Эрт цагийн хүүхнүүд их азтай. Тэрхүү аз нь юу вэ гэвэл яруухан дурсамж, ялдамхан дүр төрхөө ардын дуунд мөнхлөн үлдээсэнд оршино. Ялангуяа Ардын хувьсгалаас өмнөх үеийн хүүхнүүд өнөөгийн бидэнд өвлөгдөж ирсэн үнэн үгтэй, аялгуу сайтай, бодит амьдралаас урган гарсан дуунуудын цөм нь болж байлаа. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал, уур амьсгал сайхан хүүхнүүдэд ихээхэн халтай байсан бөгөөд хүний эрх, хууль журам гээч нь төгөлдөржөөгүй байсан тэрхэн цаг үед харц ардын хацар гоо охид, бүсгүйчүүд хайртай залуутайгаа учрахдаа заавал нэг бэрхшээлтэй тулгардаг, эс бөгөөс баяд ноёдод богтлогддог, тэр болгонд ямар нэгэн дуулиан шуугиан дэгддэг байж. Харин эцэст нь тэрхүү дуулиан шуугиан нь дуу болж ард түмний дунд дуулагдсаар ирсэн байдаг. Дуу гэдэг бол уянгын төрлийн бие даасан хэлбэр агаад амьдрал, тэмцлийн өөдрөг үзэл санааг агуулахын зэрэгцээ тухайн хүмүүний хүсэл мөрөөдөл, баяр баясгалан, ертөнцийг үзэх үзлийг яруу сайхнаар илэрхийлэгч онцгой урлаг билээ. 20-р зуунд хүн төрөлхтөний олж нээсэн нэгэн гайхамшиг бол сүүдэр ший буюу кино урлаг. Үүн шиг 19-р зуунд монголчуудын олж нээсэн нэгэн гайхамшиг бол ардын дуу юм. Монгол ардын дуу нь түүхэн, аж байдлын, ардын, хошин шог, уянгын, хайр сэтгэлийн, гүн ухааны, сургаалын, найрын гэх зэрэг олон төрлөөр хөгжиж ирсэн байх бөгөөд анхандаа хэсэгхэн хүний оюун сэтгэлийн илэрхийлэл болон бүтээгдэж ам дамжин дуулагдсаар яваандаа үг, аялгуу нь улам гүнзгийрэн боловсорч, эдүгээ бидэнд гайхамшигт содон бүтээл болж уламжлагдан иржээ. Ингээд ардын дуунд мөнхөрч үлдсэн алиа хонгор бүсгүйчүүдийн тухай өгүүлье.

ВАНЛИЙ БУЮУ АЛДАР ЦУУТ БАЯНЖАРГАЛ

Хүрээний гангачууд найрлаж цэнгэхдээ сүрхий дэг журам баримталдаг байж. Найр эхлэх үедээ, “Архины дээд нь ванлиг юм Аашны дээд нь эвлэг юм Агаараар өнгөрөх буурал хорвоодоо Агуужим сэтгэлээр найрлан сууя даа” гэж дуулалдаад архи дарсыг хэмжээтэй, таашаалтай нь аргагүй хүртэх зуураа ардын болон хүрээ дуу уянгалуулж, эцэст нь үхрийн нүдэн хундаганд хийсэн архийг шимэн уугаад найр дуусгадаг заншилтай байжээ. Мөн найр цэнгээний дэг журмыг эвдэгсэд буюу аархуу зантай хэн нэгэнд зориулж, “Хүзүүн дундуураа дуниартуулаад байдаг Хүүдэгнүүр зангаа татвал баржээ хө Далан дундуураа дуниартуулаад байдаг Давилуун зангаа татвал баржээ хө Хорвоо гэдэг бөөрөнхий шүү Хоёулаа гэдэг худлаа шүү” гэх зэргээр сургамжилж, бас уяруулж, ухааруулдаг байж. Ардын болон хүрээ дуу нь ихэвчлэн хайр сэтгэл, янаг амрагийн явдлыг илэрхийлж байсан тул 1932 онд МАХН-ын Төв хорооны тогтоолоор өнгөрсөн нийгмийн үлдэгдэл, феодалын дуу, завхай дуу гэдгээр “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Хэен хуар”, “Аргагүй амраг”, “Ванлий”, “Сумъяа ноён”, “Хөх торгон дээл” зэрэг тавь гаруй дууг дуулахыг цаазлан хоригложээ. Тэглээ ч “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Аргагүй амраг” мэтийн сайхан дуунууд аргагүй л ард түмний сэтгэлд хоногшсон болохоор тайзан дээр биш юмаа гэхэд найран дээр цаазтай цаазгүй дуулагдсаар ирсэн түүхтэй. Энд “Ванлий” хэмээх дууны тухай онцлон өгүүлье. Гучаад оноос хойш олон жил хориотой байсан “Ванлий” дууг 1979 онд дуучин Адарсүрэн, 1980-аад оны үед дуучин Вандан, Дуламсүрэн нар Монгол даяар уянгалуулсанаар хүн болгон л “Ач үрийг чухал гэсээр байтал амраг Ванлий заяажээ хө” гэж аялдаг байж билээ. Үүнтэй уялдаад “Ванлий” дууны этгээд хачин түүх албан ёсоор бус аман яриагаар хөвөрдөг байлаа. Жишээ нь “Хориод оны үед нийслэл хүрээнд нэг завхай эр өөрийнхөө төрсөн охинд дурлаад, түүнийгээ 18 нас хүртэл тэжээж тэтгэж байгаад авч суухдаа “Ванлий” гэдэг дуу зохиосон юм гэнэ ээ” гэж ирээд л цуурдаг байлаа. Үнэхээр ч “Ванлий” дуунд охиндоо дурласан байж мэдэх эцэг хүний үг цухалздаг бөгөөд 
“Ач үрийг чухал гэсээр байтал амраг Ванлий заяажээ хө,
Арчлан тордож өсгөсөөр байтал арван наймыг насалжээ хө, 
Алдар цуутай Баянжаргал бүсгүйгээс 
Ахадмаар төржээ, ай Ванлий” гэх бадаг байдаг нь дээрхийг гэрчилнэ. Наяад оны тэр үеэс эхлээд монголчуудын дунд “Ванлий” гэдэг хэлц үг гарсан бөгөөд хэн нэгэн бүсгүй сайхан хувцас өмсөөд хажуугаар зөрөхөд “Зохисон ч гэдэг нь Ванлий яа” гэх жишээтэй. “Ванлий” дууны жинхэнэ домог нь дээрхээс арай өөр байх бөгөөд 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед “Алдар цуут” Баянжаргал хэмээх хүрээний сайхан бүсгүйд Да лам Буянхишиг аргагүй сэтгэл алдарч байсаар, “Алтан гургалдайг барина гэвэл, Арвай буудай хэрэгтэй еэ ай хөөрхий, Ааш муутай хүний үрийг дасгая гэвэл, Арга ухаан хэрэгтэй еэ, ай Ванлий” хэмээсэн уртын урт дуу зохиосон түүхтэй ажээ.

“МИНЖИЙН ХАНГАЙ” ДУУНЫ ЭЗЭН ИЧИНХОРЛОО

Хатанбаатар Магсаржавын цэрэг Улиастай хотын “Ганц худаг”-ийн аманд байрлаж Ванданов тэргүүтэй цагаантануудыг дарж байх үед тэр хавьд Ичинхорлоо хэмээх ганц бие бүсгүй цагаан цэргүүдтэй нөхцөж, тэднийг гэртээ орогнуулдаг байж. Энэ тухай Магсаржавын сонорт хүрсэнээр мань жанжин Далай Чойнхор вангийн хошууны Гомбо гэгчид Ичинхорлоо бүсгүйг олж авчрах үүрэг өгчээ. Энэ тухай “Хатанбаатар Магсаржав” уран сайхны кинон дээр арай өөр маягаар гардаг. Ичинхорлоо бүсгүйн дүрд төрийн соёрхолт Н.Сувд тоглодог бөгөөд тэрбээр нэг орой Вандановыг гэртээ орогнуулж архи уулган сатааруулж байх хооронд Магсаржавын цэрэг Вандановын цэргийг хиар цохьдог билээ. Гэвч тэртээ хориод оны жинхэнэ амьдрал дээр Ичинхорлоо бүсгүй арай л өөр үүрэг гүйцэтгэж байсан бололтой. Далай Чойнхор вангийн хошууны Гомбо Магсаржавын тушаал ёсоор Ичинхорлоо бүсгүйг олж аваад морь мал хөлөглөн арай ядан аваад иртэл Баатар ван цэргээ аваад Улаангом, Гурван цэнхэр рүү явчихсан байж. Тиймээс Гомбо тэдний араас явахдаа Ичинхорлоо бүсгүйтэй дараа уулзахаар тохироод түүнийг нутаг руу нь явуулжээ. Гэвч Гомбо дараа нь уулзаж амжсангүй. Мань хоёр эр эмийн хувьд хээр хөдөө хамт явахдаа бас зүгээргүй байсан бололтой. Үүнээс үүдэж Ичинхорлоо бүсгүй “Минжийн хангай” хэмээх дуу зохиосон гэдэг. Тэрбээр, 
“Минжийн хангайн оройд нь 
Мичид шингэтэл хүлээлээ 
Мэндгүй зөрөхийг чинь мэдсэн бол 
Миний хүлээдэг буруу байжээ хө 
Садар садар салхи нь 
Санчиг цантмаар жавар уу даа 
Самуун цагийн чамайгаа 
Санаж явдаг нь буруу байжээ хө” гэж дуулсанаар аялгуу сайтай энэхүү дуу Улиастайд дорхоноо түгэж байсан гэдэг.

БҮҮВЭЙН ДУУНЫ ДОМОГТ МӨНХӨРСӨН ЯГААНДАРЬ

Засагт хан аймгийн Маньбазар гүний хошууны “Баян” Данзан гэгчийнд харц ядуу Долгорын ганц охин Ягаандарь хэмээх бүсгүй зарцлагддаг байж. Ягаандарь нь ядуу хүний үр байтлаа язгууртан ноёдын гүнж шиг ухаан саруул, үзэсгэлэн төгөлдөр нэгэн байсан бөгөөд ямар сайндаа л нутгийн нь харчуул түүнд зориулж “Бийр болсон хуруутай, Бичиг болсон ухаантай, Өнгөөрөө гайхуулсан солонго, Өдөөрөө гайхуулсан тогос, Туяагаараа гайхуулсан нар, Тунгалагаараа гайхуулсан толь, Царай зүс нь нүд дүүрэн, Цараа дүр нь суудал дүүрэн” гэж ирээд л баргийн яруу найрагчаас дутахааргүйгээр толгой, сүүл холбон магтсан байх жишээтэй. Гэвч угийн шалиг завхай Данзан зарц Ягаандарь хүүхнийг бага хатнаа болгож авахын тулд элдэв арга хэрэглэж байсаар хошуу ноёндоо их хэмжээний хахууль өгч түүний хайртай залууг алс хол хугацаагүй албанд явуулж хоёр хосыг амьдын хагацалд унагасан байна. Хайртай ханиасаа хагацсан Ягаандарь бүсгүй өөдсөн чинээ үрээ тэврэн байж өлгийн дуу аялсаныг нутгийн нь ардууд үг, аятай нь тогтоон цээжилж хойч үедээ уламжлуулсанаар Монголын баруун хязгаарт “Бүүвэй дуу” хэмээх нэгэн шинэ дуу бүрэлдэн тогтох үндэс болжээ. “Өөвөн гэрийн сөөвөн үр минь, Өөжин дотроо тайван нойрс, Мөнгөн уруулаа цэцэг шиг дэлгэ, Бүүвэй бүүвэй бүүвэй, Мөөмөн товчоо үлгэн хөх, Бүүвэй бүүвэй бүүвэй, Мөдхөн өсөөд төдхөн дэв, Бүүвэй бүүвэй бүүвэй” хэмээн Ягаандарь бүсгүйг цөөхөн үгээр маш уран яруу аялгуулан дуурсахад хажууд нь суусан хэнбугай нь ч самсаа шархирч, сэтгэл нь нялхраад явчихдаг байж.

“НАРИЙН ЦАГААН УСАН” ДУУНЫ ЭЗЭН ЯНДАА

Эрт цагт Урианхайн ноён, Захчин ноён хоёр гүн бат ураг барилдахаар хүү охин хоёроо хооронд нь суулгахаар зөвшилцжээ. Тэгээд хадаг, сүүгээ өгч авалцаад “Нарийн цагаан усан” хэмээх газрын Хоогийн голын эрэг дээр “Хоогийн өргөө” гэж байгуулаад Урианхай, Захчин хоёр хошууг доргиосон нижгэр хурим хийхээр болсон байна. Гэтэл захчин ноёны эрх танхи Яндаа хэмээх цэмцгэр охин Урианхай ноёны хүүтэй суухгүй гээд гэдийчихэж. Хэрвээ энэ охин харц ардын охин байсан бол шууд л богтлогдох байлаа. Даанч эцэг нь хошуу ноён болохоор урианхайчууд түүнийг богтлох арга байсангүй. Дэмий л захчин эцэг нь гуйж гувшаад, дараа нь урианхай, захчин түшмэдүүд ээлж дараалан аргадан гуйж, эцэст нь хошуу сумаараа учирлан гуйгаад Яндаа охины сэтгэлийг эзэмдэж чадсангүй. Үүнээс үүдэж урианхай нарын дунд “Нарийн цагаан усан” гэдэг дуу зохиогдсон бөгөөд том жижиггүй, хөгшин залуугүй, урианхай захчин гэж ялгалгүйгээр, 
“Нарийн цагаан усан 
Намрынхаа цагт шижиртэнэ 
Яндаа охиныг ятгаад 
Найман сумаараа ядав 
Хоо цагаан өргөө нь 
Хоогийн голд дүнхийнэ 
Хонгор Яндааг гуйгаад 
Хоёр хошуугаараа ядав” гэж дуулах болжээ. Аргагүй л Яндаа нэрэндээ зохисон яндагнуур бүсгүй байж дээ, хөөрхий.

ХӨДӨӨГИЙН ЗАМААС БУЛААГДСАН СИЙЛЭН БОР

Эрт цагт Говь мэргэн вангийн хошуунд Сийлэн бор хэмээх сайхан бүсгүй аав ээжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Үзэмж төгс царайтай, өндөр гоолиг нуруутай түүнийг нутгийнхан нь “Сийлэн өндөр бор” гэж дууддаг байж. Түүнийг 17 нас хүрч нуруу туруу нь жигдэрч, царай зүс нь жавхаажаад ирмэгц Говь мэргэн вангийн хошууны Дорж хэмээх мээрэн цолтой, ахимаг насны баян эр бага хатнаа болгож авахаар шийдэж, улмаар Сийлэн борын аав, ээж хоёртой ярьж тохиролцсон байна. Тэрхэн үед Галт хэмээх өнчин залуу Сийлэн борын хажуу айлд ирж хоноглоод явахдаа Сийлэн борд ухаангүй дурлажээ. Тэгээд аав ээж хоёроос нь охиноо өгөхийг гуйхад “Манай охин өнчин хүнд очсоноос баян хүнд очсон нь дээр байх аа” гэсэн хариу өгсөн байна. Ингээд л “Сийлэн бор” хэмээх дууны үг, ая Галт залуугийн зүрх сэтгэлд аяндаа ургаад иржээ. Тэрбээр, “Мандаж гардаг нар нь болбол, Манхны дээгүүр шингэнэ дээ хө, Манай айлын Сийлэн борыг, Маргаашийн нарнаар мордуулах гэнэ дээ хө, Ургаж байгаа нар нь болбол, Уулын цаагуур шингэнэ дээ хө, Урьд айлын Сийлэн борыг, Ургах нарнаар мордуулах гэнэ дээ хө, Хүрдтэйхэн тэрэг хүрээнийхээ дундаа, Хүрэн шаалуу ширээний маань дундаа, Хүүхэн жаалхан Сийлэн борыгоо, Хөдөөгийн замаас булаагаад авна даа хө” гээд л уянгалуулж гарчээ. Харамсалтай нь Сийлэн бор нь Дорж мээрэнд богтлогдох үедээ амь эрсэдсэн гэх бөгөөд магадгүй энэ нь Галт хэмээх залуугийн булаалтаас үүдэлтэй ч байж болох юм. Энэхүү дууг өнөөгийн бид найр цэнгүүн дээр дуулж л байдаг. Гэхдээ “Сийлэн бор” гэхийг “Сийлэн бөөр” гээд л авч өгдөг билээ. Сийлэн бөөр биш Сийлэн бор юм байна шүү.

“ХУЛСАН ТАШУУР” ДУУНЫ ЭЗЭН ГҮНЖИДМАА

Монгол ардын домогт харилцаа дуу “Хулсан ташуур” нь 1860-аад оны үед буюу Манжийн хаанчлалын үед гарчээ. Тухайн үед Архангай аймгийн Их тамир хавьцаа “Гүний хошууны Гүнжидмаа” хэмээх цуутай сайхан бүсгүй байж. Тэрбээр Түшээт хан аймгийн Яруу буюу Яргайтын голоор нутагтай Гомбын Дорлиг хэмээх залуутай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Дорлиг их сайхан дуулдаг байсан тул нутгийн нь түүнийг “Хун дуут” Дорлиг гэж дууддаг байж. Төдөлгүй Дорлиг Гүнжидмаа хоёр амьдран суухаар болжээ. Тиймээс Дорлиг гэр орныхоо юмыг бэлдэхээр Бээжин тийш жин тээхээр явсан байна. Тэгээд тэр Бээжингийн хятад пүүсэнд бараагаа тушаагаад хөлсөө авах гэтэл жингийн пүүсийн данжаад нар хөлсийг нь өгөхгүй луу унжжээ. Тэгмэгц Дорлигийн уур нь хүрч хулсан ташуураараа данжаадын толгойг хага цохьсоноор харь нутгийн шоронд хоригдох нь тэр. Ингээд л Дорлиг эх нутаг, хайртай бүсгүйгээ санагалзан суухдаа “Хулсан ташуур” хэмээх алдартай дуугаа зохиосон гэдэг. Тэрбээр, “Хулсан ташуур минь байгаасай даа, Хуруундаа өлгөөд явах юмсан, Хууль цаазгүй ч болоосой доо хүү минь ээ, Хуучин нутаг шандандаа очих юмсан даа яая даа байз, Яргай ташуур минь байгаасай даа, Янзыг нь олоод барих юмсан, Ял цаазгүй ч болоосой доо хүү минь ээ, Яргайтынхаа голд очих юмсан даа яая даа байз” хэмээн гуниглан дуулж байсаар хэдэн сарын дараа сайн нөхдийнхөө хүчээр шоронгоос оргож нутгийнхаа барааг хармагцаа, “Даваа нь өндөр боловчиг, Даваад гардаг замтай даа, Дассан хонгор чамтайгаа би чинь хө, Давааныхаа адагтаа уулзана даа яамайдаа хө” гэж дуулсаар хайрт хүүхэн Гүнжидмаа дээрээ ирж байсан гэдэг. Гэвч хоёр хосын зовлон үүгээр дууссангүй. Тэднийг ид хайр дурлалдаа умбаж байтал Манж амбаны гар хөл бологсод тамгын газрын тахаруудад хошуу хүргэж Дорлигийг баривчлуулжээ. Тахарууд түүнийг олон хоног хар гэрт хорьсоны эцэст үхэр тэргэн дээр хүлж баглаад хүрээ рүү авч явсан байна. Энэ үед Гүнжидмаа нутгийнхаа хэдэн залуутай тэднийг амдан тосч байсаар шөнө болмогц тахарууд руу дайран орж Дорлигийг сулласан гэх бөгөөд хоёр хос ийнхүү нутаг хошуундаа амьдрах боломжгүй болсоноор алс холын нутаг хошуунд очиж амар тайван амьдарсан түүхтэй аж. Ард түмний дунд ам дамжин дуулагдсаар өнөө үетэй золгосон энэхүү алдартай дууны түүхийг нэлээд дээхэн үед Архангай аймгийн өндөр настан Дулмаа, Булган аймгийн “Цонхилог” хэмээх Ойдовбат нар манай тавь, жараад оны алтан үеийнхэнд ярьж бичүүлсэн байдаг билээ.

УЯХАН ХООЛОЙТОЙ, УРАН ХАТГАМАЛЧ ДЭНСИЙЮУ

1700-гаад оны үед Тэрхийн голын сав нутаг, Тариат уулын бэлд Далай Чойнхор вангийн хүрээ байгуулагдсанаас хойш тус нутаг нь лам хар, мөргөлчин гээд олон хөлийн газар болж хувирчээ. Үүний зэрэгцээ Далай Чойнхор вангийн хошуунд алт мөнгөний урлал ихэд хөгжиж, ялангуяа зээгт наамал, уран хатгамалаараа бусад нутаг хошуудад алдаршиж эхэлсэн байна. Тухайн үед вангийн хүрээний тахилч Гүнтэв хэмээх эр хүрээний уран хатгамалч Дэнсийюу хэмээх ганган хүүхэнтэй ажил хэргийн шугамаар холбогдож байснаа сүүлдээ амраг сэтгэлийн холбоотой болжээ. Нэг удаа Гүнтэв уран хатгамалч Дэнсийюугийнд очиход хүрээний хөөрхөн гэгдэх хүүхэн найртай сайхнаар угтаж, алт мөнгөн утсаар оёж ороож байсан хөөрөгний дайлингаа үзүүлжээ. Тахилч Гүнтэв үүнийг үзэж суусанаа эрт цагийн Гэсэрийн тахилын дууны аянд тааруулан, “Урьд газрын ухаа ягаан торгоороо, Уутны булангаа шаглаад оёжээ хө Утай, Бээжингийн таван дагшин орныгоо Уултай устай нь шаглаад оёжээ хө” гэж дуулжээ. Дэнсийюу бас хариу бадаг зохиож, цаашдаа хэд хэдэн бадаг нэмэгдсэнээр бидний сайн мэдэх “Жийжүү хот” хэмээх харилцаа дуу зохиогдсон түүхтэй аж. “Жийжүү хотын жинтэй ягаан торгоороо, Жинтүүнийхээ буланг шаглаад оёсон юмаа хө, Жий байшин, луу байшин хоёр эрдэнийгээ хө, Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юмаа хө” гэж Дэнсийюуг дуулахад Гүнтэв, “Арилгасан сонгино шиг арван цагаан хуруугаараа хө, Аялгуут шанзаа дарах нь аятайхан байна аа хө, Ангирын зулзага шиг алиа хөөрхөн ааш чинь, Аюулхай зүрхийг минь догдлуулаад байна аа хө” гэж хариу барих жишээтэй. Дурлал хайр гээч нь хүний дотоод сэтгэлийн ариун нандин мэдрэмж бөгөөд хайр сэтгэлийн сэдэвтэй дуу нь эхлээд нэг хүний амьдралд тохиолдсон дурлалын тухай бодит явдлаас сэдэвлэн үүсч, улмаар хайр сэтгэлийн тухай нийтлэг түгээмэл утга агуулгыг шингээсэн уянгын дуулал болж хувирдаг билээ.

САМБАА, ЖИМБЭЭ ХОЁРЫН ДҮРЛЭЭ, ТООДОЙ ХОЁР

Ардын хувьсгал ялан мандахаас өмнөхөн Сэлэнгэ нутагт гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Дүрлээ, Тоодой хэмээх эгч дүү хоёр байж. Эгч Дүрлээ нь том алаг нүдтэй, дугираг царайтай, жирэмлэн сүлжсэн олон салаа гэзэгтэй, моринд гарамгай, эцгийгээ дуурайсан хурц авиртай бүсгүй байсан бол дүү Тоодой нь эхийгээ дуурайсан уян зөөлөн ааштай, зургийн хуар шиг царай төрхтэй, энхрий ялдам охин байж. Эднийх мянган цагаан хоньтой, шандас сайн хүлэгтэй, ирсэн буусныг дайлж зочилж байдаг, найр наадамд дуртай “Сайхан” Жамбынх гэдэг нэлээд чинээлэг айл байсан бөгөөд охид нь өсч нас биед хүрч гоо үзэсгэлэн бүрдэхийн цагт хавь ойрынх нь айлууд сүй тавьж, бэр гуйх нь их болжээ. Тус нутагт уралдах, барилдах, харваж намнахдаа цуутай, бие бялдар, царай зүсээрээ хөндлөнгийн хүн эндүүрмээр төстэй Самбаа, Жимбээ гэдэг ах дүү хоёр залуу байх бөгөөд нэг өдөр мань хоёр Дүрлээ, Тоодой хоёрыг эхнэр болгон авахаар шийдэж “Сайхан” Жамбынд ёс төрийг барин очтол гэрийн эзэн огт тоолгүй ядуу, гуйлгачингаар нь дуудаад буцаасан байна. Тэгэвч ах дүү хоёрын хайрын сэтгэл үүгээр харьсангүй. Хэн хэн нь янаг амрагаа мөрөөдөн явсаар “Дүрлээ, Тоодой хоёр” хэмээх дуу зохион дуулжээ. “Голын шугуйг хөдөлгөсөн, Гургуул, туулай хоёр нь хө, Голт зүрхийг догдлуулсан Дүрлээ, Тоодой хоёр нь хө, Арын шугуйг хазуулсан, Аргаль, угалз хоёр нь хө, Амин зүрхийг оволзуулсан Дүрлээ, Тоодой хоёр нь хө” гэдэг дуу төдөлгүй Сэлэнгэ нутгаар тархаж, Дүрлээ, Тоодой хоёр ч уг дууг ямар хүмүүс зохисон болохыг гадарласнаар ах дүү, эгч дүү энэхүү дөрвөн залуу яваандаа хайр сэтгэлийн далдын холбоотой болжээ. Зориулсан дуу, шүлэг гэдэг ийм л хүчтэй. Манай алтан үеийн нэг том зохиолч “Аливаа хүнд зориулж шүлэг, дуу зохионо гэдэг маш том соёл” гэж хэлсэн байдаг. Хэрвээ Самбаа, Жимбээ хоёр шүлэг, дуу зохиох авъяасгүй, хайр сэтгэлээ гоц гойд маягаар илэрхийлэх чадваргүй хүмүүс байсан бол Дүрлээ, Тоодой хоёр тэднийг тэгтэлээ хайхарч үзэхгүй байх байлаа. “Дүрлээ, Тоодой хоёр” хэмээх дуу зохиогдсоноос хойш эгч дүү, ах дүү дөрвөн залуу нууцаар уулзалдаж байсаар нэгэн зун Эрдэнэ вангийн хошуунд наадам болж түм түжигнэж, бум бужигнаж байх үеэр сэм нийлж эрх чөлөөтэй амьдрахаар хаа холын Ховог сайрын нутгийг зорин одсон гэдэг.

“ЖААХАН ШАРГА”-ЫН ЧИМЭДЛХАМ

Нутгийнхаа ард олонд “Инжээ” Норов гэж алдаршсан Цэрэнноров хэмээх цогчин унзад Дарьгангын хошууны Овоон сүмд шавилан суудаг байж. Гэвч эхнэр авах ёсон үгүй мань лам Дарьганга нутгийн Чимэдлхам хэмээх үзэсгэлэнт бүсгүйд хайр сэтгэлтэй болж, улмаар шашныхаа дэг жаягийг умартан түүнтэй ханилан суухаар болжээ. Тэгтэл охины эцэг эх хоёр хоосон шалдан ламтай суулгахгүй, хогшил хөрөнгөтэй ноёнтой суулгана гээд нутгийнхаа Жигаа хэмээх ноёнд эхнэр болгож өгөхөөр болсон байна. Цэрэнноров лам амраг хүүхэн Чимэдлхамыгаа авахаар болзсон өдрөө ирэхэд тэднийх Жигаа ноёны нутаглаж байсан Наранбулаг хэмээх газрыг зорин нүүсэн байж. Цэрэнноров ямар ч байсан хайрт хүүхнийхээ хойноос нэхэн очиж амраг сэтгэл нь хувирсан уу, аргагүй хүчийг дагаж уу гэдгийг мэдье гэж шийдээд хоёр сайхан хос шарга морио хөлөглөн замд гарчээ. Тэгээд алсын замд явахдаа, “Жаахан шаргын шогшоонд нь Томоо муухай тасраад байна Жаахан түүнийхээ аашинд нь Сэтгэл муухай гуниад байна” гэж уянгалуулан дуулжээ. Ийнхүү дуулсаар Наранбулагт хүрч Чимэдлхамтайгаа ая эвийг олж уулзан амраг сэтгэл нь хэвээрээ байгааг мэдээд эргэж уулзах болзоо тавиад буцсан байна. Тэрбээр буцах замдаа хайртай хүүхнээ бусдын булхайнаас хэрхэн салгах, ханилан жаргах хорвоод хаалт болсон ламын ёсоо хэрхэн орхих зэргийг эргэцүүлэн бодсоор “Дэвээд байгаа дээврийг, Дээсний үзүүрээр тогтооно, Дэнэгэлзээд байгаа сэтгэлийг, Одоо юугаар тогтооно вэ, Үхрийн чинээ чулууг, Үер дайраад яах вэ, Үнэнч хоёр сэтгэлд, Үг ороод яах вэ” гэж дуулсаар нутагтаа ирсэн байна. Ингээд сарын дараа хайрт хүүхэн Чимэдлхамыгаа Жигаа ноёноос оргуулан авч алс хол хангай газар луу нутаг буруулан дутааснаар хайр сэтгэлтэй хоёр хос эрх дураараа амьдарч олон хүүхдийн эцэг эх болжээ. Мөн анх зохиож дуулсан “Жаахан шарга” дуу нь цаашаа улам төгөлдөржсөн байна. Тухайлбал “Дарьгангын жаахан шаргыг, Уяхан дуулсаар ганихарлаа, Дарьгангын жаахан хонгорт, Унан дурласаар биширлээ, Ар халхын нутаг минь, Дуугаар дутаад дуулсангүй, Арын сайхан хангай минь, Охидоор дутаад дурласангүй, Дуулах дуртай дуу минь, Үнэн сайхан үгтэй, Дурсан санаашрах тэр минь, Түвшин монгол зантай” гэх буюу “Сайн дуу дуулаагүй бол, Сэтгэл юундаа уярах вэ, Сайхан чамтайгаа учраагүй бол, Зүрх юундаа догдлох вэ” гэх мэтээр цааш хөвөрч хоёр хосын уртын урт амьдралд уярал хайрлан олон оныг үдсэнээр өнөөгийн бидэнд “Дарьгангын жаахан шарга” хэмээх алдарт дуу өртөөлөн ирсэн түүхтэй. Дашрамд хэлэхэд Монгол ардын уртын дуу эрт цагт их сонин байдлаар үүсэн гэх домог бий. Уртын дуу нь аль дивангар цагийн Хүннү, Сүннүгийн үеэс Монгол оронд дэлгэрсэн байна. Энэ тухай хоёр мянган жилийн тэртээх Хятадын сурвалж бичигт тэмдэглэгдэж үлдсэн нь гайхалтай. Хятадад 1958 онд хэвлэгдсэн Хятадын төрийн түүхийн “Лидай гэцү жуанзи хуйбан” номноос нэрт түүхч Гүнжийн Сүхбаатар агсан орчуулжээ. Хүннүгийн Шаньюу маш сайхан гоолиг хоёр охинтой байж. Улсын иргэд тэднийг тэнгэрийн охид гэх болжээ. Тиймээс Шаньюу “Би ийм сайхан охидоо хүнд яаж өгөх вэ. Тэнгэрт өргөе” хэмээжээ. Чингээд улсынхаа умартад хүнгүй газар өндөр асар босгож, түүнд хоёр охиноо суулгаад “Тэнгэр минь охидыг маань аваарай” гэж мөргөжээ. Энэ явдлаас хойш гурван жил өнгөрсөн байна. Эх нь охидоо очиж авъя гэхэд Шаньюу “Цаг нь болоогүй байна” гээд зөвшөөрсөнгүй. Дахин нэг жил өнгөрөхөд нэгэн хөгшин чоно ирж асрыг өдөр шөнөгүй харуулдах болсон байна. Нөгөө чоно ульсаар байв. Асрын доор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа больжээ. Энэ үед хоёр охины бага нь “Эцэг минь биднийг тэнгэрт өгөхөөр энд суулгасан. Гэтэл эдүгээ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээжээ. Иймд хоёулаа доошоо буугаад түүн дээр очъё” гэжээ. Гэтэл эгч нь маш ихээр эмээгээд “Энэ чинь адгуус шүү дээ. Эцэг эхийн маань нэрийг бүү бузарлатугай” хэмээжээ. Гэвч дүү нь түүний үгэнд оролгүй доош буугаад чонын гэргий болж хүү төрүүлсэн байна. Түүний удам өсч үржсээр байгаад бүхэл бүтэн улс болжээ. Энэ улсын иргэд чоно улих лугаа уртаар дуулах дуртай болсоноор уртын дуу үүссэн байна.

“ГОО ЖИ НАН АА” ДУУНЫ ЭЗЭН ДАШБАЛЖИР

“Гоо жи нан аа” хэмээх алдарт дууг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Энэ дуу 1910-аад оны үед Да хүрээнд анх зохиогдсон түүхтэй аж. “Гоо жи нан аа” гэдэг нь бодит хүн бөгөөд тэр нь тухайн үеийн халхын сайхан хүүхэн Дашбалжир гэгч ажээ. Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу ноён Намхайжанцан гэгч Богд хаант засгийн үед Да хүрээнд сууж байхдаа Маймаа хотын “Амгалангийн” Жигээ гэдэг залуугийн болзоот бүсгүй Дашбалжирыг хатнаа болгохоор авчруулжээ. Гэвч хүчээр богтлогдож ирсэн Дашбалжир бүсгүй сэтгэлт залуугаа үгүйлэн санаж завсар чөлөө л гарвал түүн рүүгээ гүйж очоод Намхайжанцан ноёныг ихэд сандаргах болсон байна. Мань ноён сайхан бүсгүйг өөртөө дасгах гэж янз бүрийн арга хэрэглэдэг байж. Тухайн үед Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны толгой баян Цогбадрахын хүү Дэнчингомбо гэгч Да хүрээнд хувийн ажлаар ирэх болгондоо Намхайжанцан ноёныхоор орж гардаг, тэр болгонд үзэсгэлэн гоо бүсгүй Дашбалжирын уймарсан сэтгэлийг гадарладаг байж. Тухайн үеийн хүүхнүүд гэзэгнийхээ үзүүрт “Хар залаа” гэж нэрлэдэг нарийн туушин утас залгаж сүлжээд гэзгээ урт болгодог байжээ. Нэг өдөр Намхайжанцан ноён Дашбалжир бүсгүйн гэзгийг самнуулж “Хар залаа” залган сүлжүүлж улам үзэсгэлэн төгөлдөр болгуулсан байна. Тэгээд ноён гадуур ажилтай яваад үдэш иртэл хүүхэн нь сэтгэлтэй залуу руугаа явчихсан байж. Харин энэ бүхнийг нүдээр үзэж, сэтгэлээрээ тунгаасан Дэнчингомбо “Өөвөн сөөвөн гэзгэнд нь, Өнгийн туушин тааруулаад, Өөрийн биш хүний юу чинь, Үдшийн шөнөдөө хоосон доо, Гоо жи нан аа да хө” хэмээн хожмын алдарт дууны анхны бадгийг зохиожээ. Энэхүү Дэнчингомбо гээчийг хүмүүс ихэвчлэн Гомбо гэж дууддаг байж. Маргааш өглөө нь Намхайжанцан ноён шадар туслахуудаа явуулж Дашбалжирыг авчруулаад мөн л өөртөө татахын тулд гэзэг үсэнд нь сувдан сам, даруулга, ээмэг, шүр зүүлгэн жуузанд суулгаж тухайн үедээ Да хүрээнд нэр алдартай байсан Сажи ламд бараалхаж хатнаа болгохоор авч явжээ. Тэгээд Сажи лам дээр очоод “Миний хайртай хүүхний санаа сэтгэлийг нааш нь эргүүлж өгөхийг таньд даалгая” гээд баахан өргөл барьц гардуулсан байна. Сажи лам мань хоёрыг зэрэгцүүлэн суулгаад ном гүрэм уншиж, хүүхнийг үлээж тарнидан сахиус зангиа зүүж өгөөд “За чи одоо энэ ноёны хатан боллоо шүү” гэж сануулжээ. Энэ явдлын дараа Дэнчингомбо “Сагсгар самбай гэзгэнд нь, Сам шүүрийг тааруулаад, Санаа сэтгэл хоёрыг чинь, Сажи ламдаа даатгана даа, Гоо жи нан аа да хө” гэсэн бадаг нэмжээ. Энд гарч байгаа Сажи лам нь Богдыг хаан ширээнд суусаны дараахан Монголд ирж 1922 он хүртэл Да хүрээнд амьдарчээ. Тэгэхээр уг дуу 1910-аад оны үед зохиогдсон бололтой. Ноёны хатан болсон Дашбалжирын сэтгэлт залуу “Амгалангийн” Жигээ нэг өдөр үеийн хэдэн найз нартайгаа ууланд явж байгаад хадан дээрээс хальтраад бэртчихжээ. Үүнийг Дэнчингомбо сонсмогцоо, “Хадан дээрээс хальтирна гэдэг, Хазгай гишгэсэний харгай юу даа, Ханилж суугаад алдана гэдэг, Харгүй явсаны харгай юу даа, Гоо жи нан аа да хө” гэсэн бадаг нэмсэн байна. Дэнчингомбо нь аливаа сонирхолтой юмыг хараад тэр дор нь шүлэглэн дуулдаг авъяастай хүн байжээ. Сүүлдээ харин архинд ороод шүлэг зохиох нь байтугай үгээ хэлж чадахгүй шал согтуу цал пал гэж ярьдаг болсон гэж нутгийн хөгшчүүл нь хуучилдаг байж. Дэнчингомбо нь нутагтаа байхдаа “Оросын ногоон дээлт” гэж нэршсэн Ичинноров гэдэг царайлаг хүүхэнтэй сууж байгаад салжээ. Ичинноров нь хэдэн жилийн дараа Сандаг гэдэг хүнтэй суусан байна. Нэг удаа Эрдэнэ дүүрэгч ван Намхайжанцан үзэсгэлэнт хатан Дашбалжирыгаа дагуулаад нутагтаа очжээ. Гэтэл тус нутгийнхан ноёныхоо хатныг үзэж сонирхоод, “Дүүрэгч вангаас дүү хатан, Дүрсгүй Гомбоос дуутай хатан, Сайд ноёдыг санаашруулсан хатан, Сажи ламаас сахиустай хатан” хэмээн егөөдөн шүлэглэж байсан гэдэг. “Гоо жи нан аа” дууны гарал үүслийн талаар Балжинням бэйс ноёны хатан байсан Ц.Батнасан, Бишрэлт гүний хатан явсан Рэгзэдмаа нар хожим өгүүлэхдээ “Дүүрэгч ван Намхайжанцан болон түүний үзэсгэлэнт эхнэр Дашбалжир бид нэгнийхээрээ ирж очдог сайхан найз нөхөд байлаа” гэж дурссан байдаг. Мөн Маймаа хотын уугуул, алдарт хөгжимчин Д.Ишдулам гуай “Дүүрэгч вангийн хатан явсан Дашбалжирыг би сайн мэднэ. “Гоо жи нан аа” дуу нь Дашбалжирт зориулагдсан дуу байгаа юм” гэж дурсдаг байж. Эрдэнэ дүүрэгч ван Намхайжанцангийн үзэсгэлэнт хатан Дашбалжираас гарсан хүү нь дээхэн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан зохиолч Намхайн Жамбалсүрэн ажээ. Мөн Дэнчингомбын хүү нь ахмад дайчин Дагва гэдэг хүн байж. Зуугаад жилийн тэртээ зохиогдож монголчуудын сэтгэл зүрхэнд өнөөдрийг хүртэл уянгалсаар байгаа “Гоо жи нан аа” хэмээх алдарт дууны талаар цухас өгүүлэхэд ийм буюу. Өөр бусад “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Хэен хуар”, "Сэндэр охин", “Аргагүй амраг”, "Алигармаа", “Хөх торгон дээл” зэрэг 12 дууны домог түүх энд багтсангүй.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ