Нийслэлийн ИТХ-ын 16 төлөөлөгч болон Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Аудитын газрын дарга гээд 18 хүний бүрэлдэхүүнтэй томилолтын баг өнгөрсөн зургадугаар сард Бразил улсад Фермерийн аж ахуйн туршлага судлахаар явсан. Ингэж явахдаа 183 сая төгрөгийг томилолтын зардалд нийслэлийн төсвөөс зарцуулсан байна.

Татвар төлөгчдийн мөнгөөр Бразил улсыг зорих гэж байна хэмээн иргэдийн дунд багагүй шүүмжлэлд өртсөн энэ асуудалд хотын дарга Э.Бат-Үүл тайлбар хийжээ. Тэрбээр “Бразил явсан хүмүүс миний чихийг мөн ч их халууцуулж байна даа. Хөлбөмбөгийн нээлтээр таарчихдаг. Ер нь хүмүүс нэхэл хатуутай болжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр гадагшаа явлаа гээд л. Манай Тамгын газраас гадагшаа явсан бол заавал тайлангаа өгдөг. Ер нь тайлагнадаг болохоор журамлаж байгаа шүү. Тайлангаа өгөхгүй бол хувийн ажилтай явсан гэж үзээд өөрсдөөс нь гаргуулна” гэсэн. Харин Бразил явсан НИТХ-ын төлөөлөгчид буцаж ирээд туршлага хуримтлуулсан талаараа ганц үг ч ганхийхгүй өнөөдрийг хүрчээ. Засгийн газар эдийн Засгийг эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлсэн нэг чухал санаачилга нь төсвийн мөнгөөр гадаад улсад туршлага судлах нэрийдлээр амарч зугаалахыг хориглосон явдал юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “Бразил явсан НИТХ-ын төлөөлөгчдийн зардлыг хувиас нь төлүүлнэ. Тэдэнд арга хэмжээ авна” гэж өөрийн твиттер хуудсандаа бичиж байсан. Тухайн үед аудитын байгууллагын дүгнэлт ч ингэж гарч байсан аж. Гэтэл НИТХ-ын тэргүүлэгчид энэ бүхнийг үл тоомсорлосон хэвээр байгаа гэнэ. Энэ асуудал хэзээ хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.

 

С.Нэмэх