20-р зууны эхэн үед Хараа, Ерөө нутаг, Ноён уул, Минжийн хангайгаар гэр хийж явсан домогт шилийн сайн эр “Улаан” Дамаагийн тухай дуулж сонсоогүй хүн ховор биз ээ. Зохиолч Д.Наваансүрэнгийн “Минжий хангай” романд “Улаан” Дамаа нь эерэг талын баатраар дүрслэгдэж Монголын уран зохиолд нэрээ мөнхөлсөн билээ. Түүний шилийн сайн эр болох зам мөр нь мөнөөх л ноёд баяд, шунахай дээрэнгүй хятадуудтай холбоотой. Дамаа мэдээ орох үеэ хүртэл эхтэйгээ хоёулаа туйлын ядуу тарчиг амьдарчээ. Дамаагийн ээж тухайн үед Хараа, Ерөө нутагт хагарталаа баяжиж, хэхэртэлээ шунамхайрч байсан Чуумингийн пүүсний хэдэн хонь ямааг маллаж, аяга тагш сүү цагаагаар нь амь зуудаг байж. Чуумингийн пүүсний мал хариулдаг айлууд жил жилийн хавар, намар цагт пүүсний тариан талбай дээр үнэ хөлсгүй ажилладаг байсан бөгөөд Дамааг 12 нас хүрч байх үед ээж нь хүнд хүчир ажлаас болж бөөр нурууны өвчтэй болжээ. Намрын нэг өдөр түүнийг тариан талбай дээр ажиллаж байтал Чуумингийн пүүсний эзэн хятад тариа ногоогоо эргэж ирсэн байна. Энэ үед Дамаагийн ээж түүнд өвчинд нэрвэгдээд байгаагаа учирлан хэлээд хүнд хүчир ажлаас чөлөөлж өгөхийг хүсчээ. Тэгтэл пүүсний эзэн “Чуумингийн буянаар өл залгуулж өдий зэрэгтэй яваа өмхий гичий минь чи дуугүй ажлаа хий” гэж зандарчээ. Дамаагийн ээж энэ үгийг нь тэссэнгүй. Пүүсний эзэн хятадын унаж явсан морины цулбуураас зуурч аваад л ноцож гарчээ. Гэвч ингэлээ гээд сайн юм болсонгүй. Пүүсний эзэн хятад түүний тархин дундуур ташуураар буулгаж орхижээ. Угийн өвчин хуучтай байсаныг ч хэлэх үү, хөөрхий эмэгтэй ташуурын хүнд цохилтыг даасангүй. Тэр даруйдаа л хэвтэрт орж, элдэв янзын эм тан ууж, гүрэм ном уншуулсан ч хэд хоногийн дараа таалал төгсчээ. Ингээд 12 настай Дамаа хүү өнчирч, нутгийнхаа На захирагч гэгчийнд зарцлагдах болсон байна. Дамаа энэ айлын хамаг л хүнд хүчир ажлыг хийж байсаар эрийн цээнд хүрчээ. Гэтэл энэ үед На захирагч үнэтэй цайтай хөөрөг, гаансаа хулгайд алдаж, үүнд Дамааг сэрдсэн байна. Тэрбээр хүүтэйгээ элбэж Дамааг нэвширтэл зодоод хошуу тамгын газарт тушаажээ. Харгис тахарууд Дамааг сар гаруй банздаж, шаахайдсан боловч хэрэг хүлээлгэж чадсангүй. Үнэндээ ч мөнөөх хөөрөг, гаансыг нь аваагүй болохоор Дамаа хилс хэрэг хүлээсэнгүй. Харин хожим На захирагчийн эрх хүү тэрхүү хөөрөг, гаансыг нь хулгайлж аваад даалууны мөрийд алдчихсан болох нь тогтоогджээ. Дамаагаар хэрэг хүлээлгүүлж чадаагүй харгис тахарууд аргаа барахдаа түүнийг Нийслэл хүрээний “Батгүн” шорон руу шилжүүлэхээр болж. Гэвч угийн өсгөлүүн биетэй, гартаа бүл чадалтай Дамаа хоёр харгалзагчийг гавтай гараараа нам цохиж унагаад оргочихсон гэдэг. Тэгээд ямар нэгэн аргаар гавнаасаа салаад тэр даруйдаа л На захирагчийнд давхиж хүрчээ. Оргосон, бас шийдчихсэн хулгайчийг хараад На захирагчийн зүрх ёстой л амаараа гарах шахсан байна. Дамаа түүнийг бөмбөгнөтөл чичрүүлж байгаад хамаг л өнгөтэй өөдтэй юмыг нь цөлмөж аваад гарахдаа “Аваагүй хөөргийг авсан болгож, хийгээгүй хэргийг хийсэн болгож байгаа юм бол авсан шиг авч, хийсэн шиг хийе. Би танайд дахиад ч ирэх болно. Үнэн мөнөөр амь зууж болдоггүй юм бол өөр замаар амьдарна аа” гэж хэлээд гарч одсон гэдэг. Ер нь дээхэн үед На захирагч мэтийн ухаан муутай ноёд баяд өөртөө энэ мэтээр дайсан бэлдэх нь их байжээ. “Зүгээр байхад зүгээр л байгаарай” гэдэг шиг харц ядуу Дамааг зүгээр байхад нь зүүгээр хатгаж орхисоноос болж зөрүүлээд тэвнээр хатгуулж байгаа нь энэ л дээ. Дамаа ийнхүү хар гэрээс оргож, На захирагчаа тонож цөлмөсөнөөр хээрээр гэр хийх хэцүүхэн тавиланг сонгон авч, хүссэн ч, эс хүссэн ч шилийн сайн эрсийн дансанд бүртгэгдэх нь тэр ээ. Ингээд л мань эр Ноён уул, Минжий хангайн эзэн савдаг, ноёд баяд, шунахай хятадын эрлэг сахиус болж хувирсан байна. Үүгээр зогсохгүй 12 настай байхад нь ээжийг нь ташуурдаж алсан Чуумингийн пүүсний эзэн хятадыг хэд хэдэн удаа дээрэмдэж, зүрхийг нь хагалах шахаж байсан гэдэг. Энэ бүхнээс үүдэж Хараа, Ерөө нутагт “Улаан Дамаагийн хэрэг” гэж бүртгэгдэж, ард олны дунд амны уншлага болсон байх жишээтэй. Зохиолч Д.Наваансүрэн гуай чухам л энэ бүхнээс сэдэвлэж “Минжий хангай” романаа туурвижээ. Тухайлбал Чуумингийн пүүсний эзэн хятадыг дээрэмдэж байгаа хэсгийг доорхи байдлаар өгүүлжээ. “Өчигдөр шөнө “Улаан” Дамаа Чуумингийн пүүсний арзгай Ша Лусанг сандаргаж гэнэ. “Арзгай илжиг ээ, чи өнөөх муу өлөгчин гичийгээ санаж байна уу. Түүний чинь гөлөг айхтар урдаг нохой болсон шүү дээ” гээд хамаг алт, мөнгө, торго дурдан, архи дарсыг нь дээрэмдэж аваад “Ша Лусан минь чи шаахайгаа чирээд Монголоос тонилтолоо надтай олон уулзана гэж санаарай. Чамаас авах юм надад нэлээд бий. Юуны түрүүнд хүн дайруулдаг сүрхий морийг чинь авлаа шүү” гээд хөтлөөд явчихсан гэнэ. Ноён уул өөд гарсан бололтой. Ноён уулын хаана байгаа гэж олох вэ. Хараа голдоо байтугай халхад дийлдэхгүй айхавтар аюул босоод ирлээ дээ. На захирагчийн жудаггүй архичин, Довдон баяны гудиггүй шунаг хоёроос л боллоо. Өстэй хэдтэйгээ л эхлээд уулзаж хариугаа авч байх шив. Өнчин ядуу, ариун цагаан явсан Дамаа хүү Да лам Дэмбэрэлдорж, На захирагч, Чуумингийн пүүсний арзгай хятад гуравт хавчигдаж ийнхүү халхын сайн эрийн дансанд нэрээ бичүүлэхээр зоригложээ. Дамаагийн сураг нэг ойртож, нэг холдсоор л…” гэсэн бол дараачийн хэсэгт “Дамаагийн сураг чимээ энд тэндгүй гарч айхавтар сүртэй сонсогдох боллоо. Чуумингийн пүүсний арзгайг ууланд явгалаад тавьчихаж. Арзгай өлбөрч үхдэгийн даваан дээр Дамдинхүүтэй дайралдаж амь гарч гэнэ. Дамдинхүү Ноён ууланд гөрөөлж явсан юм байх аа. Өчигдөр Дамаа Хамрын даваан дээр Довдон баяны Базартай тааралджээ. Базар түүнээс ухаан алдталаа айгаад “Тархийг минь л битгий хага цохиж үзээрэй” гээд зугатсан гэнэ. Бас саяхан юм байх аа. На захирагчийн хүү Дамбийтай Моност тохойд гэнэт тулгарч гэнэ. Дамбий Оросоос авсан өнөөх бирдаан буутайгаа явж гэнэ. Аймхай хүн арав дахин үхнэ гэж яаж ч чадалгүй, харин буугаа дайзтай сумтайгаа Дамаад өргөөд туучихаж гэнэ. Юунд ч тийшээгээ явсан золиг вэ. Яг Моност тохойд явж байтал гэдэс нь базалсан юм байх аа. Буугаа тавьчихаад сууж сууж босоход нь Дамаа бууг нь барьчихсан сонирхоод зогсч байсан гэнэ. Тэгээд тэр “Дамбий хө, энэ чинь цахиур бууг бодвол овоо эд юмаа. Өвгөн чинь танай аавын хөөрөг, чулуун соруултай гаанс, ээжийн чинь толгойн мөнгөн хэрэглэлд сэрдэгдэж хулгайч болсон хүн дээ. Одоо ч гэсэн хулгайч нэртэй болохоос биш хулгай хийгээд байгаа юм байхгүй. Харин ингээд л авчихдаг юм. Өвгөн шиг нь уул хадаар тэнэж явдаг хүнд хэрэгтэй юмуу даа” гэж гэнэ. Дамбий ухаан алдталаа айж “Дамаа минь ав ав. Май энэ дайзтай сумыг нь ч ав” гээд тайлаад өгсөн гэнэ. Тав үсэрдэг хурдан буутай тийм хүнийг одоо яах вэ. Дийлэгдэх нь өнгөрчээ” гэж өгүүлжээ. Энэ мэтийн дуулиан шуугиан “Минжий хангай” романд бишгүйдээ л нэг хөндөгджээ. Түүнийг яагаад “Улаан” Дамаа гэх болсон бэ гэвэл нүүр царайтай нь огт холбогдолгүй юмсанж. Огт хулгай хийдэггүй, харин ноёд баяд, шунахай хятадын үнэтэй цайтай эд зүйлсийг улаан цагаан дээрэмдээд авчихдаг байсан тул “Улаан” Дамаа гэж цууд гарсан байх жишээтэй. Тэрбээр ганц нэг агуйд хоргодоод байдаггүй, энд тэндхийн уул хаданд хэд хэдэн хоргодох байртай, тэр бүгд нь өөрөөс нь өөр хүн орж чадахааргүй оньс саальтай байсан гэдэг. Тухайлбал Бугат, Салхит, Царамтын ууланд агуйтай байсанаас гадна Минжий хангайн Арцатын аманд, Ноён уулын цавчим хясаанд хүртэл хоргодох байртай байж. “Улаан” Дамааг ийнхүү уул хаданд бүгэж, шилийн сайн эрийн замаар ид замнаж явах үед буюу 1920-иод оны үед Хараа, Ерөө нутгаар Хятадын гамин цэргүүд хөлхөлдөх болж, энгийн номхон ард иргэдийг тонон дээрэмдэж, алж талах болсоноор Дамаа арга буюу тэдний эсрэг тэмцэхэд хүрчээ. Гэхдээ угийн өс хонзонтой ноёд баядуудтай хамтарч биш ганцаарханаа очоод л гамингуудыг шоглочихдог байж. Сүүлдээ тэр Ардын намынханд тус дэм болж, тэднийг Хиагт руу явах замд нь уналга малаар хангаж, газарчилж, бас хамгаалж байсан гэдэг. Чухам ийм учраас л тэр Монголын уран зохиолд мөнхөрсөн хэрэг. Ардын хувьсгал ялсаны дараа буюу 1921 оны намар “Улаан” Дамаа уулнаасаа бууж энх тунх, эрх чөлөөтэй амьдрахаар шийджээ. Учир нь тэрбээр ганц дайчин ганцаардахгүй гэгчээр гамингуудын эсрэг чадах ядахаараа тэмцсэн, Ардын намынханд зохих ёсны тус хүргэж байсан болохоор өөрийн гэсэн гавъяатай, тэгээд ч ноёд баяд, шунахай хятадын дарангуйлал эцэс болж Ардын засаг тогтсон болохоор өөрийгөө цагаадна гэдэгт нүүр бардам байж л дээ. Гэсэн ч тухайн үед Ардын засаг олигтой төвхнөж амжаагүй байсан тул Дамаагийн угийн өс хонзонт хошуу ноён Дэмбэрэлдорж, На захирагч нар албан тушаал дээрээ хэвээрээ байж. Тэд Ардын хувьсгалын үйл явцыг хүссэн ч, хүсээгүй ч дэмжиж, дээрээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлсэн шиг түр хугацаагаар оршин байж л дээ. Нэг өдөр “Улаан” Дамаа шууд л уулнаасаа бууж хошуу ноёныхоо өргөөнд морилж ороод “За би энэ засагт буруутай юм хийгээгүй ээ. Тиймээс намайг хуучин төрийн хилс ялаас чөлөөлж өгнө үү. Энэ мөчөөс эхлээд би үнэн цагаанаар амь зуухаар шийдлээ” гэхэд хошуу ноён Дэмбэрэлдорж “Дамаа минь чи одоо л зөв зам руугаа орлоо доо. Тэглээ ч бид чиний асуудлыг Ардын засгийн газарт айлтгаж шийд авахаас нааш толгой мэдэн шийдэж чадахгүй. Чи ухаантай хүн болохоор учрыг ойлгож байгаа биз. Тэгэхээр тэр хариу шийд иртэл бид чамайг харгалзах ёстой. Чи эсэргүүцэж тэмцэлдэлгүй шинэ төрийнхөө хууль ёсыг сахих ёстой. Харин чамайг мөрдөн байцаах, эрүүдэн шүүх, гав гинж зүүхээс чөлөөтэй байлгана. Хоол унд ч хорихгүй. Эргэлт тойролт ч орж болно” гэж хэлээд шоронд хийчихэж. Ингээд л түүнийг Автономит засгийн үед барьсан хошууны шоронгийн хамгийн бат бэх харанхуй тасалгаанд оруулаад таг мартчихжээ. Түүнийг хорьсон тухай мэдээллийг хэнд ч мэдэгдэлгүй чандлан нууцалжээ. Ардын засгийн газарт айлтгана гэдэг нь ч худлаа болж хувирсан байна. Харин ч бүр шоронгийн харгалзагч нарт хандаж “Та нар тэр “Улаан” Дамаа гэдэг аюулыг сайн манаж байх ёстой шүү. Түүнийг шоронд байгаа талаар хэнд ч хэлж сэжиг авахуулж болохгүй. Хоол ундыг нь бага багаар хумих хэрэгтэй. Нар салхи үзэхгүй, хоол унд муутай байгаад байвал харанхуй чийгтэй өмхий шоронд тэр гайхал нэг их удахгүй. Тэр цагт нь надад мэдэгдээрэй” гэж үүрэгдсэн байгаа юм. Гэвч харгалзагч нарын нь дунд Дамаагийн талын хүн байсаныг хошуу ноён мэдсэнгүй. Нэгэн цагт Дамаа тэрхүү харгалзагчийн амийг аварч байсан тул энэ удаад мань харгалзагч Дамааг шоронгоос оргуулахаар шийджээ. Тэгээд Дамаа нэг л шөнө оргож дасал болсон уул хадандаа ирсэн байна. Уг нь эндээ насыг элээж болох л байж. Гэвч нийслэл хүрээ орж Ардын намынханд бараалхахаар шийдсэн гэдэг билээ. Энэ тухай “Минжий хангай” романд “Би энэ засагт буруутай юм хийгээгүй. Хүрээ орж Гоймон баатартай уулзаж учраа хэлдэг юм билүү дээ. Тэр хүн л намайг шийдэж зам мөрийг минь зааж өгөх болов уу? Өөр горьдлого ч алга даа. Хэрвээ зорьсон минь бүтээд эрх чөлөөтэй болчихвол өсч төрсөн нутагтаа та нартайгаа цуг аж төрнө. Хэрэг бүтэхгүй бол тэгээд л өнөөх чоныхоо амьдралаар амьдарна даа. Тэгэхийн цагт бид уулзалдахаа болино байх” гэж өгүүлжээ. Мөн дараагийн бүлэгт өгүүлэхдээ “Дамаа Заан Тэрэлжийн эхний шинэхэн байрандаа хэд хоног амраад жанжин Сүхбаатартай уулзаж хэрэг явдлаа хэлж, ариун цагаанаар амь зуухыг гуйхаар санаа шулуудан шөнөжин явсаар өглөө нийслэл хүрээнд иртэл жанжин Сүхбаатар нас барсан гэх гашуудлын урт жагсаалтай золгожээ. Үүнийг хараад Дамаа “Хайран хүн” гэж шивнээд доголон нулимсаа илбэнхэн нударгаараа арчив. Пунцагнамжил, Дэмбэрэлдорж нар гурван сар хорьсоноор энэ ачтай хүнтэй уулзах замыг минь үүрд тасалжээ. Би хувь заяагүй хүн юм. Түмэн олондоо үеийн үед дурсагдах чин зоригт эр чинийхээ алтан шарилаас адис авах хувьгүй халхын муу хулгайч “Улаан” Дамаа би мэхийн хүндэлье гэж хэлээд цувааг шувтартал толгой бөхийлгөн эмгэнэн зогсов. Их үд өнгөрөхөд цуваа сая шувтарч Дамаа мориндоо мордов. Хүн ард минь та нар ч баяртай. Та нартайгаа бужигнаж явахыг би ямар их хүсдэг билээ. Тийм хувь заяа хүний үр надад эс заяажээ. Аглаг уул, араатан жигүүртэнтэй ханилан хоёр хөлтэй чоно хэвээр нэгэн насыг барахаар хүний хүү би чинь эргэлтгүй шийдлээ гээд Сэлбийг өгсөн гэлдрэв” хэмээжээ. Үнэхээр ч тэр хоёр хөлтэй чоно хэвээр насыг барахаар шийдсэн бөгөөд “Минжий хангай” романы хоёрдугаар дэвтэрт “Улаан” Дамаагийн тухай огт дурдагдалгүй усанд хаясан чулуу шиг чимээ тасарч байх жишээтэй. Гэвч бодит байдал дээр “Улаан” Дамаа нь усанд хаясан чулуу шиг чимээ тасраагүй бөгөөд нийслэл хүрээний зартай гэмт хэрэгтэн “Шожгор” Дорж гэгчтэй цуг хэд хэдэн дээрмийн хэрэгт оролцож, эцэст нь хүний амь бүрэлгээд 1925 онд цаазаар авахуулжээ. Зохиолч Д.Наваансүрэн гуай эерэг талынхаа баатрын нэр сүрийг цэвэр авч үлдэхийн тулд сүүлчийн хэргийг нь сөхөж тавилгүйгээр хоёр хөлтэй чоно хэвээр нь Сэлбийг өгсүүлээд гэлдрүүлэхээс ч өөр арга байсангүй. Хэрвээ бүх зүйлийг үнэнээр нь өчих аваас “Улаан” Дамаа гэдэг хүн утгаа алдаж эерэг талын баатар болж чадахгүйгээс гадна захиргаадалтын үеийн Галавлит болон коммунист шүүмжлэгч нар “Минжий хангай” хэмээх сайхан романыг уншигчдын гарт очуулахгүй байх байлаа. 1925 онд “Улаан” Дамаа, “Шожгор” Дорж нарын өдүүлсэн гэмт хэрэг Монголын цагдаагийн архивт хадгалагдсаар өнөө үетэй золгожээ. 1920-иод оны цуутай хулгайч “Шожгор” Доржийг шилийн сайн эр гэж ойлгож болохгүй. Учир нь тэрбээр баячуудын адуу малыг ядууст тарааж өгдөг “буянтан” биш байжээ. Мань эр баян, ядуу хэнбугайг ч дээрэмддэг, өөрийнхөө гарын доорхи хүмүүст их дээрэлхүү ханддаг, энгийн номхон ард иргэдийг сав л хийвэл айлган сүрдүүлдэг, тэр ч байтугай ардын засгийн цагдаа нарыг хүртэл чичрүүлж, нийслэл хүрээг олон жил түйвээсэн зартай дээрэмчин байж. Энэ ч утгаараа мань эр Манжийн үед баригдсан “Бат гүн” шоронгийн босгыг хэдэнтээ элээгээд авсан бөгөөд харамсалтай нь тухайн үед дээрэм, тонуул хийсэн хүнийг одоогийнх шиг арав хорин жилээр яллаж байсангүй. Сайндаа л гурван жил шоронд суулгаад гаргадаг байсан бөгөөд үүнд эрэмшсэн “Шожгор” Дорж “Би хүн алж хүрээ талалгүй зөвхөн дээрэм хийж, хүн зодоод явахад л болох юм байна. Нэг том хэрэг тариад л гурван жил суугаад гарч ирнэ. Тэгээд дахиад нэг том хэрэг тарина. Энэ мэтээр яваад байхад би жаран нас хүртлээ арав гаруй том хэрэг үйлдэх юм байна” гэж томордог байж. Гэвч энэхүү “дархлаа” нэг их удсангүй. Ардын засгийн газрын зүгээс удаа дараа дээрэм тонуул хийсэн хүнийг арваас дээш жилээр, хэрвээ дээрэм тонуул хийж байх үедээ хүний амь хөнөөсөн бол цаазаар авах ял төлөвлөжээ. “Шожгор” Дорж 1925 онд Буриадын Чойжин, “Улаан” Дамаа, Дэмчигийн Задь гэх мэтийн цуутай дээрэмчидтэй хамтарч нийслэл хүрээнд томоохэн дээрмийн хэрэг өдүүлжээ. Дорж, Дамаа хоёр мөрөө буруулж шууд л хөдөө тийш дүрвэсэн бол Буриадын Чойжин, Дэмчигийн Задь хоёр хүрээний зартай хүүхэн “Дугуй” Долгор гэгчийнд бүгэж байгаад цагдаагийнханд баригдсан гэдэг. Арван тавны цагдаагаас ардын цагдаа болчихоод байсан гурав дөрвөн эрэлхэг цагдаа нийслэл хүрээг олон жил түйвээж, ард олныг айлган сүрдүүлж байсан зартай дээрэмчин “Шожгор” Доржийг баривчилж чадсанаа олонд харуулах хэрэгтэй гэж үзээд тэднийг мөрдөж эхэлжээ. Ингээд сарын дараа гэхэд “Шожгор” Дорж, “Улаан” Дамаа хоёрыг Төв аймгийн нутгаас баривчилсан байна. Тэгээд мань хоёрыг нийслэл хүрээнд авчирч тухайн үед “Шожооны гудамж” гэж нэрлэгддэг байсан гудамжинд байх жижигхэн мүглэнд хорьжээ. Олон түмэн ч хоёр зартай дээрэмчинийг барьсанд ихэд сонирхон тэр зүг рүү олноороо даган шуурч байсан гэдэг. Хэд хоногийн дараа хүрээний савсаг залуус нэгэн дуу зохиож “Шожгор” Доржийг дэмий бахдаж, сэм халаглан дуулах болжээ. Тухайлбал: 
“Шожооны гудамжаар шогшуулж явсан 
Шожгор Дорж миний биеэ хө 
Шоронгийн үүдэн дээр хүлээж суусан 
Минжүүр хүүхэн миний амрагаа хө” гэх зэргээр дуулцгаажээ. Харин энэ дууг хэдэн сарын дараа Ардын засгийн зүгээс зориуд дуулахыг цаазлан хориглосон гэдэг. Төдөлгүй “Шожгор” Дорж, “Улаан” Дамаа хоёр цаазаар авахуулж, Буриадын Чойжин, Дэмчигийн Задь нар 10 жилийн хорих ял авч Засан сайжруулах газраас “Бат гүн”-ий гянданд хүргэгджээ. Дашрамд хэлэхэд 1925 онд Ардын засгийн газраас цагдаагийн байгууллага болон цагдаа нарын талаар тодорхой арга хэмжээ авсаны нэг нь цагдаа нар зөвхөн эрүү, иргэний хэргийг дагнан хөөцөлдөх эрхтэй болгосонд байлаа. Энэ нь шинэчилсэн зохион байгуулалт болжээ. Учир нь Цагдаагийн байгууллага өмнө нь гэмт хэрэгтэнийг баривчлаад, таслан шийдвэрлээд зогсохгүй шорон, гянданг хүртэл хариуцаж хүч нь ихэд тарамддаг байж. Зохиолч Д.Наваансүрэн гуай “Улаан” Дамаагийн тухай өөр нэг хувилбарыг гаргаж ирсэн байдаг. Тэр нь юу гэвэл “Улаан” Дамаа гучаад оны үед амьд байсан, тэгэхдээ Хараа, Ерөө хавьцаа хятадуудтай цуг архи ууж байгаад хятадуудад алуулсан гэх домог яриа билээ. Гэлээ ч “Улаан” Дамаа нь “Шожгор” Доржтой цуг цаазлуулсан нь үнэнд илүү ойр бөгөөд адаглаад л баримт сэлт нь цагдаагийн архивт хадгалагдан үлджээ. Дашрамд өгүүлэхэд Чингис хааны дүрийг бүтээсэн гавъяат жүжигчин Энхтайван "Улаан" Дамаагаар кино хийж байгаа билээ.

 

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ