-Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ цаг үед МАН-ынхан ийм хүнээр аймаг толгойлуулж буй нь ялагдлыг даллаж буйтай адил хэмээн хөвсгөлчүүд шогширч байна-

Монгол Улсын өмнөд цэг гэгдэх Өмнөговь аймаг УИХ-ын гишүүн БХ-ын сайд, олон түмэн “Ажнай” гэдгээр нь арай илүү таних Д.Бат-Эрдэнийн мэдэлд очоод буй тухай хэвлэлүүд мэдээлдэг байв. Тэгвэл манай улсын хоймор нутаг Хөвсгөл аймаг Л.Цэрэнжав гэдэг хүний мэдэлд шилжээд буй тухай нутгийн иргэд өгүүлж байна. Сүүлийн хэдэн жил Хөвсгөл аймгийг толгойлж буй тэрбээр Хөвсгөлийн өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг гартаа оруулж, улсын төсвөөс өчнөөн төгрөг дэл сул аргаар  дэлсэх болсон гэнэ. Ингэхдээ хамаатан садан ах дүү, гэр бүлээрээ нийлээд Хөвсгөл аймгийг гартаа оруулж, сүүлийн хэдэн жилийн дотор танигдахын аргагүй болтлоо хөлжсөн гэдгийг нутгийн иргэд хэлж, Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ цаг үед МАН-ынхан ийм хүнээр аймаг толгойлуулж буй нь ялагдлыг даллаж буйтай адил хэмээн шогширч байгаа юм. Хэзээний л албан тушаал, эрх мэдэлтэйгээ зууралдаж асан гэх түүний сүүлийн үед бужигнуулж буй үйл явдлын зах зухаас мэдээлбэл, мань хүний нам гэсэн талцалаас болж Хөвсгөл аймаг шинэчлэлийн Засгийн газартай гэрээ хийж чадахгүйд хүрсэн бөгөөд орон нутгийн иргэдийн хувь заяа цаашид хэрхэх нь тодорхойгүй болоод удаж буй гэнэ. Харамсалтай тэрбээр үүнийг үл тоодогг төдийгүй “Хөвсгөл Дулаан” төрийн өмчит компанийг өөрийнхөө дүүгийн нэр дээр шилжүүлж, төрийн мөнгөнөөс хумслах болсон байна. Тодруулбал, “Хөвгөл Дулаан” компани нь аймгийн төвийг бүхэлд нь дулаанаар хангадаг бөгөөд нүүрсээ аймгийн төвөөс 200 км-ийн цаана байх “Могойн гол”-ын нүүрсний уурхайгаас нийлүүлэх учиртай ба улсын төсвөөс багагүй мөнгө гаргуулдаг юм байна. Гэтэл мань нүүрсээ “Могойн гол”-оос бус аймгийн төвөөс 20-30 км-ийн зайд байх уурхайгаас зөөж дундаас нь их хэмжээний мөнгө унагах болжээ. Зарим эх сурвалжийн өгүүлснээр түүний унагасан мөнгө 13 тэрбумд хүрсэн төдийгүй хууль хяналтынхан энэ хэргийн араас орсон гэх мэдээллийг өгч буй юм. Мэдээж тэрбээр ганцаараа энэ бүх ажлыг хийгээгүй бөгөөд эл хууль бус үйл ажиллагаандаа төрсөн дүү Л.Төмөрбаатараас гадна гэр бүлийнхээ бүх гишүүдийг татан оруулж Хөвгөл аймгийг өөрөөрөө овоглох бүхий л ажлын санаачилгыг гартаа оруулаад буй гэсэн. Ер нь ч Л.Цэрэнжавыг Хөвсгөл аймгийг удирдах хугацаандаа аймаг орон нутгаа биш хувийн амьдрал ахуйгаа жигтэйхэн өөд нь татсан гэдгийг хөвсгөлчүүд хэлдэг. Төрөх эмнэлгийн зориулалттай байрыг хууль бусаар худалдан авч, өөрийн мэдлийн “Далай ван” коллежийн байр болгосон. Өөрийнхөө сургуульд нь суралцаж төгсөөгүй хүнийг аймгийнхаа ЗДТГ-т ажилд авдаггүй гээд өөрийн зохион бичигдээгүй хуулийг мөрдүүлээд эхэлчихсэн юм билээ. Иймд төрийн албанд ажилд орох гэсэн хөөрхий хөвсгөлийнхөн “Далай ван” коллежид нь суралцахаар нэрээ бичүүлэхээс аргагүйд хүрдэг аж.
Уг нь Л.Цэрэнжавын энэ мэт булхайг АТГ шалгаж эхэлсэн юм билээ. Гэвч тэрбээр өөрийн төрсөн дүүгээ АТГ-т өгчихсөн гэх мэдээлэл байгаа бөгөөд хөвсгөлчүүд ч түүний хууль бус үйлдлийг хараад сууж чадахгүй гэдгээ хэлж, 10 гаруй хуудас нотлох баримтыг АТГ-т хүргүүлсэн гэнэ. Бид энэ тухай эргэн мэдээлэх бөгөөд түүний эхнэр, дүү нар нийлж Хөвсгөл аймгийн ямар ямар газрыг гартаа оруулсан талаархи мэдээллийг цувралаар хүргэх болно.

А.Ариунгэрэл