлөлийн хувьд цэрэг татлагад ирж байгаа залуусийн биеийн байдалд өмнөх жилээсээ тийм ч их өөрчлөлт орсон зүйл ажиглагдсангүй. Харин харааны гажиг, мэс заслын эмгэг, чих хамар хоолойн эмгэгийн улмаас эрүүл мэндээрээ чөлөөлөгдөж байна. Түүнчлэн залуучууд жин нь бага байгаагаас болж тэнцэхгүй тохиолдол их гардаг байсан бол энэ жилийн хувьд гайгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр өмнөх татлагад эдгээр байдлаас болж чөлөөлөгдсөн залуус эдгэрч ирж буй нь сайн хэрэг гэлтэй. Үнэндээ тэд эрүүл мэндийнхээ төлөө ажиллаж байна гэсэн үг. Энд нэг зүйл онцлоход цэрэг хүн гэдэг бол тэсвэр тэвчээр шаардсан, биеийн хүчний газар очиж байгаа гэдэг утгаараа бие эрүүл мэнд, оюун сэтгэц, эрхтэн тогтолцооны хувьд эрүүл байх учиртай” хэмээв.

Түүнчлэн энэ удаагийн хаврын цэрэг татлагад тус дүүргээс цэрэгт хүсэлтээрээ явах залуус өмнөх жилүүдтэй харьцуулахад олон болсон учраас суралцаж буй гээд бусад шалтгаанаар чөлөөлөгдөх залууст нэг их төвөг учирсангүй. Өмнө нь цэргийн тоо гүйцэхгүй байвал оюутан ч бай хамаагүй эрүүл мэнд нь тэнцвэл татна гэдэг байсан бол өнөөдөр /бямба гаригт/ арай энэрэнгүй болсныг залуус хэлж байлаа.

Мөн энэ үеэр өөрийнхөө саналаар цэрэгт явахаар болсон д-тэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. тэрбээр 120 дугаар ангид цэргийн алба хаахаар хуваарилагджээ. Уг нь “Ач” анагаах ухааны дээд сургуулийн нэгдүгээр курст суралцдаг аж. Түүнээс чухам сурахаа болиод яагаад цэргийн алба хаахыг сонгов гэдгийг асуухад “бүх залуучууд цэргийн албанд нэг насаараа явахгүй шүү дээ. Эр цэргийнхээ албыг хааж, төрийнхөө өмнө тангараг өргөнө гэдэг бол нэг талаараа нийгэмшихэд сайнаар нөлөөлнө. Яагаад гэвэл гэмт хэрэг хүртэл буурахад чухал ач холбогдолтой. Миний хувьд цаашид бодож, төлөвлөсөн зүйл олон байгаа учраас энэ сонголтыг хийсэн. Харин орон гэргүй хөлсний байранд амьдардаг, ажилладаг залууст цалингийн доод хэмжээгээр цалин олгодог ч юм уу эсвэл болдогсон бол орон гэр авахад нь тусламж үзүүлэх зэргээр төрөөс илүү дэмжвэл цэрэгт явахгүй гэх хүх бараг гарахгүй. Бүгдээрээ л явна гэх байх. Нөгөөтэйгүүр оюутнуудыг зуны гурван сард цэргийн алба хаалгана гээд байгаа нь зарим талаараа зөв ч юу сурч ирэх вэ гэдэг асуудал бас гарч ирнэ” гэсэн юм.

 

Л.Баатархүү