Улс төрийн намуудын бүлэглэл, УИХ, Засгийн газар иргэдийг мадалж дуусахгүй нь. Олон сайхан амлалтаар иргэдийг хуурч төрийн сэнтийд заларчихаад, гарсан хойноо түүнийгээ мартчихдаг муухай зантай.

Үүний нэг тод илрэл нь иргэн бүрт очих 1072 ширхэг хувьцаа. Өмнөх Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгох шийдвэрийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд гаргаж байв. Өөрөөр хэлбэл, тус компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд, дараагийн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд, 20 орчим хувийг хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэрийг гаргасан. Гэвч өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Иргэн бүрт хуваарилагдсан 1072 ширхэг хувьцааг одоо худалдан борлууллаа гэхэд сая төгрөг хүрэхгүй. Иймд цаг хугацааны хувьд 2-3 жил хүлээх хэрэгтэй байна. Энэ хооронд төмөр зам, автозам, угаах үйлдвэр, цахилгаан станц зэрэг таван зүйлийг хийж хэрэгжүүлнэ. Энэ таван зүйлийг хийгээд нүүрсээ гаргаснаар иргэдийн хувьцааны үнэ өснө гэсэн бодлогыг Засгийн газар барьж байгаа” гэж мэдээлсэн нь иргэдийг анхнаасаа хуурч байсныг гэрчлээд өглөө. Тэгэхээр иргэд магадгүй дараагийн засаг төр солигдох торгон агшинд хувьцаагаа борлуулж, нэг сая төгрөгөө авах болж байна. Магадгүй авч чадахгүй ч байж мэднэ. Үүнд зөвхөн иргэд ч хэлмэгдээгүй, аж ахуй нэгжүүд хууртагджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр “Засгийн газар сонгуулийн өмнө компаниудад сая төгрөгийн хувьцааг зараад цуглуулчихсан. Ингэснээр 29 тэрбум төгрөг бүрдсэн. Энэ мөнгө Төрийн өмчийн хорооны дансанд байгаа” хэмээв. Харин тэдгээр компаниуд хувьцаагаа эргүүлж өгөөд мөнгөө авах саналтай байгааг тэрбээр мөн дуулгалаа.

Иргэдэд уул уурхайн баялагаас тэгш хүртээнэ гэдэг биелэшгүй үлгэр 2008 оны сонгуулиар анх гарсан. Одоо даруй таван жил болж байна. Тэр үед МАН иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлнээр, АН нэг сая төгрөгийн хувьцаа олгохоор амлаж байв. Дөрвөн жил иргэдийг хошгоруулсны эцэст "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн шүүсийг шахаж, байсан хөрөнгийг нь улсын төсөв болон Хүний хөгжлийн санд татан төвлөрүүлсэн. Энэхүү хөрөнгийг 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган орчим иргэн тус бүрт нэг сая төгрөг олгох замаар зарцуулсан юм. Өмнөх Засгийн газрын хувьд амлалтаа биелүүлсэн гэж үзээд өнөөдөр сөрөг хүчний байр сууриар асуудлыг шүүмжлээд сууж байна.

Тэгвэл саяхан Уул уурхайн сайд Ч.Ганхуяг нэгэн ярилцлагатаа, “Иргэд тавдугаар сарын 20-н гэхэд нэг сая төгрөгөө авах уу, 1072 ширхэг хувьцаагаа авах уу гэдэг сонголтоо хийчих. Тавдугаар сарын 20-нд эхний ээлжийн арилжаа явагдаад дараа дараагийн IPO хийгдэх хугацаанд иргэд эх орныхоо хувь хишиг болсон өвөг дээдсийн маань өвлүүлээд үлдээсэн энэ баялагт эзэн суух эрхийг засаг нь олгосон юм шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” хэмээн ярьжээ. Инээдтэй ч юм шиг. Засгийн газрын салбар эрхэлсэн сайд, Ерөнхий сайд хоёрын үг энд зөрж байна. Хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг ч мэдэх аргагүй юм. Иргэдийг 1072 ширхэг хувьцааныхаа үр шимийг гурван жилийн дараа ав гэж хэлээд сууж байгаа Ерөнхий сайдынх нь үгэнд итгэхээс өөр яах билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу