Дундговь аймгийн дуусдаггүй улс төрийн маргаанд цэг тавих шүүхийн шийдвэрүүд ар араасаа гарсаар байна. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Дундговийн Засаг даргаар ажиллаж байсан С.Сүхбаатарын талд гарсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд тус аймгийн АН-ын нөхдүүд, ИТХ нь хуулийг гууль болгож байсныг бэлхнээ нотлоод өглөө. Одоо аймгийн удирдлагууд “Бид хууль зөрчөөгүй” гэж мянга хашгираад ч цагаан дээр хараар бичсэн анхан шат болон давж заалдах шатны шийдвэрийг үгүйсгэж чадахааргүй боллоо. Орон нутагт улс төрийн алдаа завхрал дээд цэгтээ хүрсний тод жишээ хуйвалдаж, хууль бусаар Засаг даргын суудлыг булаан авсан энэ явдал юм. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэсэн өвгөдийн захиас бий. Эрх мэдэл, албан тушаалд улайрсан С.Од-Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд орон нутгийн засаглалын эрх мэдлийг гартаа авахын тулд хууль бус үйлдэл олныг хийжээ. Үүнээсээ ч ичиж, зовохгүйгээр ширэн нүүрлэж, төрийн ажлаар тоглосоор байна. Ерөөсөө эрх мэдэл, албан тушаалд сонирхолтой зорилго нэгтэй хэсэг хүмүүсийн бөөгнөрөл Дундговьт бий болчихоод байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Өнгөрсөн хугацаанд Дундговь аймагт улс төрийн ямар үйл явдал өрнөсөн талаар товч сийрүүлье.

ИТХ нь хуурамч тогтоолоор Засаг даргыг суудлыг булаав

Дундговь аймгийн засаглалыг МАН авсан цагаас Засаг даргаар ажиллаж байсан С.Сүхбаатарыг суудлаас нь түлхэн унагаж, эрх мэдлийг гартаа авахаар АН-ынхан сэмхэн хуйвалдаж, дээгүүр доогуур гүйлдэж эхлэв. Тухайн үед шинэчлэлийн Засгийн газар ид мандаж байсан учраас орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар булаасан ч дээшээ тэнгэр ойрхон мэт санагдаж байсан биз. Учир нь АН-ынхан төрийн хамаг л том албан тушаалд эзэн суучихсан байлаа шүү дээ. Энэ бол АН-ын фракциуд дотроо хагаралдаж, Н.Алтанхуягийн кабинетыг унагахаас өмнөх үйл явдал. Яг энэ үед орон нутаг улс төрийн хямрал ужгирч хэд хэдэн аймагт Засаг даргын суудал тойрсон маргаан дэгдсэн билээ. Шинэчлэлийн Засгийн газрын рейтингийг хүргэн хүү Дэнзэнгээс дутахгүй унагасан асуудал бол орон нутагт улс төрийн завхрал газар авсан явдал юм. Дундговьт үүссэн улс төрийн маргаан 2014 оны тавдугаар сарын 24-ны өдрийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас эхлэлтэй. Энэ хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, аймгийн Засаг даргаа огцруулах хор найруулсан гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Харин Засаг дарга асан С.Сүхбаатар энэ хуралдааныг анхнаасаа л “хууль бус” боллоо гэдгийг хоолойгоо сөөтөл мэдэгдсэн дээ. Хамгийн ноцтой нь С.Сүхбаатарыг огцруулах 04 тоот ИТХ-ын тогтоолыг хуурамчаар үйлдсэн байна. Хэдийгээр ИТХ-ын тамгатай, хурал удирдсан хүний гарын үсэгтэй тогтоол байгаа ч цаанаа “но”-той, ноцтой асуудал олон байгаа юм. Тодруулбал, С.Сүхбаатарыг огцруулах эсэхийг 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, санал хураагаагүй байна. Хуралдааны тэмдэглэл, дүрс бичлэгт огт байхгүй зүйлсийг ИТХ-ын бланк, тамга ашиглан хууль бусаар үйлдсэн гэсэн үг. Уг нь 9 дүгээр хуралдаан гэгчээр төсөвтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөхөөр тов гарсан байжээ. Тэнд С.Сүхбаатарыг огцруулж, С.Од-Эрдэнийг томилох тухай үг, үсэг ч байгаагүйг гэрчлэх хүмүүс бий. Гэтэл гэнэтхэн Засаг даргаа огцруулсан 04 тоот тогтоолыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг руу явуулах нь тэр. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуурамч тогтоолоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн толгойг эргүүлж дөнгөжээ. Ингээд Дундговь аймаг С.Од-Эрдэнэ гэх хуйвалдааныг супер хийдэг, хуулийг уландаа гишгэсэн шинэ Засаг даргатай болсон түүхтэй. АН-ынхан ийнхүү орон нутагт засаглалын эрх мэдлийг авахад тус аймгийн ИТХ дахь МАН-ын зарим гишүүний үүрэг оролцоо их чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэхгүй өнгөрч болохгүй биз ээ. Шуудхан хэлэхэд МАН-ын нэрээр олны санал авч сонгогдсон С.Дэжид, Н.Мэндсайхан нар АН-ын талд урваснаар “Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх” боломжийг нээж өгсөн билээ. Намаасаа урваж шарвасныхаа төлөө Н.Мэндсайхан аймгийн Засаг даргын орлогч гэдэг албан тушаалыг бэлгэнд авчээ.

Дундговийн хууль бус Засаг даргын бүх шийдвэр хүчингүй болох уу

Дундговь аймгийн ИТХ анхнаасаа хууль бус үйлдэл хийснийг Сайнцагаан сумын анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал нотолж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд Засаг дарга С.Од-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын гаргасан улс төрийн бүх шийдвэрүүд хүчин төгөлдөр бус гэсэн үг. Шат шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад өнөөдрийг хүртэл “хууль бус” Засаг дарга нь зөөлөн сэнтийдээ заларсаар л байна. Дундговийн удирдлагуудад хуулиа дээдэлж, албан тушаалаасаа буух сонирхол огтхон ч алга. Тэдэнд яг одоо хүрчихсэн байгаа оргилдоо хэрхэн удаан байх вэ гэдэг ганцхан проблем толгойг нь гашилгаж байна. Одоо тус аймгийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэт царайлж, асуудлыг аль болох сунжруулах тактиктай тоглосоор дараагийн сонгууль хүрэх бодолтой байгаа. Залхаах тактикаар ингэж ард иргэдийнхээ “нурууг авах” хэрэг байна уу, Дундговийн удирдлагууд аа. Дахиж сонгогчдынхоо царайг харахгүй юм шиг аашилж байгаа С.Од-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагуудад ичих булчирхай үнэхээр байхгүй бололтой. Эрх мэдэлд улайрсан эрхмүүдийг сонгохоор иргэдээ яаж хөлдөө чирдэг вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд Дундговьчууд хангалттай амслаа. Гэсэн ч иргэдийн гарт сонголт хийх хамгийн том эрх мэдэл байгааг АН-ынхан мартах учиргүй.


Хуульгүй мэт аашилж буй дарга нарт шүүх даруулга өглөө

Хуульгүй мэт аашилж байсан давилуун дарга нарт шат шатны шүүхийн шийдвэрүүд даруулга өгсөн нь лавтай. Бодит байдлыг задлан шинжилж, шударга шийдвэр гаргасан шүүгчдэд талархаж байна. Хэдийгээр олон нийтийн дунд хууль, хяналтын байгууллага эрх мэдэлтнүүдийн халаасанд орсон гэх сөрөг хандлага түгээмэл байдаг ч үнэний талд баттай зогсдог шүүгчид байдаг гэдгийн жишээ энэ хэрэг боллоо. Албан тушаалтан хэнийг ч огцруулж болно. Хамгийн гол нь хуулийн дагуу байх хэрэгтэй. Гэтэл С.Сүхбаатарыг огцруулах эсэхийг хуралдаанаараа зохих ёс журмынх нь дагуу хэлэлцээгүй мөртлөө хуурамч тогтоол үйлдэж, С.Од-Эрдэнийг Засаг даргад нэр дэвшүүлсний дараа С.Сүхбаатарыг чөлөөлж, цэцэрлэгийн хүүхэд ч ойлгохоор логикийн алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, С.Од-Эрдэнийг Засаг даргад нэр дэвшүүлэх 03 тоот тогтоол, С.Сүхбаатарыг огцруулах 04 тоот тогтоол гаргасан байгаа юм. Тухайн үед С.Сүхбаатар ИТХ-ын төлөөлөгчид хуурамч тогтоол үйлдсэн болохыг цагдаагийн газарт мэдэгдсэн ч тэдний зүгээс ИТХ-ын тамга тэмдэг, бланк, гарын үсэг нь байгаа учраас буруутгах үндэслэлгүй гэсэн агуулгатай хариулт өгчээ. Цагдаа, прокуророос эхлээд эрх мэдэлтнүүдийн талд үйлчилж, үнэний дуу хоолой сонсогдохгүй явсан үе бий. Иргэдийн хувьд цэг тавьдаггүй улс төрийн маргаанаас бүр залхаж эхэлжээ. Шат шатны шүүхийн шийдвэр нь гарчихаад байхад хуулийн дагуу авах нь аваад, өгөх нь өгөөд төрийн ажлыг уяхгүйгээр урагшлуулах шаардлагатай байна гэсэн бодолтой хүмүүс бий. Тэгвэл С.Сүхбаатарыг Засаг даргын албан тушаалд буцаан томилох ёстой юү гэдэг асуулт урган гарч байгаа юм. Нэгэнт Засаг даргын суудлыг хууль бусаар авсныг нь шат шатны шүүхийн шийдвэр батлаад өгчихлөө. Одоо аймгийн удирдлагуудад үнэнээс зугтах гарц үгүй боллоо.


Ц.Анир