Хуулбарлан тараахыг хориглоно

Машин гэдэг өнөөдрийн хувьд тансаг хэрэглээ бус өдөр тутмын ажил амжуулдаг хэрэгцээ болсон болохоор хүн болгон л дор бүрнээ унаатай болохыг эрмэлзэнэ. Энэ жишгийн дагуу Сэрээтэр бусдын адил ажил албандаа хэрэглэхээр "Рrius-10" машиныг хямдхан үнээр авчээ. Хэдийгээр "Рrius-10" машин нь загвар хийцийн хувьд гологдсон, он хуучин тэрэг гэлээ ч Монголын эрс тэс уур амьсгалд арай дээр зохицсон унаа аж. Хос хөдөлгүүртэй машинууд, тэр тусмаа "Рrius" загварын машинуудаас арай дөнгуүр нь эхэн үеийн загварын энэхүү машин байдаг байна. Хэдий он хуучин ч гэлээ ямар ч засвар, сэвгүй машин авсандаа Сэрээтэр тун их олзуурхав. Өглөө эртхэн гараад эхнэр хүүхдээ ажил сургуульд нь дөхүүлж өгчихөөд ажилдаа очтолоо зам зуураа халтуур хийгээд бензинийхээ мөнгийг өлхөн олчихно.

Орой харихдаа ганц нэгхэн хүн аваад халтуур хийчихэд талх, боовныхоо мөнгөөр тасрахгүй. Цалингаас цалингийн хооронд мөчиг тачигхан амьдарч байсан Сэрээтэрийн амьдрал ч дороо өндийгөөд ирэв. Хаа очиж Сэрээтэр өнөөгийн олон монгол эрчүүдийн адил архи дарс уугаад алингаа алдаад байдаггүй нэгэн болохоор амьдрал шагналаа харамгүй өгчээ. Хоёр сар орчмын дараа Сэрээтэр нэг өглөө эхнэр хүүхдээ гарч ирэхийг хүлээнгээ машинаа халааж байв. Дэмий хүлээж байхаар тоосыг нь арчиж байя хэмээн өөрөө өөртэйгээ яриад алчуураа барин нямбайлан зүлгэж байтал машин нь өөрөө урагшаа явчихав. Гайхсан Сэрээтэр "Би араагаа  залгаагүй дээ" хэмээн гүйн машиндаа суун тоормосоо гишгэтэл байшингийнх нь хананд тулаад зогслоо. Араагаа харвал огт залгагдаагүй байх бөгөөд яагаад урагшаа өнхөрснийг тэрээр ерөөс ойлгосонгүй. Энэ явдал ч мартагдаад нэг.ээд хэд хонож байтал бүр гайхалтай зүйл боллоо. Тэрээр ажил дээрээ байж байтал гаднаас орж ирсэн ажлынх нь залуу "Сая таны машин гэнэт өнхрөөд урдаа зогсч байсан машиныг мөргөчихлөө. Нэг хүүхэн гадаа цамнаж байна даа" гэв.

Үгийн зөрүүгүй Сэрээтэр гадаа гартал "Нагriег" маркийн машинтай хүүхэн нүд амаа эргэлдүүлэн угтав. "Машиныхаа карданыг татахад яадгийн, ямбий машин унаж байж хүний машинд сэв суулгачихлаа" гэж хэл амаар зогсоо зайгүй доромжлон "галлав". Нэгэнт л одоо өөрийнх нь буруу учраас Сэрээтэр тэр хүүхний өөдөөс олон юм ярьсангүй. Даатгалаа дуудаж, үнэлгээг нь гаргуулаад салав. "Яагаад унтраастай, дээр нь карданаа татчихсан байсан машин өөрөө хөдлөөд урд талдаа нэлээд зайтай зогсч байсан машиныг мөргөчихөв" гэсэн бодол Сэрээтэрийг хэдэн өдөр зовоов. Ядаж байхад бага охин нь сүүлийн хэдэн өдөр цэцэрлэгтээ явахдаа аавынхаа машинд суунгуутаа эг маггүй уйлаад байдаг. Эхнэр нь охиноо загнаж "Цэцэрлэгтээ явахгүй гэсэндээ шид үзүүлж байгаа юм, хэн чамайг харж ажлаа алдах юм" хэмээн тас загнаж байгаад цэцэрлэгт нь оруулж өгнө. Гэхдээ тэрээр машинаас буугаад цэцэрлэгтээ орохдоо уйлж унжихаа больж, хөөрхөн бумбагар гараараа аав ээж хоёроо "баяртай" гээд үлддэг байлаа. Харин Сэрээтэр энэ явдлыг хэдэн удаа давтагдсаныг анзаарч анх удаа машиндаа сүнс сүүдэр байгааг ойлгож эхэллээ. Гэвч эхнэртээ яаран хэлэхийг хүссэнгүй.

Байдлыг харж хэдэн өдөр явав. Гэтэл бүр дордсон явдал боллоо. Тэрээр нэг өдөр дугуйгаа хийлүүлэхээр дугуй засварын газар очжээ. Урд нь нэг машин байсан болохоор бууж, тамхилав. Гэтэл асаатай байсан машин нь хэн нэгэн арааг нь түлхсэн юм шиг өөрөө явсаар Сэрээтэрийг мөргөн, бүр дээгүүр нь гарч орхижээ. Тэгээд тэр чигээрээ явсаар дугуй засварын жижиг амбаарыг мөргөөд зогсчихов. Машин нь өрөөсөн хөл дээгүүр нь гарсан учир шилбээрээ хугарчээ. Гэмтлийн эмнэлэгт очтол хадахаас өөр аргагүй бэртсэн байлаа.   Ингээд   тэрээр   14 хоног эмнэлэгт хэвтээд гарсны дараа машинаа зарах тухай эхнэртэйгээ зөвлөлдөж, хэдэн өдөр Да хүрээгээр эргэлдсэний хүчинд 5 сая төгрөгөөр заржээ.

"Авсан өгсөндөө өлзийтэй байг" хэмээн ерөөл хэлээд машиныг нь унаж одсон залуу ердөө долоо хоногийн дараа муу мэдээ дуулгав. Шинэ эзэн нь машиныхаа өвлийн тос, маслыг солиулахаар авто засварын газар очоод орохоо хүлээн дугаарлаж байжээ. Машинаа асаалттай орхичихоод автозасварын газрын үүдэнд хүнтэй ярилцаад зогсч байтал машин нь өөрөө хөдлөөд яах ийхийн зуургүй шинэ эзнээ ханатай хавсраад мөргөчихөв. Хэн нэгэн хааз нэмээд хурдаараа ороод ирсэн юм шиг хүчтэй мөргөсөн учраас жолооч залуу ухаан алдан унажээ. Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд дотуур бэртэл ихтэй, цус их алдсан учраас амьд үлдсэнгүй. Харин тэр үеэр Сэрээтэр машинаа зарсан мөнгөөрөө хэр таарсан машин авах гэж байгаад өөрийнх нь зарсан машин тэнд мөн л зарагдах гээд зогсч байгааг хараад очиж уулзан, энэхүү явдлын учрыг мэджээ. Эхнэр нь уйлан хайлан "Нөхөр маань машинтай болмоор байна гэсээр байгаад хүн амьтнаас зээлж машин авсан юм. Одоо өр шир нь нэхэгдээд байгаа учир зарахаас өөрарга алга даа" гэж учраа хэлжээ. Сэрээтэр "Миний зарсан машин" гэлтэй биш, хэлээ хазаад замаа хөөжээ.

Машин үзэж яваад эргээд иртэл хоёр оюутан залуу өөрийнх нь зарсан машиныг ихэд сонирхож байгаа бололтой. Яриаг нь сонсвол хэн нэгэн рүү яриад мөнгөө аваад ир, машинаа олчихлоо гэх аж. Юутай ч шинэ эзэн нь оюутан болсныг нүдээрээ харсан Сэрээтэр хэзээ муу мэдээ дуулдах бол гэхээс яс нь хавталзана. Хэд хоногийн дараа тэрээр телевизээр мэдээ үзэж суутал Замын цагдаагийн газрын нэгэн хошууч мэдээлэл хийж байлаа. Тэрээр ярихдаа "Хүмүүсийн санамсар болгоомжгүй байдлаас болж авто ослын хэрэг олноор гарах боллоо. Автомашинаа засахдаа машинаа бүрэн унтрааж, эсвэл аюулгүй байдлыг нь сайн шалгаж байх хэрэгтэй байна" гээд нэгэн  залуугийн  эмгэнэлтэй хэргийг ярьжээ. Дүрсэн дээр өөрийнх нь машин харагдах бөгөөд авсан шинэ эзэн нь залуу хүмүүс юм болохоор урд гуперэн дээрээ гоёлын наалт нааж байтал гэнэт машин нь хөдлөөд дайраад амь насыг нь хөнөөчихсөн байна. ЗЦГ-аас гаргасан ослын дүгнэлтээр "Машин асаалттай байсан учраас өнхөрч, уруу газарт хурдаа нэмснээр хохирогч залуу дайруулж газар дээрээ нас барсан" гэв. Ийнхүү зарагдсанаасаа хойш хоёр ч хүний аминд хүрчихсан "алуурчин" машин нь дараа ямар хүнд зарагдах бол гэхээс тэрээр яс нь янгинаж, цус нь царцах шиг боллоо. "Уг нь хий үзэгдэл, сүнс сүүдэр чинь харагдаж үзэгддэг гэдэг дээ.

Тэгэхэд энэ машинд ямар ч элдэв янзын зүйл байдаггүй мөртлөө цаазын ял гүйцэтгээд байгаа нь аймшигтай юм" хэмээн бодсон Сэрээтэр машинаа хаана байгааг сураглажээ. Гэтэл оюутан залуугийн аав ээж хоёр нь машиныг нь аваад Дорноговь руу гараад шидчихжээ. Сэрээтэр битүүхэн сураг тавьсан ч ямар нэгэн муу мэдээ дуулдахгүй байсан учир өөртөө болон өнөө хоёр залууд тохиолдсон явдлыг золгүй явдал байж хэмээн мартах тийшээ ханджээ. Нэг өдөр зарын сонин шүүрдэж суутал "Хямдхан "Рпиз-10" машин зарна" гэсэн зар байхаар нь сониучирхан залгавал нас барсан оюутан залуугийн аав байх нь тэр. Харин хэд хоногийн дараа "Рrius-10" машин нь хотын гудамжаар сүнгэнэн давхиж явахыг Сэрээтэр олж харжээ. Гүйж очоод машинаа сэлбэг болгоод зар гэж хэлмээр санагдавч хүний сэтгэлд сэв хийгээд яахав хэмээн хэсэг араас нь дагаж яваад ажлаа боджээ. Түүний хэлснээр, хямдхан "Рrius-10" машин зарна гэсэн зар энд тэндээс олж харвал болгоомжлоход илүүдэхгүй гэнэ шүү.

 Одоо цаг сонин