2008 оноос 6 настай хүүхдүүдийг сургуульд явуулах болсон билээ. Гэвч, энэ нь араасаа олон ноцтой асуудлыг дагуулсан юм.

Тухайн үед зургаан настнуудыг хүлээн авах бэлтгэлийг сургуулиуд нь бүрэн хангаагүй, олон ч сургуульд тэдэнд зориулсан сандал, ширээ, жорлон үгүй байсан гэдэг. Үүнээс гадна, зургаан настнуудад хичээл заах багш нарыг сайтар сургаж бэлдээгүй гэдгийг шүүмжилж байв. Хэрэв багш нь жаахан хүүхэдтэй харьцаж сураагүй аваас юугаа заах билээ. Тэгвэл, энэ нь үнэн байж магадгүй гэдгийг эх сурвалж өгүүлжээ.  

Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч лаборатори сургуулийн багш нь хүртэл бяцхан шавиа зоддог гэнэ. Tungalag.mn сайтад энэ талаар доорх мэдээллийг хүргэжээ.

Орхон аймгийн Лаборатори 8 дугаар сургуулийн түүх нийгмийн багш н.Түмэнцэцэг 10 г ангийн сурагч 27 хүүхдийг гэрийн даалгавар хийгээгүй гэдэг шалтгаанаар шалны модоор зодсон байна. Зодуулсан сурагчид эцэг, эхдээ хэлж, зодуулсан гэмтэлээ үзүүлснээр асуудал сөхөгджээ. Түмэнцэцэг багш зөвхөн 10 г ангийн сурагчдыг зодоогүй бөгөөд дараагийн ангидаа ч мөн ийм үйлдэл гаргасан нь хүүхдүүдийн гэрчилснээр тодорхой болсон аж. Иймээс сургуулийн захиргаа тухайн багшид арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Наймдугаар сургуулийн багш нарын хүүхдэд хатуу гараар хандсан хэрэг үүгээр дууссангүй. Зургаан настан хүүхдүүдийг энэ намар хүлээж авсан 1 а ангийн багш н.Уранжаргал сурагчийнхаа толгой руу зангидсан гараараа цохиж, ёс бус харьцсан явдал ч хариуцлага нэхэж байгаа юм.

Цохиулсан хүүхдийн ээж, аавын хэлж байгаагаар хүүхэд тэр оройдоо халуурч, дахиж хичээлдээ явахгүй гэсэн аж. Харин уг хэргийг хүүхдийг өөр ангид шилжүүлж, багшид сануулах арга хэмжээ авсан төдийгөөр өнгөрч байгаад харамсч буй эцэг, эхчүүд олон байгаа юм байна.

Тэдний төлөөлөл манай цахим сонины утсанд холбогдож, “-6 настан хүүхдийн үгийг үг гэж тоохгүйгээр тэдний эрх ашгийг хохироосон багшийн толгойг илээд өнгөрч байгааг эсэргүүцэж байна. 10-р ангийн сурагчид хүн, 1-р ангийн хүүхэд хүн биш үү. Ингэж хүүхдийг ялгарлан гадуурхаж болохгүй. Өөрийгөө илэрхийлж чадахгүйг нь ашиглаж, хүүхдийг дээрэлхээд өнгөрч болно гэсэн санааг Эрдэнэтийн боловсролын салбар өөгшүүллээ. Хуулийн дагуу бол өөрийгөө хамгаалах чадваргүйг нь далимдуулж үйлдсэн хэрэг илүү хүнд зүйл заалттай байдаг. Үүнийг ядаж санаж сэрэх хэрэгтэй. н.Уранжаргал багшийг бид тодорхой хугацаанд мэддэг болсон. Эцэг, эхчүүд энэ асуудлыг ингээд орхиж болохгүй” гэсэн юм.