Монгол Улсад дөрвөн жилд нэг удаа болдог томоо­хон үйл явдлын нэг ид өрнөж байна. Монгол төрийн тэргүү­н­ээ сонгох энэ үйл явдал уг нь яавч нам гүм өнгөрөх зүйл биш л дээ.

Гэхдээ Монголд сонгууль улам л нам гүмхэн, анир чимээгүйхэн хийгддэг боллоо. Уг нь ардчилсан хувьсгалын дараагаас монгол хүн жинхэнэ утгаараа сана­лаа өгч, сонголтоо хийдэг болсон. Тэр үед сонгууль тал, тал тийшээгээ салаалж мө­чирлөсөн, бүдүүн мод шиг байлаа. Салаа бүр дээр нь шувууд шулганалдаж, сайн муу бүгдийг нь сонгогчид дуулж, сонгуулийн сураг эр­тээс эхэлж, сонгуулиар ид буцалж, дууссан сонгуулийн анир удтал яригддаг байж билээ. Харин өнөө цагт ши­нээр батлагдсан Сонгуулийн хуулийн заалт бүрт хяргагдаж тайруулсаар сонгууль маань үр жимсээ ч өгдөггүй, навч нахиа ч байхгүй шувтан ёдор мод мэт болж дээ. Соёл урлаг, шашин шүтлэг, овоо тахилга, уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ, эмнэлгийн үйл­чил­гээ, хүүхэд багачууд, гурил будаа, ном сонин гээд салаа мөчир бүрээ таслуулчихаар нээрээ юу ч үлдэх вэ дээ. Аль болох нөлөөлөлгүй, шударга сонгууль хийнэ гэдэг санаа нь зөв боловч хууль баталдаг тэр хүмүүс аль болох өөрсдөдөө таатай, өөрс­дө­дөө боломж нээсэн тэр хувил­баруудыг сонгосоор байгаад хаврын дэлгэрч дэлбээлж байгаа мод шиг байсан чө­лөөт сонгууль маань навчаа байтугай мөчрөө гүвсэн на­мар оройн мод шиг болчих­сон байгаа нь энэ.

Уг нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар хөдөө алсад амьдар­даг монголчууд маань алдартай дуучдыг амьдаар харах ганц боломж олдож, ном зохиолын захаас уншиж, хүүхдүүд санал өгдөггүй ч өөрсдөд нь зориулж хийсэн баярын ганц том эзэд болдог байсан сан. "Сонгууль боло­хоор нэр дэвшигчийн намтар багтаасан сонинууд ирэхэд "Өдрийн сонин"-ыхоо барааг хардаг сан. Хөдөөний бид­нийг өнөөх алдартай "Өдрийн сонин"-той сонгууль анх уул­зуул­даг байлаа. Одоо ч өн­гөрч дээ" гэж хөдөөний ун­шигч маань гомдол мэдүүлэн ярьсан нь оргүй зүйл биш ээ. Сонгуулиар нэр дэвшигчдийн тарааж байсан ном сонингууд олон хүний оюуны бүрэнхийд гэгээ татуулж, тэдний үр хүүх­дүүдэд номонд татагдах их буяныг хийснийг хэн үгүйсгэх билээ. Гэвч өөрийн өнгө бу­даг­тай өмнөх сонгууль алга болжээ. Үүнийг үе, үеийн улстөрчид үгүй хийсэн юм. Аль болох өөрсдөдөө амар хялбар байж болох бүх хувил­барыг шударга сонгууль зо­хион байгуулах нэрийн дор бэлтгэсэн. Хуучин хүмүүстээ ашигтай, шинэ тутам улс­төрч­дийг гаргаж ирэх болом­жийг хаасан хуулийн заал­туудыг шигтгэсээр. Энэ нь өөрсдөө суудал дээрээ удаан сууж, шинээр цус сэлбэхийг хаасан хэрэг л дээ. Хуучин улсад байтугай аймагт, аймагт бай­тугай сумынхны тал нь ч танихгүй хүн гараад ирж бол­дог байв.

2000 онд Л.Гүнда­лай гээд хөдөөд бай­тугай хо­тод хүн танихгүй Гер­ма­наас дөн­гөж шахам ирсэн залуу сон­гуулийн сурталчил­гааны үеэр нисдэг тэрэг хө­лөг­лөж явсаар байгаад га­раад ирж л байлаа. Энэ нь огт танигд­даг­гүй хүмүүст ч бо­ломж байсан гэд­гийн жишээ. Уг нь тэгш га­раан дээрээс өр­сөлдөж, сон­гогч­дод өөрийн­хөөрөө сон­гол­тоо хийх бо­лом­жийг өгөх нь шударга хэрэг. Алдсан оносон ч сон­гогчдод өөрийн­хөөрөө сон­гол­тоо хийх бо­лом­жийг олгож байгаа нь сон­гууль хэмээх модны амьд бай­гаа­гийн ба­талгаа болж байв.

Сайжруулсныг нь үгүйс­гэх­­гүй, гэхдээ бүгдийг болох­гүй бүтэхгүй гэж хассаар бай­гаад сонгууль болж байгаа нь ч мэдэгдэхгүй, үгүй нь ч мэдэг­дэх­­гүй юм болж.  Ямартаа л хэл амгүй, хэрүүл шуугиангүй хэ­дүүлхэнээ аниргүйхэн сон­гуульдаж байна даа гэхэв дээ. Заа­вал хэрүүл хийж, гэд­сэн­дээ хөлөө жийлцэнэ гээд бай­гаа юм биш. Энэ анир­гүй­хэн сонгуульд чинь ирж са­на­лаа өгөх хүн байна уу гэж эм­зэглэсэндээ ингэж бичиж бай­гаа юм. Улс төрийн том на­мууд асуудал ший­дэхдээ өвөр түрийндээ орж, хуй­вал­даанаар юуг ч хийж бол­но. Ха­рин хуйвалдаанд хуу­раг­даж, найраанд нийлдэггүй ганц юм сонгууль байдаг. Сон­гуульд ирц хүрэхгүй бол тэ­гээд л өнгөрөө. Татвар тө­лөгч­дийн мөнгөнөөс татаж, тө­рийн албан хаагчид дахин ажил­лахаас эхлээд зардал мун­дахгүй. Энэ удаагийн сон­гуулийн зардал 15,8 тэр­бум төг­рөгөөр батлагдсан байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хэсгийн хороо­дод 15863 хүн ажиллаж бай­на. Тэдэн дээр техникийн, бүрт­гэлийн, цагдаагийн алба хаагч­дыг нэмбэл явж өгнө. Сон­гуулийн хороодод ажил­лаж байгаа хүмүүс дээд тал нь 50, багадаа 40 хоног ажил­лаж байгаа юм билээ. Өнгөр­сөн УИХ-ын сон­гуулийн зар­дал 16,8 тэрбумаар батлаг­даж, тодорхой хувийг нь хэм­нэ­­с­эн байсан ч нэр дэвшиг­чийн хувь хүрээгүй шалт­гаа­наар СХД-т дахин сонгууль явуулахад 400 сая төгрөг зар­лагадаж байх жишээтэй. Орон нутгийн сонгууль яалаа даа. Ирц хүрээгүй аймгуудын 66 хэсэг, дүүргүүдийн 149 хэсэгт дахин санал хураалт явуулахад орон нутгийн төс­вөөс гарсан зардлаас гадна ул­сын төсвөөс таван тэрбум төг­рөг алга болж байх жи­шээтэй.

Үндэсний хэмжээний өдөр тутмын сонины хувьд бид сонгогчдын тодорхой хүрээлэлд судалгаа явуулж, тандалт хийхэд сонгууль бо­лох өдрийг мэдэж байгаа хү­мүүс алга, цаана чинь. Ялан­гуяа залуус сонгууль болох 26-ны өдрийг мэдэхгүй, харин амралтын өдөр бол­бол сал­хинд гарна гээд сууж байна. Харамсалтай ч гэсэн үнэн нь энэ. Улаан, цэнхэр гэлтгүй аль, аль улс төрийн хүчин үүн дээр анхаарал тавьж, Сон­гуу­лийн Ерөнхий хороо, сонин хэвлэлүүд, хувь хувьсгалгүй бүх байгууллага дор бүртээ хичээчихвэл уг нь зү­гээр юм­сан. Хариуцлагатай улс тө­рийн хүчнүүд нэр дэв­шиг­­чээ сурталчлахын зэрэг­цээ сон­гууль зургадугаар сарын 26-нд шүү гээд сануу­лаад авч байгаа харагдаж бай­на.

Үүрэн телефоны ком­па­­ниуд са­налаа өгсөн хү­мүүст 1000 нэгж өөрсдийнхөө хө­рөн­гөөс шийдээд өгье гэ­сэн саналыг СЕХ-нд тавьсан нь дэмжигдэж байх шиг бай­на. Саналыг 1000 нэг­жийн тө­лөө биш өөрийн­хөө төлөө өгч бай­гаа гэдгээ мэддэг бол­тол нь ингэж л амь оруу­ла­хаас яах билээ. Салаа мөчир бүр дээр нь шувуу шаагилдаж бай­даг сонгуулийн модоо нүц­гэл­чи­хээр сонгууль хэзээ бо­лохыг мэдэх хүн цөөрчих юм даа.