Хаврын улиралд элдэв жагсаал ар араас болдог билээ. Тэгвэл өчигдөр нэгэн сонин эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм. Тодруулбал, Гамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудлаар мэдээлэл хийв.

Тэд энэ үеэрээ Сентерра Голд ХХК-ийн Гацуурт төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болсныг эсэргүүцэж байгаа гэдгээ мэдэгдлээ.

Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай Ноён уулыг ухахгүй байх зайлшгүй шалтгаануудыг танилцуулсан юм. Шалтгаан нь: Ноён уул бол Монголчуудын хоймор, хийморь, шүтээн Ноён ууланд ихэс дээдэс хаадын булш байгаа Ноён уул бол бидний 2200 жилийн омогшил бахархлыг төрүүлдэг газар Ноён уул бол зөвхөн монголчуудын асуудал биш. Ноён уулын асуудал бол Түрэг, Уйгур, Жужан их гүрнүүдийн асуудал Ноён уул бол урт нэртэй хуулийн үйлчлэлд багтсан ойн сайн бүхий газар. Ноён уул бол гол мөрний урсац бүрддэг газар. Ноён уулаас 22 гол урсаж гарч байгаа. Гацууртын ордын орчимд хаан хор гэгдэх хүнцэлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 5,000 дахин их байгаа. Орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Гацууртын ордыг ашиглах одоогийн гэрээгээр улс орон нэг хувийн л ашиг олно.

Иймд энэ ордыг ашиглаж эхэлбэл төр засгаас асуухгүйгээр Ноён уулын булшны тоог нэмнэ хэмээн онцлон анхаарууллаа. Булшийг нэмэх талаар тэрбээр "Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө хүний аминд хүрэхээс ч буцахгүй гэж ойлгож болно" гэсэн юм.

ТББ-уудын зүгээс 2015 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын чуулганаар Гацууртын орд газрыг стратегийн орд болгох шийдвэр гаргаснаар Ноён уулын дархан байдалд халдах боломж бүрдсэн гэж үзэж байгаа гэдгээ ч дурдав.

Мөн Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Гацууртын ордыг олборлож эхэлбэл газрын хөрсний мөнх цэвдэгт нөлөөлж, улмаар тодорхой хүрээнд доргилт үүсэн, булш бунхан устаж, хүнцэлийн хор ялгаран, хүн, мал, хөрс, усыг хордуулж эхэлбэл хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Тиймээс Ноён ууланд гар хүргэхгүй байх хэрэгтэй” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү тэд сэтгүүлчдэд мэдээлэл өгснийхөө дараа МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноож, ялын тогтоолыг уншиж зан үйлдсэн юм. Урьд өмнө нь талбай дээр жагсч эсэргүүцдэг байсан бол өдгөө бөөгийн отогт эсэргүүцлийн жагсаал хийж байгаагүй.