Хорвоо дээр сонин хачин зүйл олон. Манай улсад ч гэсэн сонин хачин хүмүүсийн тухрай элдэв яриа дуулдаж л байдаг. Тэгвэл 1990-ээд онд ард иргэд хийгээд төр засгийг хүртэл мунхруулж, хуурч байсан Б.Өнөрмаа бүсгүйн тухай түүхийг хүргэе.

Энэ бүсгүй юугаараа содон онлогтой байв гэхээр бүсгүй амнаасаа гал гаргадаг, түүгээрээ олонд алдаршиж танигдсан бүсгүй байсан юм.

1990-ээд онд биеэсээ гал гаргах "увидастай" Б.Өнөрмаа бүсгүй хаа сайгүй гал гаргаж, манай АИХ-ын депутатаас авахуулаад эрдэмтдийн амыг ангайлгаж байлаа. Тухайн үед авъяас чадварыг нь үнэлэн улсаас байр өгч, Анагаахын дээдэд суралцах эрхийн бичгээр хүртэл шагнаж байсан гэдэг. Гэвч Б.Өнөрмаа бүсгүйн мандан бадралын үе Д.Олдох нарын эрдэмтдийн "эсэргүү туршилт"-аас болж үгүй болсон юм.

Д.Олдох нарын эрдэмтэд Б.Өнөрмааг залилагч болохыг нь тогтоож байсан юм. Ингэхдээ Б.Өнөрмааг II эмнэлэгт тусгаарлан хэвтүүлж, биеэсээ "гал гаргах" бүрт нь ажиглалт хийж байжээ. Б.Өнөрмаа биеэсээ хэдэнтээ "гал гаргасны" дараа ариун цэврийн хэрэглэл дотроо нуусан шүдэнз нь дуусч, гал гаргах боломжгүй болсон. II эмнэлгийн тусгаарлах өрөөнд гаднаас нэмэлт шүдэнз оруулах боломжгүй байсан учраас тэрээр дахин гал гаргаж чадалгүй илчлэгдсэн гэдэг. Тэгвэл Б.Өнөрмааг барьж өгсөн Д.Олдох эрдэмтэн өнөөдөр ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа гэдгийг дуулгая.