Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Журамд зааснаар дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батална.  Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байна. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижилуулж, цэцэрлэгжүүлсэн  байх ёстой.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 408 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Тодорхой шаардлагад нийцсэн, хотын үзэмжинд өнгө нэмэх ТҮЦ-тэй журам хэрэгжиж эхэлсэн тул дүүргүүдэд ТҮЦ-ийн загварыг гаргаж, батлуулах ажил явагдаж байна. Батлагдсан загварын дагуу ТҮЦ ажиллуулах эрхтэй иргэд ТҮЦ-ээ өөрсдийн хөрөнгөөрөө шинэчлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.