Зодоонч нүдээнч биш аваас, Монголын улс төрд орно гэж гонжийн жоо .... Монголын улс төрд асуудлыг нударгаар шийддэг арга зонхилж байна.

АН-ын Н.Алтанхуяг дарга самбо жудогоор шаггүй явсан нэгэн. Военсамбо буюу нударган самбо, дайны самбо ч мэднэ. Хэрэглэхнээ нь ч ядах юмгүй.

МАН-ын Ө.Энхтүвшин дарга бех, бокс оролдож явсан. Тиймдээ ч Б.Бат-Эрдэнэ аварга өөрийг нь сунгаанд ялсан ч гэлээ, хар хоргүй дэмжиж буй. Цээжээ түхийлгэж, нударгаа зангидаж, хамраа сартайлгаад л, сүртэй алхаад байдаг нөхөр.

МАХН-ын Н.Энхбаяр дарга багадаа ноомой, нунж дорой хэсэг явсандаа дүгнэлт хийж, бокс, каратэгаар ул суурьтай хичээллэсэн. Өдгөө сав л хийвэл 200 суниачихаад л юу ч болоогүй юм шиг босоод ирдэг мангар их бяртай. Ил камергүй бол ална шудна, пи... на... л гэж явдаг асман атманшуу нөхөр.

ИЗН-ын С.Оюун каратэгаар хар багаасаа хичээллэж, тэргүүн зэргийн дантай, хар бүстэй болсон хатагтай. Геологичийн мэргэжил эзэмшиж, хад чулуутай ноцолдож, хатуу хүтүү ч болсон нядхан. Түүний баруун хөлийн шулуун цохилтыг аймшигтай гэдэг. Энэхүү баруун хөлийнхөө тусламжтайгаар л намаа нэгтгэн залгидаг, сөрөг хүчийг үтэр өшиглөн хөөж гаргадаг гэх.

МҮАН-ын С.Энхсайхан ушу кунфугээр удтал сонирхон хичээллэсэн, магнайн хар бүчтэй, уулын спортын мастер, спортлог нэгэн. Дургүйгээ хүрвэл энэ чадваруудаа ашиглана, зуу татвал хүч нь олон дахин нэмэгддэг.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нударган зодоон, дүрэмгүй зодоонд сайн. Өөдөөс нь үг хэлж зүрхэлсэн нэгнийг раам ростоо ашиглан машиндаж өгөх чадвартай. Бараг 2 м өндөр биедээ сэв хүргэлгүй нягт хамгаалж чаддаг. Энэ нь 20 жилийн улс төрийн тогтвортой карьерт нь нөлөөлдөг.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч боксын спортын олон улсын хэмжээний мастер, улсын залуучуудын аварга, Ардчилсан Германы оюутны аварга. Эрдэм номын мөр хөөгөөд рингийг эрт орхисон. Бие хамгаалах тал дээр намын лидерүүдийн хэнийг ч дагуулахгүй.

Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд цэргийн сургуульд байхдаа военсамбо, десант зодооныг гаргууд эзэмшсэн. Монголд десантын цэргийг хөгжүүлэх чиглэлээр бэлтгэгдэж байсан. Ганц дайчин ганцдахгүйн жишээг үзүүлж, хүн-десант болох чадвартай.

Эх орон-МАШСН намын дарга, сая гэнэт Тарбазавр батаартай хамт гараад ирсэн Б.Эрдэнэбат бөхөөр шаггүй хичээллэж, ирээдүйн Хойлогдорж гэгдэж явсан нэгэн. Даанч бизнес-улс төрийн Хойлогдорж болж орхисон.

Эх орончдын нэгдсэн намын дарга Ганбат бокс, жүдог сонирхон оролдож, тэмцээн уралдаанд ч оролцож явсан. Овор багатай, эрч хүчтэй харагддагийн нууц нь үүнд оршино.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Төмөрсүхийг хүн-намын дарга гэхчлэн шүүмжилдэг. Гэвч түүнийг ганцаараа юм даа хөөрхий гээд элэг барих гэвэл элдэвлүүлэхийн цондон. Тэрбээр боксоор хичээллэж явсан агаад, нокдаун нокаут илгээж мэднэ. Сүүлийн үед Төв бассейны зөвлөхөөр ажиллаж, усан спортоор шаргуу хичээллэн, даллалт савалт, гараа эргэлдүүлэн дайралт зэрэгт сайжирч буй. Хөлийн бүжиглэлт ч сайжирсан.

Иргэний хөдөлгөөний намын дарга Занааг зарим хүн элэг барих гээд байдаг. Занаа хатагтай ушу кунфугээр хичээллэж байсан агаад, нөмөрсөн алчуур орхимжных нь дороос ямар цохилт ирэхийг таашгүй. Тиймээс мундаг мундаг атмаан улс төрчид түүнтэй хэрэлдэж зүрхлэхээс, зодолдож зүрхэлдэггүй.

Тун харамсалтай нь Монголын улс тер ийнхүү чанга нударгатан, чамбай тавхайтнуудын л атгалт, гишгэлт дор орж, хүчтэйн өмнө хүчгүй нь буруудаж, хүй нэгдлээс өмнөх үед орж байгаа нь үнэн л буюу.

 

ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО