УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МИАТ-ийн хэргийг нуун далдалсан ялд унаж мэдэх нь. Хатуу самрыг хэзээний нэг нүдээрээ ч үздэггүй Ардчиллынхан энэ тухай тодотгож, бас онцлох боллоо.

Учир нь 2010 оны нэгдүгээр сарын 7-нд МИАТ-ийн даатгалын эрсдлийн сангийн хөрөнгө хэн нэгний гараар угаагдаж байгаа тухай Зам тээврийн яамнаас хуулийн байгууллагад хандсан байдаг.

 

Гэвч эл хэрэг чимээгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, АН төрийн эрхэнд гарч, цагдаа хүчний байгууллагынхны удирдлага солигдож байж энэ хэргийг ил гарган, мөрдөж эхэлсэн тухай эрх баригчид том дуугарч байна. Тэдний хэлж байгаагаар тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хэргийг нуун дарагдуулсан ял асууж, хариуцлага хүлээлгэх учиртай гэнэ.



Харин хатуу самар энэ талаар “МИАТ-тэй холбоотой яригдаад байгаа асуудлаар ямар нэгэн бичиг ирж байгаагүй. Тухайн үед хариуцсан яам нь болох Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас  цагдаагийн байгууллагад бичиг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллагад ирж байгаа бичиг болгон надад танилцуулагддаггүй.

 

Ер нь шалгагдаж байгаа асуудал хувь хүнтэй холбогдоод ирэхээр Хууль зүйн сайд тодруулах боломжгүй. Хэрэв энэ талаар яриад эхэлбэл улс төрийн зорилготой болоод явчихна. Хоёрдугаарт, мөрдөн байцаах хэрэг бүртгэх ажлын нууц задарна” хэмээсэн юм. Түүнчлэн хэрэв цагдаагийнхан хэргийг нуун далдалсан гэж үзэж байгаа бол прокурорт хандах боломжтой байсныг ч тодотгосон.

 

Ерөнхий прокуророор АН-ын угшилтай Д.Дорлигжав ажиллаж байсан, өдгөө ч бий. Иймд энэ бол зохиолыг нь сайтар бичиж, гаргууд найруулсан жүжиг ч байж магадгүй гэсэн таамаглал ах намынхны дунд хөвөрч байгаа юм. Нэг ёсны савангийн дуурийг АН-ынхан бичиж, МАН-ынхан хүссэн хүсээгүй туслах дүр бүтээж, хэлмэгдүүлэлтэд өртсөн төдий гэж тайлбарлав.

 

Учир нь хэрэгт холбогдогчдын ихэнх нь Ардчиллынхан атал өөрсдийнхөө хоолойг хэрчиж эхэлсэн нь хачирхал төрүүлнэ. Х.Тэмүүжин сайдын хэлсэнчлэн энэ  хэрэгт улс төр, бизнесийн нөлөө бүхий нөхдүүд оролцоотой байх магадлалтай. Гол нь тэднийг зүгээр орхихгүй гэж өнөөгийн Хууль зүйн сайд мэдэгдэж байсан юм. Тэгвэл хэлсэн үгэндээ хүрч, өөрийн хүмүүсийнхээ толгойг илээд өнгөрөхгүй байлгүй.



МИАТ-ийг англи руу хөрвүүлбэл Mongolian airlines болно. Гэтэл  МИАТ-тэй адил нэртэй “Mongolian Airlines Group” компани байгуулж анхны нислэгээ 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд хийсэн нь анхаарал татна. Улмаар 2012 оны нэгдүгээр сард АН хамтарсан Засгийн газрыг хаалгыг савахын өмнөхөн гадаад нислэгийн эрхээ авсан нь бүр ч хачирхалтай.

 

Түүнчлэн Ц.Нямдоржийн хэлснээр “Монголиан эйрлианс” компанийн онгоцыг Токиод буухад буултын зардлыг МИАТ-ээс нэхсэн тохиолдол гарч байсан гэдэг. Энэ мэтчилэн утасны үзүүрийг хөөвөл учир битүүлэг олон зүйл олон аж. Төрийн өмчит МИАТ-д мөнгө угааж байхад Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, тухайн үеийн салбар хариуцсан сайдаар нь ажиллаж байсан Х.Баттулга, дэд сайд А.Гансүх нар ч мэдэж байсан хэрнээ анхаарлынхаа гадна орхигдуулсан гэхэд бас л үнэмшил муутай.

 

Түүнчлэн тэрхүү мөнгөний асуудал хоёр жилийн дараа “сөхөгдлөө”. Тэгэхээр хатуу самрын хэлсэнчлэн энэ хэрэгт тухайн үеийн салбарын сайд нарыг ч бас холбогдуулан шалгамаар. Учир нь Ц.Орхон Х.Баттулгыг сайд байхад томилогдсон. ТӨХ-ны дарга Д.Сугарын танил ч хэрэгт холбоо сүлбээтэй. Ийм байхад тэднийг тойргийн гадна үлдээх гэж үү.



Нөгөөтэйгүүр, хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байхад МИАТ-ийг хувьчлах асуудлыг хууль тогтоох дээд байгууллага түргэвчилж эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар МИАТ-ийн хувьчлал яригдаж, гишүүдийг талцуулж байна. Алсаас шидсэн чулууг ам руугаа хийчихээд, шүлсээ савируулж суугаа эрх баригчдад ажиглагчид шүүмжилтэй хандаж байгааг анзаарах сөхөө ч алга, тэдэнд.  



Нууц задрахын хэрээр шалгагдаж байсан хүмүүс сугарч үлддэг гэдэг. Дээрх хэрэг нэр нөлөө бүхий албан тушаалтнуудын дэмжлэг, оролцоотойгоор хийгдсэн гэдэг нь тодорхой болж, баримтууд нь эхнээсээ дэлгэгдэж байна. Түүнчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр ч хавчуулагдаж эхэллээ. Ц.Нямдоржийн хэлснээр энэ хэргийг хийсэн гол эздийг нь авч үлдээд золиосны хүмүүсийг шорон руу явуулах юм биш байгаа.  Улс төрөөр эхэлсэн хэрэг тэгж л битгий төгсөөсэй.

 
Л.Нинж