“АПУ” ХК-ийн гэрээт борлуулагч “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуяг найман сая орчим төгрөгийн бараатай, бэлэн дөрвөн сая төгрөгтэй борлуулалт хийж яваад есдүгээр сарын 15-наас хойш сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Түүнийг эрэн хайх ажиллагааны 15 дахь өдөр буюу есдүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим Налайхаас түүний цогцсыг олжээ. Тодруулбал, талийгаачийг хүн таних аргагүй болгож, Налайхын уурхайд хийсэн байжээ. Цогцсыг гэр бүлийнхнээр нь таниулахад Б.Алтанхуяг мөн эсэхэд эргэлзэж байсан аж. 

Тэгвэл түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуунмод хотоос олсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Мөн талийгаачийн аминд хүрсэн байж болзошгүй сэжигтэнүүдийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.