15 насандаа Сэлэнгэ аймгийн Ерөөгийн хийдэд шавилан сууж байхдаа зургаан бандийн идэх хоолыг ганцаараа идчихээд Сэлэнгийн их уулс руу оргоод явсан “Гулбаа” Лувсандорж хожим алдартай шилийн эр болж, халхчуудаас халиад оросуудад хүндлэгдэж явсан байдаг. Эцэст нь тэрбээр Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсын шүүхээр таслагджээ. Төрөлхийн толгой сайтай “Гулбаа” Лувсандорж уг нь маш их мэргэн лам болох байж. Гэвч хийдэд шавилан сууж байхдаа багшдаа зодуулаад, үүнээс болж Сэлэнгийг чиглээд зугтчихсан гэдэг. Тэгмэгц арван тавны цагдаа нар “За тэгвэл энэ хүүхдийг барихад амархан боллоо. Түүний бүгэж байгаа уулын цаад талд 10 метр өндөр эрэг байгаа. Тэр эрэг рүү морьтойгоо үсэрнэ, эсвэл бидэнд бууж өгнө” гээд тэр зүг рүү хөдөлцгөөжээ. Нээрээ ч тэднийг дөхөж очтол Лувсандорж хүү арван метрийн өндөр эргэн дээрээс морьтойгоо үсэрчих шиг болжээ. Эргийн доод талд улаан хоормогоор үерлэн байгаа Сэлэнгэ мөрөнд мориных нь толгой хөвөлзөөд явчихаж. Энэ үед арван тавны цагдаа нар “Өө, энэ амьтан чинь айснаасаа болоод живчихлээ. Мориндоо зүүгдэж явсаар амьд гарч чадахгүй байсан юм бол яах гэж үсэрсэн лүд вэ. Өөрийнх нь хохь боллоо” гэж ярилцаад буцацгаасан байна. Гэтэл үнэн хэрэгтээ Лувсандорж хүү морио эрэг рүү түлхчихээд, өөрөө саглагар модны мөчрөөс зүүгдээд үлдчихсэн байгаа юм. Хоёр гурван жилийн дараа “Ерөөгийн их ууланд Халхын сайн эр тодорлоо” гэсэн шуугиан дэгдэж, арван тавны цагдаа нар судлаад үзсэн чинь нөгөө Лувсандорж хүү болж хувирсан гэдэг. Энэ цагаас хойш Лувсандорж тухайн үеийнхээ шилийн эрчүүдийн толгой нь болсоноор “Толгой” Лувсандорж гэж дуудагдах болж. Энэ хочийг монголчууд биш оросууд өгсөн байх жишээтэй. Учир нь мань эр хойшоо Оросын хил давж адуу мал хөөдөг, тэндхийн цагдаа нарт баригдалгүй янз бүрээр чулуу хөөлгөдөг, нэг ёсондоо Оросын нутагт домог болчихож. Тэгээд л оросууд түүнийг “Голова” гээд нэрлэчихсэн бөгөөд монголчууд үүнийг нь орчуулаад “Толгой” гэж дуудах болж. Гэхдээ түүнийг голдуу “Гулбаа” Лувсандорж гэдэг байж. “Голова” гэдэг нь “Гулбаа” болчихсон хэрэг. Зарим эх сурвалжид “Гулбаа” гэдгийг “Бүгдийн дарга” гэж тайлбарласан байх аж. Үнэнхүү зартай явсан энэ эрийн тухай Хэнтий аймгийн харъяат, яруу найрагч Л.Энхбаатар, Хөвсгөл аймгийн харъяат Ж.Мягмарсүрэн, Сэлэнгэ аймгийн харъяат Д.Баясах нарын хэд хэдэн хүнээс мэдээлэл авахын сацуу тэртээ 1910-аад оны үед “Гулбаа” Лувсандоржийн барааг харж, домог түүхийг нь шимтэн судалж явсан Ардын хувьсгалын партизан, алмас судлаач Жүгдэрийн Дамдин агсаны тэмдэглэж үлдээсэн дурсамжийг олж үзсэндээ олзуурханам. Тиймээс дээрхи гурван хүний яриаг нэгтгэн дүгнэж, Ж.Дамдин агсаны аргагүй л эрт цагийн, тэгэхдээ бүр коммунизм ид ноёрхож асан жараад оны “Главлит” хэмээх үзэл суртлын том лантууг нэвтлэн гарч хэвлэгдэж байсан харьцангүй үнэн бодитой, үнэ цэнтэй дурсамжин дээр түшиглэн “Гулбаа” Лувсандоржийн хөргийг сийрүүлэв. “Гулбаа” Лувсандорж нь Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн хошууны нутагт байсан их шавь долоон отгийн нэг Нинждолби Номунханы хийдэд шавилан сууж байжээ. Энэхүү хийд орчим нь одоогийн Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуй буюу Цагааннуур сумын нутагт байх Довхон хан уулын хавь газар болно. “Гулбаа” Лувсандорж, хийдэд сууж байхдаа түвд номонд гаргууд болох нь ажиглагдаж, багш нар нь түүний гайхамшгийн сод авъяастай, онцгой сэргэлэн ухаантайг гайхан шагшдаг байж. Гэтэл нэг өдөр Лувсандорж хүү “Би хийдэд суухгүй, хөдөө гарч эхнэр авч хулгайч болно” гэсэн гэдэг. Тэгээд хийдээ орхин явж эхнэр ч авсан, хулгайч ч болсон. Лувсандоржийн аав Тавхайнх туйлын ядуу айл байж. Лувсандорж жижиг толгойтой, намхан биетэй, их чадалтай, уртавтар хар сахалтай хүн байлаа. Орос нутгаас удаа дараа хулгай хийсэн тул Баатар цагаан хааны оросууд Лувсандоржийг “Монголын толгой хулгайч” гэдэг байж. “Гулбаа” Лувсандоржийн хүү Жадамбаа 50 шахам наслаад далаад оны үед бие барсан. Лувсандорж гэр орон, эхнэр хүүхдээ орхин уул хадаар явж ямагт баяд ноёдын мал хөрөнгөнөөс авч ядуу ардуудад хувааж өгдөг байлаа. Намар болоход нутгийн ядуу ардууд Лувсандоржийг далдуур харж явдаг, Лувсандорж ч өвлийн идэш авчраад өгдөг, зөвхөн идшээр барахгүй хоол ундны бусад тусламж үзүүлдэг байжээ. Унаа мориор хүртэл тусалдаг, ядуу айлуудад тарган гүү авчирч өгдөг байсан гэдэг. “Гулбаа” Лувсандорж бол маш их эрэмгий, моринд гарамгай хүн байв. Жишээ нь морины хар хурд дундуур хоёр тийшээ тонгойн савж унаад газраас чулуу шүүрэн авч, хойноосоо хөөж яваа хүмүүсийг чулуудаж байсан гэдэг. Гэр орноороо хааяа нэг эргэж ирдэг, ихэвчлэн ийш тийшээ хэрэн явж уул хадаар нууцлан оргож явдаг билээ. Түүний тухай зориуд өгүүлж байгаа шалтгаан бол тэр дээд ангийн эсрэг тэмцэл хийж ядуусыг өмгөөлөн явсан үнэн баримт олон тул ийнхүү “Монголын сайн эр” гэдэг нэрээр гарчиглан өгүүлэх санаа төрсөн билээ. Лувсандоржийн эцэг “Ширмэн” Тавхай нь Их шавь, Номунханы отгийн жирийн нэгэн ард бөгөөд гэрийн модон хана хийж амь зуудаг байж. Түүнийг нутгийнхан нь хэл ам хурц, эрс шударга үгтэй гэж “Ширүүн Тавхай” гэж нэрлэж байсан нь сүүлдээ “Ширмэн” Тавхай болж сунжирсан юм. Лувсандорж ууланд бүгэх болсоноосоо хойш хол газраас хөлтэй том хулгай хийж, тэр байтугай алс Дорнодын тал дахь баячуудын адуу малыг хөөж авчран нутгийн ядууст өвлийн идэш залгуулж, цагаан Оросын баян худалдаачид болон Хятадын жингийн ачаа хөсгийг дээрэмдэн нэр цууд гарахын зэрэгцээ зүүн өмнө зүгт Баргын цэнхэр талаас баруун хойт хязгаар Тагнын цаст уул хүртэл Эрхүү, Дээд-Үд, Чита орчмоос Бээжин, Жанчхүү, Хөх хот хүртэлх асар уудам газар хээрийн шувуу мэт чөлөөтэй дүүлж, юу санаснаа бүтээж явдаг сайн эр болж хувирчээ. Дайчин вангийн Дуулин, “Хулгар” Нацаг, Ар гөрөөчний Жамбаа банди зэрэг нэр зартай, бяр чадалтай хулгайч нар цөм “Гулбаа” Лувсандоржийн хоршоо этгээдүүд байсан байна. Бас говийн алдарт хулгай “Ширмэн” Хоовон, Алтай чигийн сайн эр Хилэн захт нар бүгд Лувсандоржийн хань сүлбээ нар байжээ. “Гулбаа” Лувсандоржийн барааг би бага залуу байхдаа гуравхан удаа харсан юм. Манж Чин улсын эцсийн үеийн нэгэн жилийн цагаан сарын нийтийн золголтоор бүх лам, хавийн харцуул цөм Нинждолби хийдийн их сангийн газар цугларан шинэлжээ. Тэгэхэд намхан оройтой булган малгай, хүрэн тэрмэн дээл өмссөн тагдгар дөрвөлжин биетэй, ширвээ хар сахалтай, гуншаадуу дуутай хүн шинэлж явсан бөгөөд урьд өмнө үзэгдээгүй хүн тул хажуугийн хүнээс асуувал “Нөгөө Ширмэн Тавхайн хүү “Гулбаа” Лувсандорж гэдэг чинь энэ шүү дээ” гэж билээ. Хожим нь би өвлийн нэгэн дүнсгэр орой Нинждолби хийдийн улаан хайсны урдуур явж байтал хоёр морьтой хүн цасан дээр суугаад энэ тэрийг ярилцан тамхилж байв. Харвал нэг нь “Гулбаа” Лувсандорж бөгөөд гялалзсан оройтой лоовууз, хантааз өмссөн, хөх дээлтэй байж билээ. Тэр хоёр хүн хоёул буу үүрсэн байлаа. Хожим сонсвол тэр шөнөдөө зүүн тийш Зэлтэр хавьд дээрэм хийсэн байж билээ. Дараа жилийн нь өвөл билүү, Нинждолби хийд дээр “Жүгдэр дочин” хэмээх том гүрэм болов. Энэ бол жаран хэдэн сор залдаг тэр үеийн улсын чанартай том гүрэм байсан юм. Тэдгээр олон сорыг залах элдэв үйлдлийг сонирхохоор цагаан Оросын хэдэн баян худалдаачин морин тэрэгтэй, ачаа бараатай, нэлээд танхай байдалтай явж байлаа. Нэг харахад сор залж байгаа лам нарын дунд нөгөө “Гулбаа” Лувсандорж маань нэгэн сор барьчихсан улаан орхимжтой явж байв. Үүнийг би хэмжээгүй гайхсан билээ. Учир нь уул хэцийн том хулгай гэх. Гэтэл энд шашны үйл явдалд оролцоод, сор барьж явдаг ямар учиртай юм бол доо гэж бодож байсансан. Гэтэл Лувсандорж тэр шөнөдөө нөгөө цагаан Оросын хэдэн танхай баяныг дээрэмдэн ачаа барааг нь юу ч үгүй тоночихсон дуулдаж билээ. Бодвол танхай оросуудын дунд Лувсандоржийн таньдаг өстэй хүн ч явсан байж болох бөгөөд тэдний байр байдлыг өөрөө туршин мэдэх гэж зориуд зүсээ хувирган тийнхүү сор барьж явсан хэрэг биз ээ. Би “Гулбаа” Лувсандорж гуайг гурван удаа ингэж зүс үзсэн маань одоо болтол санаанд илхэн байдаг юм. Түүнд хүмүүс дээр доргүй сайн, дээр доргүй түүнээс айдаг байсан юм. “Гулбаа” Лувсандоржийн эхнэр сэргэлэн цовоо, чийрэг сайхан бүсгүй байсан билээ. Тэднийх төдий чинээлэг бус жижигхэн гэртэй, цөөхөн үнээтэй, хоёр гурван тэрэг шартай, хэдхэн морьтой ийм айл байсан юм. Лувсандорж гуай хулгайлж олсон зүйлээ гэртээ оруулахгүй, хошуу нутгийн ядууст түгээдэг, бас өөрөө гэртээ үзэгдэх нь тун цөөн байсан. Нэгэн намар Лувсандорж гэртээ ирээд хоёр хоног өнжихдөө гэрээ нүүлгэлцээд шинэ нутагт буужээ. Тэгээд цай чанаж суутал гурван морьтой хүн ирсэн нь арван тавны цагдаа нар байх нь тэр. Бүрэн зэвсэглэсэн тэд “Гулбаа” Лувсандоржийг барихаар ирсэн байлаа. Тэднийг хараад Лувсандорж жигтэйхэн сайхан ааштай болж, өөрөө бөндөлзөн гүйгээд эхэлсэн байна. “Та Лувсандорж мөн үү?” гэж асуухад “Мөн байлгүй яах вэ. “Гулбаа” Лувсандорж гэдэг чинь би биеэрээ мөн байна. За та бүхэн дээшээ морил. Холоос ирэв үү, ядрав уу. Бодвол цангаа л биз дээ. Шинэ цай зоогло. Мөн ч билэг дэмбэрэлтэй сайхан юм болж байна даа. Манайх дөнгөж сая шинэ нутагт буугаад, шинэ цайгаа чанаад байгаа нь энэ. Алив эхнэр чи нөгөө тусгай тавагтай нарийн идээгээ энэ эрхэмүүдэд гаргаж барь” гэсэнд эхнэр нь авдраа онгойлгоод баахан юм тожигнуулж байснаа том царан дээр хийсэн идээг шар хадгаар бүтээж авчраад Лувсандоржид өгсөн байна. Лувсандорж инээд алдан сөгдөнгөө мөнөөх идээгээ цагдаа нарын өмнө тавьжээ. Тэгээд бүтээлэг хадгийг нь авмагц идээн дээр сэлээдий буу байх нь тэр. Лувсандорж тэр бууг шүүрч аваад өнөөх сайхан зан, инээд нь ор мөргүй арилж “Битгий хөдөл. Таануус тэгдэг вий. Эхнэр чи эд нарын бууны замгийг тус тусад нь суга татан авч хөндий бууг нь өөр өөрт нь үүрүүлж өг” гэсэн байна. Овсгоотой, сэргэлэн эхнэр нь Лувсандоржийн хэлсэнийг тэр дор нь ёсоор болгожээ. Тэгмэгц Лувсандорж нөгөө гурвыг гаргаж моринд нь мордуулаад, өөрөө хойноос нь туугаад арилж одсон гэдэг. Ингээд Лувсандорж ч байхгүй, цагдаа нар ч яасныг бүү мэд, таг чиг болсон гэдэг. Энэ мэтийн хурц үйл явдлыг олонтаа туулж, ард олны дунд үлгэр домог мэт арвин дурдатгал үлдээсэн “Гулбаа” Лувсандоржийн тухай тоочин бичээд баршгүй. Монголын хойд хэсгээр Баатар цагаан хааны хөрөнгөтний нөлөө маш их байлаа. Хойд хилээр Оросын худалдаачид олноор нэвтрэн ирж мал, ангийн үс тэргүүтнийг худалдааны аргаар сорж байв. “Гулбаа” Лувсандоржийн төрж өссөн нутагт иймэрхүү явдал болж байсан нь түүний анхааралд өртжээ. Тэгээд Лувсандорж “Цагаан оросууд Монголын хамаг юмыг авч яваад байна. Тэднийг харахгүй юу? Цагаан оросууд орж ирсэнээс хойш хилийн ой хөвчийн хамаг ан амьтаныг хядаж дуусгах нь” гэж хэлдэг байжээ. Цагаан Оросын колоничлогчдыг үзэн ядах санаа Лувсандоржид төрж байсан нь гарцаагүй билээ. Ингээд Лувсандорж хариугаа авахаар Оросын нутгаас удаа дараа хулгай хийсэн байна. “Хаад ноёдын хахаж цацсан хөрөнгө зоориос харц ядуу хүн хүртэхэд яадаг юм бэ” гэж Лувсандорж хэлдэг байж. Тэр Баатар цагаан хааны нутаг Эрхүү хотын тэндээс нэг орос хөрөнгөтний 500 тоомсог адуу хулгайлж Да хүрээ дайруулан Цахараар дамжуулан Бээжинд хүргэж худалдсан гэдэг. Энэ үеэс эхлээд Оросын цагаан хааныхан Лувсандоржийг барихаар эрж хайсан бөгөөд түүнийг чухам энэ үед “Монголын толгой хулгайч” буюу “Голова” гэж цоллосон түүхтэй. Төдөлгүй Лувсандорж 500 тоомсогийн хэргээр баригдаж Хиагтын монгол, орос заргачийн яаманд шүүгджээ. Энэхүү шүүхэд Монголын талаас түүхч Ш.Нацагдоржийн өвөг эцэг Балдан гүн очсон бөгөөд Оросын талаас тусгай төлөөний сайд оролцсон байна. Лувсандоржид есөн эрүү хэмээх шүүлт тулгаж банзадсан тул гуяны мах нь шалбарч урагджээ. Тэгтэл Лувсандорж тэр салбарсан махаа хутгаар огтлон цагаан хааны байцаагч түшмэдийн өөдөөс хаяж “Миний түүхий махнаас иднэ үү? Та нарт үүнээс өөр өгөх бэлэг надад байхгүй. Наадахаа ид” гэж тавлаж байсан гэдэг. Ясны сайн эр байсан тул ямар ч хэрэг хүлээлгүй есөн эрүүг торохгүй давсан тул монгол түшмэл “Манай хуулинд эдгээр эрүү шүүлтийг даваад хэрэг хүлээгээгүй хүнийг суллаж тавих ёстой” гэж хэлээд суллуулжээ. Оросын талынхан “Гулбаа” Лувсандоржийн агуу чанарыг мэдэрсэн тул монгол түшмэдэд хандаж “Танай энэ хулгайчийг бид их мөнгөөр худалдаж авъя” гэхэд “Хүн худалдаж авна гэдэг чинь юу гэсэн хэрэг вэ. Өгөхгүй” гэсэн гэдэг. “Гулбаа” Лувсандорж чингэж орос хөрөнгөтний 500 томсог адууг хулгайлсанаа улайлгүй гарсан байдаг. Дараа нь тэр “Баян баргуудын сүргээс хүртэнэ дээ” гэж ярьж хэлж байсаар Баргын хийдэд ганжуур хурж байхыг далимдуулаад адуунаас нь зуу гаруй морь тасдан хөөж нутагтаа авчраад ядуучуудад тарааж өгсөн юм гэнэ билээ. Уг адууг хөөж гарахад баргын баячууд түүний араас хэдэн хүн давхиулжээ. Тэгтэл Лувсандорж цөмийг нь барьж аваад мориных нь сүүлнээс огтлон авч хоёр гарыг нь ард нь хүлээд орхисон байж. Үүнээс үзэхэд “Гулбаа” Лувсандорж ихээхэн тэнхээ тамиртай хүн байжээ. Түүнд хүлэгдсэн хүмүүс нутагтаа очоод “Биднийг хүлсэн хүн нөгөө халхад алдартай “Гулбаа” Лувсандорж гэдэг хүн байна. Аминдаа хайртай бол түүний хойноос хөөцөлдсөний хэрэггүй” гэсэн гэдэг. Хошууны туслагч, тэргүүн зэргийн тайж Амгалан гэгч харгис ч хүн байж, баян ч эр байж. Тэднийх тусгай түнш пүүстэй, анчидтай, олон боол зарц шивэгчинтэй, олз омог ихтэй, хошуундаа нэртэй нэг нударганых байв. Тэднийд “Урианхай” Ламзав, Эрэнбүү нарын зарц байдаг байлаа. “Урианхай” Ламзав бол уул нутгаасаа цагаачлан гарч Цагааннуурт ирж Амгалан туслагчийнд зарцлагдан амиа тэжээж байсан хүн. Нэг удаа Ламзав, Эрэнбүү хоёр Амгалангийн түнш пүүсний наймаанаас хэдэн авдар хятад боов хулгай хийж тэргэнд ачаад явж байгаад баригджээ. Амгалан захирагч Эрэнбүүгийн толгойг хага цохиж, Ламзавыг нэвширтэл банздаад Нинждолби хийдийн харъяат шавь отгийн яаманд хулгайлсан хэдэн авдар боовных нь хамт хүргэсэн байна. Отгийн яамныхан хоёр зарцын хүзүүнд дөнгө углаад хийд тойруулаад явуулдаг болж. Нөгөө боов алдсан пүүсний данжаад таван авдар нарийн боовоо тоо, зүсээр нь авч тэргэнд ачаад хийдээс Амгалан туслагчийнх руу хөдөлжээ. Тэгэхэд “Гулбаа” Лувсандорж Нонждолби хийд дээр ирж хоёр зарцын дөнгийг хэмх цохиж хаяад “Ядуу хулгайч нарыг ингэж дарлаж зовоож байдаг вий гэж цаадуулдаа хэлээрэй. Бидний дөнгийг “Гулбаа” Лувсандорж хэмх цохисон, хэмх цохиулахгүй бол өөрсдийг чинь ална гэсэн гэж хэлээрэй” гэсэн гэдэг. Отгийн яамныхан “Гулбаа”-гаас ухаан алдталаа айдаг байсан тул хоёр зарцад дахин дөнгө зүүлгэлгүйгээр суллаж тавьсан байгаа юм. Дараа нь “Гулбаа” Амгалан туслагчийнх руу явж байсан хоёр хятадыг барьж хүлж орхиод, нөгөө авч явсан таван авдар боовыг нь Номгоны шанаанд байсан хорь шахам айлд тарааж өгөөд, Амгалан туслагчийн гаднаа сойж байсан хорь гаруй шилмэл хурдан хүлгийг авч одсон гэдэг. Нөгөө Ламзав, Эрэнбүү хоёр “Бид хоёрыг Лувсандоржтой хань хамсаатан байсан гээд сүйд хийх байх даа. Одоо яана даа, оргож зайлах уу” гэж хэлэлцэж байтал Амгалан захирагч “Та хоёр пүүсний боов хулгай хийснээс болж манайд их гарз гаргалаа. Гэхдээ ийм гарз гарах учиртай байсан биз ээ. “Гулбаа” Лувсандоржийн гараас амар мэнд гарсан маань миний хувьд том олз боллоо” гээд хоёр зарцыгаа шийтгэлгүй орхиж байсан гэдэг. Амгалан туслагч “Гулбаа” Лувсандоржоос шүүрс алдталаа айж сандарсанаас тийнхүү таг дуугүй өнгөрсөн биз ээ. Хэрвээ хэрэг төвөг үүсгэвээс Амгалан захирагч “Гулбаа”-д голомтоо туужуудуулж мэдэх байлаа. Нутгийн нь хүмүүс энд тэндээс хулгай хийвэл “Гулбаа” Лувсандоржид ихээхэн түвэг болдог байж. Ялангуяа ядуу хүн юмаа хулгайд алдвал тэр алдсан юмыг нь Лувсандорж мэдсэн л бол заавал олж өгдөг, эсвэл хулгайд алдсан юмны ор нь буцаж ирдэг байж. Нэг удаа нутгийн нь нэг ядуу хүн гүүгээ хулгайд алдаад Лувсандоржид хэлэхэд “Муусайн олиггүй хулгайч нар хаяагаа хадардаг юм. Би нэг аргыг нь олно оо” гэсэн хариу өгчээ. Тэгээд хэд хоноод байтал нөгөө ядуу хүний гүү гаднаа хүрээд ирсэн байж. “Гулбаа” Лувсандорж ч нөгөө ядуу хүнтэй ч дахин уулзсангүй, түүний гүүг хэн гээч хулгайлсан болох нь ч мэдэгдсэнгүй. Тиймээс гүүний эзэн “Лувсандорж хулгайчийг олоод аргыг нь олсон байхаас зайлахгүй” гэж ярьж байжээ. Хулгайч хулгайчаа сайн мэддэг тул хэн, хэний юуг хулгай хийсэн гэдгийг Лувсандорж андахгүй сайн мэддэг байснаас ядуу хүний алдсан зүйлүүдийг эзэнд нь эргүүлэн олж өгч байсан удаа олон юм гэнэ билээ. Нэг удаа Лувсандоржийн харъяат хошууны ноён Эрдэнэ ван Намсрай дэвшиж эзэн хааны шадар сайд, Шүүх яамны тэргүүн сайд болсон байна. Ингээд тэргүүн сайд Сэцэн ханынханыг маш сайн хурдан морьдтой гэж сонсоод тэндхийн нэг хошуунаас нэртэй хурдан зургаан үрээ худалдан авч нутгийнхаа Дагвасүрэн гэдэг хүнд өгч маллуулжээ. Эдний хамгийн сайхан үрээ нь өндөр хээр үрээ байж. Гэтэл нэг орой морь маллагчийнд нэг хүн ороод ирж. Харсан чинь шилийн эр “Гулбаа” Лувсандорж байхаар нь малчны дотор палхийгээд явчихаж. Тэгээд түүнд мах чанаж өгөөд сүйд болжээ. “Гулбаа” Лувсандорж баахан мах идэж аваад явахдаа “Алив танай морины жүчээгээр нэг ороод гаръя. Дандаа томчуудын морь байдаг гээ биз дээ. Сонирхоё” гэсэн байна. Тэгээд тэр малчны хамт морины жүчээнд явж ороод морьдыг эргүүлж тойруулан ажиж байснаа “Миний унаа энэ байна” гээд нэг өндөр хээр морь луу хуруугаараа дохижээ. Тэгтэл малчин “Та үүнээс өөр морь ав. Энэ морь Шүүх яамны сайдын морь байгаа юм. Хэрвээ энэ морийг авчихвал таныг мөрдөж мөшгих явдал их том хүрээнд өрнөх болно. Өөртөө ингэж гай тариад хэрэггүй биз дээ” гэж ирээд л учирлаж гарсан байгаа юм. Хариуд нь “Гулбаа” Лувсандорж “Шүүх яамны сайдын морь байх тусмаа бүр сайн. Цаадахдаа намайг аваад явсан гэж хэлээрэй” гээд мөнөөх өндөр хээр морийг шууд унаад явчихжээ. Малчин эр шөнөжингөө давхиад Нийслэл хүрээнд ирж Шүүх яамны сайдын өргөөнд давхиж ороод “За сайд минь, баларсан шүү. Таны морийг шилийн хулгайч “Гулбаа” Лувсандорж дээрэмдчихлээ” гэж амьсгааджээ. Шүүх яамны сайдын царай хачин болж ирсэнээ “Гулбаа” Лувсандорж гэдэг нэрийг сонсонгуутаа “За одоо яая гэхэв. Сайн эр, сайн морь хоёр бие биенээ олж дээ” гээд тайвширсан гэдэг. “Гулбаа” Лувсандорж халхад үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн шилийн эр байсан нь эндээс хүртэл харагдаж байгаа юм. Олноо өргөгдсөний эцсийн онд Монгол орон гадаадын дарлал мөлжлөгөөс ангижран салах цаг ойртож байлаа. Тэр үед хүмүүс “Цагаан хааны төр мөхөж Ленин гэдэг хүн гарч Оросын ард олон эрх чөлөөгөө олж авсан, тэгээд тэд улаан туг толгой дээрээ мандуулан явах юм гэнэ. Тэр нь цусаа асгаруулан тэмцэж эрх чөлөөгөө олсоны тэмдэг юм гэнэ. Бид ч бас феодал ноёдыг устган эзэрхэг төрийг мөхөөж гэгээн сайхан засаг байгуулах юм байх аа” гэлцэж байв. Гэвч хязгаар нутагт өнөөх цагаан хааны нударган баячууд хэвээрээ байсан. Тэд их л үймэлдэн сандарч, хил дээр байсан нэг баян худалдаачин оросын адууны хашаа шатсанаас тэнд байсан хэдэн монгол хүнийг барьж зодоод алах шахсан гэж сонсодлоо. Зарим баян худалдаачин оросууд Амарбаясгалантын хийдэд мөргөхөөр явцгаасан юм гэнэ билээ. Орос оронд хувьсгал гарч хэрэг буруудна гэдгээ тэд мэдээд Буддын шашин шүтдэггүй хэдий ч бурханд мөргөцгөөн даатгал хийлгэх гэсэн юмуу, бүү мэд. Юутай ч хэсэг орос худалдаачин Амрбаясгалантын хийд ороод буцаж явжээ. Ингээд тэднийг нэг газар хоноод байтал “Гулбаа” Лувсандорж ирээд буу тулган байж бүх юмыг нь авч, өөдөөс нь эсэргүүцсэн хэдэн худалдаачныг нядааж орхисон гэдэг. Тэндээс маш их юм авсан гэх бөгөөд мөнгөнөөс гадна чоно, үнэг, шилүүсэн дах, дээл хувцас хураасан гэдэг. Тэгээд Лувсандорж хэдэн жилийн дараа баригджээ. Өнөөх л юмаа дээрэмдүүлсэн худалдаачдаас Хиагтын заргачийн яамнаа мэдүүлжээ. Эцэст нь тэрбээр Хятад, Орос, Монгол гурван улсын шүүхээр таслагдсан гэдэг. Одоогийнхоор бол олон улсын шүүх юмуу даа. Гэвч Лувсандорж хэргээ огт улайсангүй. Тиймээс Заргачийн яам арга зохиож нэг туршуул гаргаж гэр лүү нь хүн явуулжээ. “Лувсандорж оргосон, би хамт тэндээс оргосон хүн, хантааз, лоовуузыг минь аваад ир гэж хэлүүллээ” гэсэнд эхнэр нь гэнэдэж тэдгээр зүйлийг нь өгсөн байж. Уг хүрэн тэрмэн хантааз, улаан лоовуузыг зарагчийн яамныхан хүлээж аваад “Энэ чиний юм мөн үү?” гэж асуухад Лувсандорж “Наадах чинь минийх биш. Манай Монголд ийм лоовууз, хантааз өмссөн хүн захаас аван байдаг” гэхээс өөрийг мэдүүлсэнгүй. Тиймээс Заргачийн яамныхан түүний эхнэрийг авчраад Лувсандоржийн нүүрэн дээр “Энэ танай хүний лоовууз, хантааз мөн үү?” гэж асуусанд “Манай хүний юм биш ээ” гэж мэлзсэн байна. Нэгэнт улайхгүй болохоор нь Заргачийн яамныхан Лувсандоржийн эхнэрийн хоёр хөхийг нарийн шанз олсоор эрж чангалан эрүүдсэнд хөөрхий бүсгүйн царай зэвхий хөх болж ухаан балартан унажээ. Тэгмэгц олсыг сулруулан ухаан оруулаад асуусанд бас л улайсангүй. Энэ бүхнийг Лувсандорж дув дуугүй шазуур зуун харж сууснаа “За та нар наад бүсгүйгээ ингэж зовоогоод яах вэ. Тэр бүхний чинь би хийсэн болъё” гэсэн гэдэг. Гэтэл эхнэр нь түүний дэргэдүүр гарахдаа өндөр дуугаар “Эрүү шүүлтийн дээдийг үзэж, эм намайг улайгаагүй байхад эрийн цаад эр болж төрчихөөд худал хэрэг хүлээх ч гэж дээ. Үүгээрээ чи энэ шоронд үхнэ вий!” гэж хэлээд гарч одсон гэдэг. Үнэхээр ч Лувсандорж энэ хэргээрээ шоронд сууж байгаад халдварт хижиг өвчинд нэрвэгдэн насан эцэс болсон гэдэг билээ. Харин эхнэр нь хожим “Муу нөхрийгөө би дэндүү гомдоочихов уу даа. Сэтгэлээр чанга байг гэж л хэдэн хатуу үг хэлсэн юмсан. Эр хүнийг арай ч дэндүү гутаачихлаа даа” гээд уйлж байсан гэдэг. Домогт эр Лувсандоржийг шоронд бие барсныг сонсоод олон мянган бор гэрт, олон түмэн ядуу ард уйлан эмгэнэжээ. Энэ нь “Гулбаа” Лувсандорж гэдэг хүнийг харц ядуу ардын төлөө нэгэн биеийн жаргал цэнгэл, алтан амь, ариун биеэ үл хайрлан зүтгэж явсан тухайн үеийн тэргүүний тэмцэгч байсныг гэрчилж байгаа юм. Тэр үед аяндаа гарч ирсэн эдгээр тэмцэгчдийг оройлон нэгтгэх, хувьсгалт тэмцлийн удирдагч байгаагүй учраас ангийн тэмцлийн ганцаарчилсан хялбар хэлбэр болох шилийн хулгай Монгол оронд нилээд дэлгэрч байсан. Түүний нэгэн томоохон төлөөлөгч, түүхт хүн бол “Ширмэн” Тавхайн хүү “Гулбаа” Лувсандорж билээ. Түүний амьдрал бурангуй засгийн сүүлчээр, Ардын гэгээн засаг төр мандахын босгон дээр ингэж төгссөн юм. Дарлан мөлжигчдийн эсрэг эр зориг барин тэмцэх эгэл эрсийн ширүүн тэмцлийн уламжлалт цулбуурыг Ардын хувьсгалын партизан цэргийн гарт буухиачлан атгуулж өгсөн Халхын сайн эр “Гулбаа” Лувсандоржийн алдар нэр үүрд мандах болтугай!

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ