Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж бид бүхний бахархал, омогшил билээ.

Арлын Японд эх орноо таниулж, дэлхийн дайдад суух монгол  түмнээ баясгаж явсан түүнийг “Монголын бахархал” хэмээн нэрлэчихэд маргах хүн үгүй биз.1500 жилийн түүхтэй сумогийн ертөнцөд 25 удаа түрүүлж, түүхэн амжилтын гуравт бичигдсэн нь үнэхээр бахархал бас бардамнал.  

            Тэрбээр 1997 оны намрын налгар өдөр Япон орныг хамтдаа зорьж бага, дунд сургуульд хамт суралцаж мэргэжлийн дэвжээнд цугтаа гарч олон олон дурсамжуудыг бүтээсэн найз асасэкирю Б.Дашнямыгаа дурсах дуртай. Учир нь баяр жаргалаа ярилцаж, ялагдалын нулимсаа хүртэл хуваалцдаг байсан  болохоор сэтгэлд нь хамгийн ойр санагддаг аж. Асасэкирю Б.Дашням сумогийн дэвжээнээ дээд зиндаанд олон жил барилдаж байгаа түүхэн гавъяатай сумочдыг нэг.   

            Их аваргыг зодог тайлах үед түүний чихэнд “Хар багаасаа хамт байсан найз минь чи Монголын бахархал шүү. Хоёулаа хагацахгүй гэсэн дэвжээнээсээ хагацлаа даа” гэсэн үгийг Б.Дашням шивнэсэн нь их аваргын сэтгэлд хамгийн тод үлдэж, мартагдахааргүй дурсамж үлдээсэн хэмээн онцолсон байдаг.

            Ийнхүү хар багаас эхэлсэн тэдний нөхөрлөл их амжилтын дараа ч их нэр алдрын хойно ч үнэ цэнээ алдалгүй, үнэнч хэвээрээ байгаа нь мөнхийн нөхөрлөл гэлтэй.