Хоёр сарын турш үргэлжилсэн “Эрүүл иргэн- Эко хөгжил” дугуйн аялал, амралт зугаалгын хөтөлбөрийн зуны арга хэмжээний хаалтын ажиллагаа 10 сарын 4-ны Бямба гарагт Хүйн долоон худагт болох гэж байна.

Тус хаалтын ажиллагааны үеэр “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ-ийн нэрэмжит 3 насны ангилалт сонирхогчдын уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн зохиогдохоос гадна сонирхогчдын дунд нөхөрсөг сагсны тэмцээн, бага насны хүүхдийн дугуйн уралдаан, экстрем спорт болон дугуйт тэшүүрийн сонирхолтой үзүүлбэрүүд тоглогдох юм байна.

Зуны хаалтын арга хэмжээтэй үргэлжилэн тус байгууллагын хамт олон “Эрүүл иргэн- Эко хөгжил-2” өвлийн амралт зугаалгын цогцолборын бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Энэ жил Хүйн долоон худгийн зориулалтын талбайд нийтийн цас, мөсний хотхон, мөсөн коток, гүйлтийн цанын зам, сноубоардын бартаат зам, хүүхдийн чарганы замыг стандартын дагуу барьж байгуулахаар болсон байна. Нийслэл хотынхоо иргэдийг эрүүл, цэнгэг агаарт бага зардлаар тохилог орчинд амарч зугаалуулах нөхцөл боломжоор хангахыг хичээн ажиллаж байгаа тус байгууллагын хамт олонд өвлийн спорт сонирхогчид болон холбоод, клубууд талархалтайгаар хүлээн авч дэмжин ажиллаж байгаагаа хэлж байсан юм.