Улаанбаатар хотын 180 мянган өрх гэр хороололд амьдардаг. Тэгвэл энэ их айлын бараг 80 хувийнх нь хувьд орон сууц гэдэг мөрөөдөл мэт сонсогддог.

Урьдчилгаа төлбөр, сар бүр төлөх зээлийн хэмжээ гэх зэргээс шалтгаалсан тэдний бүтэшгүй мөрөөдлийг биелүүлэх нэгэн төлөвлөгөөг хотын дарга санаачилсанаа танилцууллаа.

Орон сууцжуулах хөтөлбөртөө иргэдийн төлбөрийн чадварыг харгалзан үзэхээ орхигдуулсан байсан гэж хотын дарга хэллээ. Жишээ нь Буянт-Ухаа хороолол бол зорилтод бүлэгт зориулагдсан хямд үнэтэй, чанартай орон сууц.
Гэхдээ зорилтод бүлгийн багагүй хувь нь орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг төлөх нь байтугай, сар бүр төлөх зээлийн дүнд нь орлого нь хүрэлцэхгүй байх шалтгаан олон гарсан. Орлого хүрэлцлээ гэхэд бараг сарын орлогын тэн хагас нь зээлэндээ суутгагддаг.

Харин хотын даргын санаачилгад орон сууцыг урьдчилгаа төлбөргүй, сар бүрийн зээлийг тухай орон сууц эзэмшигчийн цалингийн тавин хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг эрэлхийлж байгаа юм.
“Ерөнхийдөө хоёр зүйлийг хийх юм. Зээлээр авч байгаа орон сууцны сарын төлбөр нь 30 хувиас хэтрэхгүй байх, хоёрт хуримтлал байхгүй иргэд урьдчилгаа төлбөргүй цувуулж төлөх гэсэн ажлыг төлөвлөөд хийх хэрэгтэй гэж Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.