Энэ жилийн хувьд уг өвчний дэгдэлт нийслэл хотод бага байгаа хэдий ч хөдөө орон нутагт тархалт их байгаа талаар мэдээлж байна. Үргүйдэлд хүргэх эрсдэлтэй энэ өвчин агаар болон амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд дулааны улиралд илүүтэй тархдаг.

Ихэвчлэн бага насны хүүхэд өвддөг энэ өвчин  Завхан аймгийн Сонгино суманд дэгдэлт ихтэй байна. Өвчний тархалт зөвхөн сургуулийн насны хүүхдүүдээр хязгаарлагдахгүй, насанд хүрэгчдэд ч бас халдварлаж байгаа нь тус сумын ард иргэд, удирдлагуудын санааг зовоож байгаа тухай мэдээлсэн байна.

Тус өвчин нь агаар дуслаар болон амьсгалын замаар халдварладаг учраас “өвчилсөн хүүхдүүдэд сургууль цэцэрлэгээс нь чөлөө өгч гэрт нь байлгаж байгаа гэнэ. Мөн цуг амьдардаг хүмүүсийг гэрт нь байлгаж хөл хорио тогтоосон” байна.

Уг өвчний шинж тэмдэг илэрмэгц сумын эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч, халдвар тээгчдийн гэрт ариутгал хийжээ. Гэсэн хэдий ч хоёр хоногийн дотор арав  байсан өвчлөгсдийн тоо даруй гурав дахин өссөн нь тархалт маш хурдацтай байгааг харуулж байна.

Энэ талаар хариуцсан, яам, мэргэжлийн хүмүүс тодорхой дорвитой арга хэмжээ авахгүй бол тархалт улам дэгдэж, зэргэлдээ сум, аймгуудад  халдварлахгүй гэсэн баталгаа байхгүй.

Б.Хорлоо