МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн тэдний нэрийг сонсоогүй, дуулаагүй тэдний дуунд уяраагүй хүн бидний аав, ээж, эмээ, өвөөгийн үед лав  үгүй биз. Учир нь тэд урлагийн алтан тайзнаа 38 жилийн турш хамтран дуулж, хамтын амьдрал зохиогоод мөн л 38 жилийн их ойтойгоо золгож байгаа билээ. Энэ хугацаанд сэтгэлд хүрсэн хэдэн зуун уран бүтээл хэдэн арван тоглолт хийсэн юм.

Түүнчлэн 21 аймгийн 365 сумаар аялан тоглолт хийж, орон нутгийн үзэгч олондоо мэндчилсэн байдаг.  Эрхэм дуучидын анхны уран бүтээл болох “Ханьсах заяа” дуу нь өдгөө ч хуучраагүй дуулагдсаар байгаа билээ. Сайн уран бүтээл он цагийн урсгалд ч онцгойрч үлддэг жамтай. Тэд зууны манлай хос дуучин хэмээн олон түмэнд хүндлэгддэг нь тэдний хөдөлмөр бүтээлийн үр шим гэлтэй. Тэдний уянгалаг хоолой, ятгын эгшиг өдгөө ч биднийг хөглөж яваа.  

Дуучид маань хоёр хүүтэй бөгөөд аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж хөвгүүд гь ч дуучин болсон аж. Түүнчлэн сонирхуулахад, хоёр хүүгийнх нь гэргий ч мөн бүжигчин мэргэжилтэй урлагийн хүмүүс байдаг байна. МУГЖ дуучин С.Вандангийнх  үнэхээр л ерөөлөөр учирсан гэр бүл гэлтэй. Бүгд урлагийн төлөө хөдөлмөр, авъяасаа өргөж явна. Тэдний гаргасан 19 дуунаас бүрдсэн анхны цомогт нь хоёр хүү, ач охинынх нь дуу ч багтсан болохоор гэр бүлийн цомог гэж болохоор гэнэ.