Монгол Улс сүүлийн өдрүүдэд К.Сайран гэдэг нэг дайсантай болж байх шиг. Монгол төрийн нууцыг гадаадад задалж, эх ор­ноосоо урвасан ял үйлдсэнийг нь шалгаж байгаа гэж дуулдах юм.

Шалгах гэхэд нь эмчилгээ хийлгэх хүсэлт тавьж, тэгээд Германд эмч­лүүлээд буцаж ирэхэд нь байцааж эхэлсэн гэж зарим мэдээллийн хэрэгсэлд дурдсан байсан. Үнэ­хээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Монгол Улсыг төлөөлж гадаад улс орнуудад сууж байсан энэ эрхэм Монголын эсрэг ямар хэрэг өдүүлсэн юм бол гэсэн бодол хэн бүхний толгойд хамгийн түрүүнд орж ирэх болов уу. Болсон үйл явдлын мэдээллийг сөхөж харвал Казахстаны нэгэн сайтад тус улсын хүчний байгууллагад ажиллаж байсан нэгэн офицер гадаад улс орнууд дахь өөрийн тагнуулуудаа нэрлэснээс үүдэн K.Сайраныг шалгаж байгаа юм билээ. Уг сайтад тагнуулын мэдээ өгч байсан хүмүүс дунд "К.Сайран буюу нууц нэр нь Алтай. Монгол Улсаас Египетэд суугаа Элчин сайд" гэж бичсэн байснаас шалгах ажиллагаа өрнөсөн сурагтай.

Тэрбээр Египет болон Кувейт улсад Бүрэн эрхт сайдаар томи­логдон ажиллаж байсан хүн. Мон­гол Улсаа төлөөлөн хилийн чина­дад суух хариуцлагатай үүрэг хүлээсэн атлаа улсынхаа нууцад хамаарагдах мэдээллийг казахуу­дад өгч байсан хүн юм болов уу. Ер нь бид түүний тухай юу мэдэх билээ.

Кадырын Сайран гэдэг энэ хүн ардчилсан үзэл бодолтой, гадаа­дад өндөр боловсрол олж, эргээд Монголын гадаад харилцааны салбарт хүчин зүтгэж, бас Баян-Өлгий аймгийнхнаа төлөөлж УИХ-д сууж төр түшилцэж байсан казах гэж дийлэнх олонхи нь мэдэх болов уу. Бас Булангийн орнуудад буюу Арабын ертөнцөд ихээхэн нэр хүндтэй гэж манайхан ярилцдаг. Арабын ертөнц бол дэлхийн ихэнх улс орнуудад ойлгомжгүй газар байсаар ирсэн. Тийм ч учраас адармаатай тэр ертөнцөд нэвтэрч чадах гарц нь, гүүр нь энэ хүн болж байсан гэж учир мэдэх хүмүүс ч ярьдаг билээ. Магадгүй, тухайн улс орныг төлөөлөн Элчин сайдаар сууж буй хүн энэ бүхнийг хийх ёстой хэмээн мэтгэх хүмүүс ч гарч болох юм. Гэвч улс орны харилцаа гэдэг тухайлсан улс орны нэрнээ­сээ гадна хувь хүмүүсийн харилцаа байдаг гэдэг нь маргашгүй үнэн. Хойд Солонгосын хамгийн том дайсан бол АНУ. Хэдэн жилийн өмнө Америкийн хоёр сэтгүүлч эмэгтэй гэрэл зураг авч яваад умардуудад баривчлагдахад тэднийг нэг бол цаазаар авна үгүй бол бүх насаар нь хорино гэгдэж байсан билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон БНАСАУ руу өөрийн биеэр очоод өнөө хоёрыг аваад ирж байсан нь үнэхээр гайхаш төрүүлж байсан. Энэ бол улс орнуудын харилцаа гэхээсээ цэвэр хувь хүмүүсийн харилцааны асуудал байсан юм. Билл Клинтон АНУ-ыг тэргүүлж байхдаа хоёр Солонгосын нэгд­лийг байнга ярьж, хоёр Солонгосыг нэгтгэх Ким Дэ Жуны "Нарны илч" бодлогыг дэмждэг байсан. 2000 оны Сиднейн олимпод хоёр Солонгос анх удаа нэгэн тугийн дор жагсч байсан түүхт үе бий. Тэгэхээр өөрсдийг нь улсынхаа номер нэг дайснаар зарлаж байсан Ж.Бу­шийн өмнөх Ерөнхийлөгч Билл Клинтонд талархалтай хандах учир жанцан умард солонгосчуу­дад байгаа биз. Америк гэсэн улсаар нь бодох юм бол Билл Клинтонд баривчилсан хүүхнүүдээ өгөөд явуулах биш Ерөнхийлөгч асныг нь баривчилж аваад бөөн зүйл болмоор байгаа биз дээ.

Монголчууд өмнөд, хойд хоёр Солонгостой аль алинтай нь ойр дотно байдаг дэлхийн цөөхөн орны нэг. Н.Багабанди Ерөнхий­лөгч БНСУ-тай ойр байгаагаа хэд хэдэн удаа үг хэл, үйлдлээрээ илэрхийлснээс болоод БНАСАУ-ын зүгээс гомдож, 1998 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жуныг Монголд айлчлахын өмнөхөн Улаан­баатар хот дахь Элчин сай­дын яамаа татан буулгаж байсан билээ. Гэхдээ эдийн засгийн байдлаас болж хааж байгаа гэсэн тайлбар өгч байсан санагдаж байна. Харин түүний дараагийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ байдлыг эерүүлэх оролдлого гаргаж байсан бол түүний дараа­гийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНАСАУ-ын удирдагч нь улсдаа айлчлахыг урьсан байх жишээтэй. Улс орны харилцаа гэж томоор ойлгогддог ч үнэндээ хувь хүмүү­сийн харилцаатай шууд холбогд­дог юм.

К.Сайраны олон жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагаас  хара­хад Москвагийн гадаад харилцаа­ны сургуульд түүнтэй хамт сурал­цаж байсан хэдэн араб нөхөд амьдрал дээр  угсаа залгамжлах хунтайж нар байж. Язгууртан га­рал­гүй нь мэдлэг боловсролоороо өндөр албан тушаалд хүрсэн юм уу даа. Ямартай ч К.Сайраны оюутан цагийн нөхөд нь шах болох нь болж, сайдаар дэвших нь дэвш­сэн байжээ. Египетэд түүнийг Элчин сайдаар очиход нь Монго­лын элч төлөөлөгч гэдгээсээ гадна залуу цагийн ээнэгшсэн нөхдийн ёсоор харилцаа нь улам бүр гүнз­гийрсэн гэж ойлгогддог. Мэдээж Булангийн орнуудтай ойртох харилцаа жам ёсоороо явж байсан хэдий ч К.Сайран гэдэг хүний оролцоо байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх л ёстой. Тэрбээр Египетэд Элчин сайдаар сууж байхдаа Арабын олон сангуудын боломж бололцоог судалж үзээд монголчуудыг сургаж суралцуулах цөөнгүй хөтөлбөрт хамруулж байсныг хүмүүс одоо ч хэлдэг. Бас 2004-2008 онд УИХ-д сууж  байх­даа Парламентын ордон барих мөнгийг Арабаас олоод л ирсэн. Парламентын ордноо барих мөн­гийг зүгээр л бэлэглэе гэж байхад нь манайх барих газраа олж чадахгүй өнөөг хүргэсэн нь түүхэнд бичигдэх шилдэг онигоо л доо. Арван хоёр сая ам.доллар тухайн үедээ бага мөнгө биш байсан юм шүү. Сүү өгье гэхэд нь сав алга гээд авахгүй  гүйгээд байгаатай л адил­хан. Харин өнөөдөр тэр хүн төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох дээрээ тулчихаад явж байна. Нарийн ширийнийг нь мэдэхгүй юм. Гэхдээ захын нэг сайт дээр гарсан мэдээллээс болж ардын дайсан болтлоо хэрэг өдөөгдсөн гэвэл харамсалтай. Дэлхий даяар шуугиан тарьсан "Викиликс"-ийн мэдээлэл дээр дэлхийн томоохон гүрний хариуц­ла­гатай албан ту­шаал­тантай хол­боотой мэдээл­лүүд түм бумаараа байсан. Гэхдээ тэр сайт дээр гар­сан мэдээллээс болж, баривчлаг­даж ял хүлээсэн хүний тухай сонстоогүй л байна. Тэгээд ч гадаад харилцааны ажилтнуудад "Бага чулуугаар их чулуу түнших" арга энэ тэр байдаг л гэсэн. Тийм байсныг ч хэн үгүйсгэх билээ.

Яагаад ч юм болж буй үйл явдлын өрнөлийг харахад "Монго­лын төр зүтгэсэн хүндээ халгаа­тай" хэмээсэн энэ Монголын төлөө зүтгэж зүтгэчихээд эргээд улсын дайсан болж алагдсан Ерөнхий сайдын үг санаанд бууна. Одоо ямар 1937 он биш дээ. К.Сайран бол казах үндэстэй Монголын иргэн. "Гар хугаравч ханцуйдаа" гэгчээр цөөхөн монголчууд бид нэг нэгэндээ яс, үндсээр нь ялгаварлан хандамгүй байгаа юм. К.Сайран казахуудынхаа төлөө ч олон зүйл хийж ирсэн нэгэн. Ардчилсан Монгол Улсын хуулиар хүн бүрийн шашин шүтэх эрх нь нээлттэй гэж казахуудаа сэнхрүүлж, нэг намын дарамтаас гарсан манайхан лам хар, христ, бөө мөргөл гэж чөлөөтэй сонголтоороо явсан шиг үндэс угсаа нэг тэдэндээ ч боломж олгосон байдаг. Бас олон залууст Турк, Арабын орнуудад суралцах замыг тавьж өгсөн гэдэг. Тэд өнөөдөр төгсч ирээд Монголд л ажиллаж байна. Баян-Өлгийнхөн өдгөө ингэж ярь­даг юм билээ. "Тэр УИХ-ын гишүүнээр ажил­лаж байх­даа тойргийн сонгогч­додоо бусад шиг гурил будаа, нүүрс тараагаа­гүй. Бид тухайн үедээ түүний би­дэнд нээж өгсөн том боломжийг ойл­гож чадаагүй юм билээ. Зүгээр л өнөө­дөр хэн юу өгч байгааг бодсоноос бүхэлдээ хэн илүү том боломжийг нээж өгснийг ойл­гоогүй" гэж.

2008 оны сонгуульд АН нэр дэвшигчдээ тодруулахдаа ардчил­лын мөн чанарыг мөрдлөг болго­но гэдгээ зарласан бөгөөд намын­хаа анхан шатны байгууллагаас хэн дэмжлэг авч чадна түүнийг нэр дэвшүүлнэ хэмээж байсан билээ. Тэр үед АН-аас УИХ-д байсан хуучин гишүүдээс нь хоёрхон хүн аймгийнхаа намын хорооны хур­лаас гарч чадаагүй нь Дундговьд P.Эрдэнэбүрэн, Баян-Өлгийд К.Сай­ран байсан юм. Одоо баян-өлгийчүүдийн харамсч буйгаар  казахууд К.Сайраныхаа хийж чад­са­ныг үнэлж чадаагүй, өнөөдрийн ганц хоёр уут будаанд хууртсан бололтой байдаг.

Түүн шиг бид өнөөдөр К.Сай­ран хэмээх хүний Монголдоо хий­сэн гавьяаг нь үнэлэхээсээ урьтан буруушааж яллах гээд байх шиг байна. Тэр хүн яг ямар алдаа гаргаад улс орныхоо эсрэг ажилла­сан юм бэ. Гадны сайтын үнэн худал нь батлагдахгүй мэдээллээр сэжүүр болгож байгаа бол харам­салтай л байна. Үнэхээр буруутай байсан бол эмчлүүлэх нэрийн дор зугтчих боломж нь байсан л байл­гүй. Буцаад ирж байхыг нь бодвол нэрээ цэвэрлээд авъя гэж бодсо­ных юм болов уу гэж санагдана. Монгол төрийн төлөө, Монгол Улсын төлөө зүтгэж байсан хүмүү­сийн хийсэн бүтээснийг цэнэ­лэж жин­лэж үзмээр. "Монголын төр зүт­гэ­сэн хүндээ халтай" байх түү­хийг энэ казах эр дээр давтмааргүй байна.