Украины хямралаас үүдэлтэйгээр Орос, Америкийн хооронд өрнөөд буй хурцадмал харилцааг олон улсад хэдийнэ хүйтэн дайны үргэлжлэл буюу худалдааны дайн хэмээн нэрлээд эхэлжээ.

Сөргөлдөгч талууд ээлжлэн худалдааны хориг арга хэмжээнүүдийг ар араасаа авч эхэлснээр энэ "дайн" Европ бараг бүхлээрээ АНУ, Латин Америкийн орнууд, Азийн өндөр хөгжилтэй орнууд, Хятад, Энэтхэг татагдан ороод байна.

Хятад, Оростой хөршийн харилцаагаа сэргээж хойд хөрш рүүгээ гаргах хүнсний бүтээгдэхүүнийнээ хэмжээг нэмж байна гэдэг нь манай улс ч мөн зохих хэмжээгээр энэ дайнд оролцож байна гэсэн үг юм.

Хэний эсрэг хэний талд гэдгийг томьеолох аргагүй ч улс орнууд хүссэн хүсээгүй худалдааны дайнд өртөж эхэлсэн нь нэгэнт ил болжээ.

Энэ дайнд хохирогч болсон орнууд байхад хожиж байгаа нь ч байна.

Жишээлбэл Оросын аварга том зах зээл дээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн өрнөдийн компаниуд олон сая, тэрбумын алдагдалд орж байхад тэдний орон зайг эзлэхээр БРИКС болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүд, Латин Америкийн АНУ-тай хүйтэн харилцаатай орнууд зүтгэж байна.

Өөрөөр хэлвэл “хүйтэн дайн” гарцаагүй “худалдааны дайныг” өрдөж байна.

Энэ бүгд сайн үр дагавар авчрахгүй хэдий ч худалдааны сөргөлдөөн явсаар жинхэнэ дайныг өдөөчих эрсдэлийг гарцаагүй дагуулдгийг мартаж болохгүй юм.

Манайх шиг гуравдагч хөршийн бодлоготой, тэдгээртэйгээ бас элгэмсэг сайн харьцаатай орны хувьд бол дээрх нөхцөл байдал нь боломж ч, эрсдэл ч дагуулж байгаа юм.

“Одоо гарч буй боломжийг бид алдаж болохгүй” гээд эргэлзээгүй дайрах нэг нь байхад, “хамаагүй зүтгэж байж өөрсдөө хориг арга хэмжээнд орчихвий” гэж болгоомжлох өөр нэгэн ч бий. Одоо “муу эр дайнд хөөрнө” гэдэг л болчихгүйн төлөө хатуу тооцоотой алхах цаг ирээд байгаа юм. Хүйтэн дайн гэж ийм л ацан шалаануудын сүлжээ.