Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа. 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн жилийн /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авна.

Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ. Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх тул нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй. Зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байна. Өмнө нь зээлтэй байсан иргэдэд орон сууцны зээл олгосноос хойш долоон сарын дараагаас эхлэн 8 хувийн хүүтэй зээлд шилжиж болох зэрэг зохицуулалтыг журамлалаа.
Журам гарсантай холбогдуулан бусад салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлага үүсч байна. Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны шаардах эрхийн бүртгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн сангийн шинэчлэлийн бодлоготой уялдуулах зэрэг ажлыг холбогдох сайд нарт даалгалаа.
Статистик мэдээллээс үзвэл 2012 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 23.8 хувь, Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байна.