Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурал­даанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Тогтоолын төсөлд Монгол Улсыг чиглэсэн нислэгийг дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн тусгасан аж.

Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэхүү зорилт биелэх боломжтой эсэхийг асууж байлаа. Учир нь, хэрвээ дотоод нөөц бололцоо нь зорилтыг хангаж чадахгүй бол гадны компаниудад үүдээ нээх вий гэсэн болгоомжлол байгаа гэнэ.

Харин ажлын хэсгээс “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын иргэ­ний агаарын тээврийг өргөжүүлэх талаар заасан. Мэдээж энд хүрэхийн тулд том зорилт тавьсан” хэмээн тайлбарлаж байв.

Монгол орон далайд гарцгүй учраас гишүүд “МИАТ” компанийн хувьч­лалын асуудлаар нэлээд нухацтай ярилцаж, салбарын яамны мэргэжилтнүүдээс сонирхсон асуултдаа хариулт авсан. Хамгийн гол нь, хувьчлалын асуу­дал­т­ай зэрэгцэн өнөөдөр олон нийтийн анхаарлыг татаад байгаа МИАТ-ийн удирдлагуудтай холбоотой мөнгө угаасан гэх хэргийн гогцоо яагаад үүссэн тухай ч дурдагдаж байв.

Түүнчлэн МИАТ-ийн парк шинэчлэлд зориулж онгоц худалдан авах хүсэлт ирүүлснийг ч гишүүд дэмжсэнгүй.  

Тухайлбал, УИХ-ын ги­шүүн С.Одонтуяа “МИАТ” компани “Чингис” бондын мөнгөнөөс дөрвөн онгоц авах хүсэлт тавьсан байна. Хэрвээ бондын мөнгөөр онгоц авах гэж байгаа юм бол ком­панийнх нь хувьчлалын асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт ““МИАТ” компанийг олон улсын нэр хүнд бүхий авиа компанид менежментийн хувьчлалаар өгөх нь зүйтэй” гэв.

Гэтэл Ц.Даваасүрэн гишүүн “Үндэсний аюулгүй байдлаа бодож үндэсний авиа компанитай байх хэрэгтэй. Тэр байтугай онгоцны тоог нэмж, ачаа тээврийг ч хөгжүүлэх ёстой. “МИАТ” компанид муу дарга тавьсан нь төрийн алдаа. Энэ компанийг гадныханд хувьчилж хэрхэвч болохгүй. Жишээлбэл, би хэрвээ хүний морь, машин унаж явтал тэр хүн юмаа авчихвал явган л хоцорно. Түүнтэй адил гадныханд хувьчлах нь буруу. Төрийн мэдлийн хувь 51 биш 70 хүртэл байх ёстой” хэмээсэн.

Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ““МИАТ” асар их мөнгө залгидаг. Тийм атлаа ашигтай ажилладаггүй. Хувьчилсан тохиолдолд  төр 51 хувиа авч үлдэх ёстой. Төрийн оролцоо дангаараа байвал идэж, уудаг явдал ч зогсохгүй. Ер нь, гадныхныг хугацаатайгаар менежментийн гэрээгээр ажиллуулах хувилбар бас байж болно гэж үзэж байна” хэмээв.

Зам тээврийн сайд А.Гансүх “Энэ хувьчлал гэнэт одоо яригдаж байгаа юм биш. Одоо хэлэлцэж буй тогтоолын төсөлд төрийн эзэмших хувийг 51-ээс доошгүй гэж тусгасан. Үүнээс доошгүй гэдэг нь түүнээс дээш хэдэн хувь ч байж болох бөгөөд УИХ-ын гишүүд хэлэлцэн шийдэх байх” гэлээ. Тогтоолын төсөлд тусгасан дээрх заал­тыг гишүүдийн олонх дэм­жин саналаа өгсөн. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэл­цүүлгийг хийхээр тогтлоо.