МУГЖ, жүжигчин Ж.Сүххуягийг “Мандухай цэцэн хатан” киноны Батмөнх даян хаан, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр нь бид андахгүй мэднэ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би Чилүгэндээ дэндүү хайртай. Хүний амьдрал өөрөө түүх байдаг. Би амьдрал дээрээ бас өөрийнхөө түүхийг бүтээсэн” хэмээн дурьджээ. Үүнээс харахад гавъяат маань уран бүтээл, бүтээсэн дүрээрээ дэндүү бахархаж бас хайрлаж байдаг нь мэдрэгдэнэ.

            Тэртээ арван гуравдугаар зууны түүхийг ард түмэндээ хүргэж чадсанаараа тэр зөвхөн кино урлагт бус нийт монголчуудын зүрхэнд мөнхөрч чадсан юм. Хийсэн, бүтээснийхээ төлөө хариу шагнал, гавъяа нэхээгүй энгийн л амьдарч ирсэн. Хэдийгээр амьдралын эрээн бараан, хатуу хөтүүд хөл алдаж бор дарс багагүй хүртэж байсан хэмээн яригддаг ч хүн чанар, мөн чанараа гээлгүй амьдарч, урлагтаа үнэнч байгаа  түүнээр бахархаж байна.

            Алтан тайзаа, урлагаа хэзээд сэтгэлдээ тээж, эрхэм багш нараараа үргэлжид бахархаж явдаг түүний амьдрал үйлс үргэлж өөдөө байгаасай.

Б.Хорол