ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн төслийн салбар хөгжил хөтөлбөрийн III, IV, V төслийн удирдагч Б.Булганчимэг нар 03 дугаар сарын 03-ны мягмар гарагт Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх сумдад ажиллалаа.

 ЭМЯ-аас энэ жилийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбоотойгоор тус аймаг ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаатай танилцах, Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийг танилцуулах зорилготой явсан билээ.

 Архангай аймгийн Хотонт сум “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд маш олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Хотонт сумын эмнэлгийн Их эмч Д.Эрдэнэбулган “Бид энэ онд эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийх ажлуудыг төлөвлөн хийж хэрэгжүүлж эхлээд байна.

 Тухайлбал, хүүхэд эхчүүдийн эрхтэн тогтолцооны эмгэг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгийг чанартай зохион байгуулж, өвчлөлтийн төвшинг тогтоож, эмчлэх эрүүлжүүлэх ажлыг нэгдсэн эмнэлэгтэй хамтран хийнэ. Эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор ажилчдын дунд болзолт уралдаан аян зарлаж, эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд эх хүүхдийн тусламж, яаралтай тусламжаар дээд шатлалын эмнэлгүүдээс сурагч багш, “Зочин эмч” урьж ажлын байрны сургалт хийлгэж эмч ажилчдын чадавхийг дээшлүүлэх гэх мэт олон ажил хийхээр төлөвлөөд байгаа” хэмээлээ.

alt 

 Хотонт сумын засаг даргын өрөөнд байдаг жирэмсэн эхийн мэдээллийн самбар

Тус сум “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилд маш их ач холбогдол өгч ажиллаж байгаа нь харагдаж байсан юм. Учир нь Хотонт сумын Засаг дарга нь албан өрөөндөө “Жирэмсэн болон 0-24 сартай хүүхдүүдийн байршлын схем мэдээлэл” гэсэн самбар байршуулан дээр нь аль багт нь хэдэн эх жирэмсэн болон нярай байгаа талаар мэдээллийг байрлуулж, тэндээс мэдээлэл авдаг болсон байлаа.

Мөн багийн түргэн тусламжийг сайжруулах үүднээс эмч нарыг унаатай болгох, сумын эмнэлгийн төрөх өрөөг камержуулах хөрөнгийг “Орон нутгийг хөгжүүлэх сан”-аас гаргахаар болжээ. Хотонт сумын Засаг дарга Д.Батбаатар” Одоогийн байдлаар манай суманд төрөх насны 1000 гаруй эх байгаа.

 alt

Архангай  аймгийн хотонт сумын эмнэлэгт дулаан хөнжил, дусал тохируулагч аппарат гардуулав

 Яг одоо жирэмсэн 40 гаруй хүн байгаагаас энэ сард төрөх нь таван хүн байна. Энэ мэтээр би жирэмсэн болон төрсөн эхчүүдийн мэдээллийг сайн авч, анхаарлаа хандуулан ажиллаж байгаа” гэсэн юм. Тус суманд хүүхдийн эндэгдэл нэг гарсан бол хоног болоогүй нас баралт хоёр гарчээ. Сүүлийн гурван жилийн хувьд хүүхдийн эндэгдэл тасралтгүй гарсан учир “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-д маш их ач холбогдол өгч ажиллаж байгааг сумын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд онцолж байлаа. 

 alt 

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  эмнэлгийн жирэмсэн эхийн мэдээллийн самбар

 Төвшрүүлэх сумын хувьд “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд жирэмсэн эхчүүдийн эхний гурван сартайд хяналтад авч, үзлэг шинжилгээнд хамруулж, эрсдэлтэй жирэмсэн эхийг хоёр дахь шатлалд шилжүүлж эмчийн үзлэг дүгнэлтийг хийлгэх, эхийн тусламжийг сайжруулахаар сайн туршлага, шинэ санаачилга нэвтрүүлсэн байх зэрэг ажлуудыг хийжээ. 

 Мөн алдсан алдаа, сайн туршлагаа бүртгэн Эрүүл мэндийн газарт мэдээлж хэвших, сар бүр эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний талаархи хийсэн ажлынхаа тайланг мэдээлж байхаар болсон байна. Тус сум сүүлийн таван жилийн хугацаанд нэг ч эх эндээгүй, сүүлийн гурван жилийн хугацаанд нэг ч хүүхэд эндээгүй амжилт гаргасан гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа онцолж байсан юм.

alt 

 Архангай аймгийн сумдын “Эх, хүүдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд хийж буй ажил болон хийхээр төлөвлөн ажиллаж байгаа явцтай ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл танилцахын зэрэгцээ сумын эмнэлгүүдэд дутагдалтай байгаа дулаан хөнжлүүдийг гардуулан өглөө. Харин Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн төслийн салбар хөгжил хөтөлбөрийн III, IV, V төслийн удирдагч Б.Булганчимэг төсөл хөтөлбөрүүдээ танилцуулахын ялдамд яаралтай түргэн тусламжийг сайжруулах үүднээс Солонгос улсад үйлдвэрлэгдсэн автомат дусал тохируулагч аппаратуудыг гардууллаа. 

 Энэ мэт сумдын Засаг дарга нар нь хэчнээн эх төрөх болон жирэмсэн байгааг судалдаг, хэчнээн эхийг эргэж тойрох, үзлэг шинжилгээ хийх хэрэгтэй гэдгийг мэддэг болсон нь энэ жилийг ЭМЯ-наас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан нь нүдээ олсон ажил болжээ гэдгийг харж болохоор байлаа.

alt