Монголчууд бид эртний хээгүй, гүндүүгүй улс. Хэр баргийн юманд гоншигнож, цааргаладаггүй. Гэтэл ямар­ваа зүйлд тэвчээрийн зааг гэж бий. Монголд хүнсний аюулгүй байдал аюулын харанга дэлдэж хүнсний хөнөөлт байдал дээд цэгтээ тулаад байна.

Юманд учир, суманд гичир гэдэг дээ. Одоо бүр эх орондоо хүссэнээ дураараа хэрэглэх ч арга алга. Юу идэж, уухаа ч бүр мэдэхээ байлаа. Ходоод гэдэг хогийн сав болсон хорвоо юмуу даа гэмээр.

Даяаршлагдсан өнөө үед юм бүхэн хөгжиж, болохгүй бүтэхгүй зүйл ховор болж. Их хотын завгүй залууст уламжлалт идээгээ гэртээ зооглож чадахгүй ч, гэрт нь хэд хоносон ч үл муудах шинэ технологи бий болсон нь олон гэр бүлийг баярлуулсан.

  Хүн бүхэн л найдвартай, чанартай хүнс хэрэглэхийг хүсэх нь мэдээж. Гадны бүтээгдэхүүнүүд батал­гаагүй “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” гээд дээд доодгүй амтай бүхэн цуурдаг. Гэтэл хэрэглэгчийн энэ хүслэнг хяслан болтол нь хошгоруулсан  “Оргил хүнс” компани урд хөршөөс угшилтай “Гоё” гэх бүтээгдэхүүнээ Монгол тараг хэмээн сурталчилаад өдгөө хүртэл олныг хуурсаар. Тэд энэ харийн технологиор хуванцар савтай, химийн  бүтээгдэхүүн гаргахдаа хэл, хөлд ороогүй балчраас, хөгшид буурал хүртэл хэрэглэдэг гэдгийг умартсан бололтой. Үгүй бол нүдэнд нь мөнгө харагдаад санахыг ч хүсээгүй байх.

Эрүүл мэнд эрхэм баян гэдэг. Тараг бол исэлддэг чанараараа хүний биед маш ашигтай бүтээгдэхүүн. Гэтэл сүүлийн үед сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тараг биш, өнгө оруулсан амттай, элдэв орцтой,чихрийн агууламж хэтэрсэн, хүний биед ашигтай бичил биет огт байхгүй, гайхалтай нь хэзээ ч исч гашуурдаггүй, ундааны төрөл зүйл болгочихоод байгаа нь сонирхол татаад болдоггүй. Бас тэр хэрээрээ айдас дагуулаад байх юм. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж  “Оргил хүнс” компани жагсдагийг учир мэдэх нэгэн хэлж буй.Урд хөршийн тарагтай толгой түрүүгүй адилхан, дундаа  Хятад улсын “Kingswell” сав үйлдвэрлэх машин,  “Zhongya yogurt”  үйлдвэрлэх машин, “Yunang” найрлагын цехтэй  гэж бодогдохуйц ижил заяа гэмээр “Гоё” тарагны шошго иргэдийг төөрүүлсэн мэдээлэл агуулж, хүний биед ширхэг ч тусгүйг өмнөх дугааруудад дурдсан. Дахин нэгэн зүйлийг хэлэхэд, “Оргил хүнс” компаниас Монголд худалдаалж буй тарагны найрлагад хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгаж, амт, өнгө оруулдаг E төрлийн бодис ихээр агуулагдаж буйг учир мэдэх нэгэн сануулсаар бай­гаа. Тухайлбал, тус ком­панийн тараганд өтгөрүүлэх, эмульсжүүлэх, тогтворжуулах, исэлтийг удаашруулах үйл­чил­гээтэй  E1442,  E440, E451,  E331 III зэрэг  бодис ордог гэв. Уг бодисууд нь ашигтай бактерийг үгүй болгож, сүүнд байх эрдэс бодисыг үхүүлдэг байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага E төрлийн бодисыг хориглодоггүй ч уг бодисыг ихээр хэрэглэвэл аюултай  төдийгүй заримыг нь бүр хэрэглэхийг хориглосон байдаг бөгөөд хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх, аюултай, маш аюултай гэх зэргээр ангилдаг байна. Өнөөдөр барууны орнууд “Е”-ийн төрлийн бодисноос бүр мө­сөн татгалзаж байгаа гэнэ.  Гэтэл манай улсын стандартад үүнийг зохицуулсан журам, заалт байдаггүй төдийгүй хэрэг­лэхийг зөвшөөрсөн байдаг байна. Үүгээр ч зогсохгүй.   Урт хугацааны хадгалалт нь E төрлийн бодисыг улам идэвх­жүүлдэг байна. Угтаа бол Стан­дарчлал хэмжил зүйн газ­раас баталсан сүү, сүүн бүтээг­дэхүүний стандартад тарагийг дээд тал нь 14 хоног хадгалахаар заасан байдаг. Гэтэл E төрлийн бодис агуул­даг бүтээгдэхүүнийг л 28 хоногоос зургаан сар хүртэл хадгалж болдог гэв. Тэгэхээр энийг тараг гэж нэрлэхэд дэндүү гоёдмоор санагдаад байгаа юм. Тараг биш атлаа тарагны стандарт хажуу бөөрөн дээрээ сийлсэн, хатуухан хэлэхэд хонины арьс нөмөрсөн чоно санаат  тус компанийг хэдий болтол давраах вэ? Хамгийн сонин нь “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ” гэгчээр хянадаг шалгадаг байгууллагууд нь бүлх залгисан юм шиг дуу­гүй байх нь сонин. Өнөөх цуутай эгэл ардад гар далайж үйлчилдэг хянадаг, шалгадаг байгууллагууд тус компанийг тав, зургаан удаа шалгасан атлаа ямар ч зөрчилгүй гээд өнгөрсөн байдаг. Ганц найдах байгууллага нь ажилдаа ингэж хандахаар эх орондоо эрүүл саруул амьдарна гэдэг нь яваандаа “Мянгуужингийн үлгэр” болох нь. Босго өндөртэй, шалгуур чангатай гэгддэг НМХГ-ынхаан  яг одоо энэ мөчид  тус компанийг шалгаж, чангалах хэрэгтэй байна. Мэлхийн хурдаа болимоор юм, Мэргэжлийн хяналтынхаан.

“NT” © Ж.ЭРДЭНЭЧИМЭГ