Эрхэм Монгол хүн танд Эрүүл энхийн түмэн жаргаланг хүсье!

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний “Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөр”, Засгийн газрын 2014 оны “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр батлах тухай” 34 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭМЯ-наас 2014 онд арав гаруй бүтээлч ажлуудыг зохион байгуулахаар болсон ба иргэнд чиглэсэн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг хэрэгжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 127 тоот тушаал 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлагджээ.

Эрүүл байх, эрүүл амьдрах гэдэг эмч, эрүүл мэндийн байгууллага, орчны нөлөөллөөс гадна тухайн хүний эрүүл мэндийн боловсрол, эрүүл зан үйлээс ихээхэн хамааралтай болохыг сүүлийн үед их ярих болсон. Хүн бүрийг, айл өрх бүрийг эрүүл амьдралын зөв дадал хэвшилд сургах, зөв мэдээллээр хангах зорилгоор “Эрүүл мэндийн довтолгоо”-г улс орон даяар өрнүүлэхээр болсон байна.

ДЭМБ-аас хүний амьдралын өдөр тутмын дадал хэвшлээс үүдэлтэй өвчлэл, нас баралтын талаар судалгаа гаргасан байдаг. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлдөг хүчин зүйлийг хяналтад авч, хариу арга хэмжээг эрт авч чадваас ийм өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар бууруулдаг болохыг зөвлөсөн байдаг байна. Мөн амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны өвчлөл, чихрийн шижингийн хэв шинж II буюу хүмүүсийн ярьж хэвшсэнээр сахарын өвчнийг 90 хүртэл хувиар ч бууруулах боломж бий. Харин хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулдаг гэдгийг судалгаа, шинжилгээнд тулгуурлан гарсан байдаг.

Амьдралын зөв дадал хэвшил гэж юу юм бэ, өөрийхөө болоод гэр бүлийхээ эрүүл мэндийн төлөө юу хийж байх ёстой юм гэдгийг хүмүүст ойлгуулж, амьдралын зөв дадал хэвшлийг “өглөө босоод ороо хураадаг”-тай адил энгийн зан үйл болгох нэн шаардлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд гэлтгүй энгийн хүмүүс, иргэд ч ярих болсон.

alt

Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга-2014, "Эрүүл амьдрах-Миний төсөөлөл" уралдааны шилдэг бүтээл  

2014 онд Эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлэх бүтээлч ажлын нэг “Эрүүл мэндийн довтолгоо” буюу бүх нийтийн эрүүл амьдрах ухаан, зөв дадал хэвшлийг бий болгох ИРГЭН-лүү хандсан ажлыг хэрэгжүүлэх томоохон хөдөлгөөн юм. Энэ хөдөлгөөнийг 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, сум, өрхийн эрүүл мэндийн төв, тосгон, сум дундын эмнэлгүүд харьяа байгууллагуудын оролцоотойгоор айл өрх, иргэн бүрт хүргэхээр зохион байгуулна.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт, тэдгээрт нөлөөлж байгаа хувь хүний зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлийн тархалт их байгааг эмч, мэргэжилтнүүд мэдээлдэг. Тухайлбал 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь болж нэмэгдсэн гээд дан ганц өөрийн зан үйлээс болж эрүүл мэндээ эрсдэлд оруулж буй тохиолдлын тоо тасрахгүй.

Өвчтөнд л үйлчилдэг эмч, өвдсөний дараа л эмч, эмнэлгийг барааддаг иргэн байснаар өнөөдөр үүсээд байгаа өвчлөлийн байдал, эрүүл мэндийн асуудал шийдвэрлэгдэхгүй. Хүнээ өвдөхөөс нь өмнө зөвлөдөг, заадаг, хянадаг эмчтэй, хүмүүс нь биеэ хайралдаг, эрүүл саруул амьдрах, аливаа өвчлөлөөс өөрийгөө хамгаалах боловсрол, мэдлэгтэй болгох ажлыг өнөөдөр эхлүүлснээр иргэний эрүүл мэндийг дэмжих, эрүүл саруул монгол хүн бүрийн төлөө хийх өртөг багатай том хөрөнгө оруулалт болох юм.

Иргэнийхээ, хүнийхээ эрүүл мэндийг дэмжих “Эрүүл мэндийн довтолгоо”-ны хүрээнд,

• Бүх нийтэд цусны даралт хянах боловсрол олгож, гэртээ цус харвадаггүй улс болох их ажлыг эхлүүлнэ. Албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүд цусны даралтыг хэмжих төхөөрөмжтэй болж, цусны даралтыг хэрхэн хянах, ямар үед хэн, яаж туслах талаар мэдээллийг олгон, эрсдэлийг бууруулж, хүндрэлээс бүрэн сэргийлэх ажлуудыг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ.

• Элэгний хорт хавдрыг илрүүлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг үндэсний түвшинд хийнэ. Үүний зэрэгцээ урьдчилан сэргийлэлт, эмчилгээний зарчмын талаар ард, иргэдэд сурталчилгааг тогтмол хийнэ. • Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлийн онцгой цэгүүдийг тодорхойлж, тэр цэгүүдэд осол гэмтлийн үед үзүүлэх тусламжийн чадавхийг бүрдүүлнэ.

• Иргэний эрүүл мэндийн үндэсний форумыг зохион байгуулж, эрүүл мэндийнхээ төлөө иргэний хүлээх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн иргэдийн өөрсдийн үүсгэл санаачилгаар боловсруулсан “Иргэний эрүүл мэндийн тунхаг”-ийг гаргалаа. Түүнчлэн иргэд эрүүл мэндийнхээ төлөө үүрэг, хариуцлага хүлээдэг болох юм.

• Хувь хүний харуцлагагүй үйл ажиллагаа, болгоомжгүй байдал, нийгмийн асуудлаас үүдэн нярай хүүхэд, жирэмсэн эх эндэж байгаа харамсалтай тохилдлууд гарч байгааг таслан зогсоох үүднээс “Иргэдэд хандсан сэрэмжлүүлэг” гаргаад байна.