Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн  үлдсэн 2008 оны долоодугаар сарын 1-ний “мягмар гараг”-ийн  үймээнээр буудуулж хүндээр бэртсэн Г.Ариунбаатартай уулзаж ярилцлаа. 
 
 
-Таны буудуулсан тэр аймшигт өдрөөс хойш таван жил өнгөрлөө. Энэ хугацаанд хэрхэн амьдарч ирэв?
 
-Амьд мэнд үлдсэн юм болохоор амд­ралын төлөө зүтгэж л байна. Сайн эмч нар,  сайхан хүмүүсийн буянд хор­­воогийн тоосыг хөдөл­­­гөж л явна.  Тэр аймшигт өдрөөс хойш миний амьдралын олон зүйл өөрч­лөгдсөн. Үнэндээ эрүүл мэн­дээрээ хохироод хү­ний тал бочихоод л явж байна. 
 
Тэглээ гээд яах ч билээ. Үр хүүхэд, хань ижлээ бодоод амьдралд бууж өгөхгүй гэж бодох юм.  Шантрах үе зөндөө байсан. Гэхдээ гурвын гур­­­­­ван хүүхэдтэй бол­охоор тэднийхээ тө­лөө амьд­­­рах хэрэгтэй биз дээ. Харам­салтай нь эрүүл мэндийн байд­­­­лаас болоод хөдөлмөр эрхлэх боломж­гүй болчихоод л сууж байна.
 
Эхнэр хүүх­дүүдтэйгээ хамт Дарь-Эхэд нийтийн байранд амьдарч байгаа. Өөрийн гэсэн орон гэртэй болчихоод сайхан амь­дар­­маар л байна.  Гэвч амьдрал санас­наар болох биш. Сайн хадмуудынхаа буянд л болгож байна даа. 
 
 
-Хөдөлмөр эрхлэх боломж­гүй болсон гэхээр одоо хэр нь бүрэн эмч­лэгдээгүй байгаа гэсэн үг үү. Ер нь таны биеийн байдал хэр байгаа вэ?
 
-Уг нь би залуу хүн шүү дээ. Гэтэл буудуулсан өдрөөс хойш бүтэн таван жилийн турш эмнэлгийн үүд сахиж суулаа. Ер нь л байнгын эмчийн хяналтанд байгаа. Эм тариаг хоол унд шиг л хэрэглэж байна. Ямар сайндаа эмч нар хүртэл миний өвчний түүхийг хараад гайхаж байхав.  
 
Буудуулсныхаа дараа нэлээн хүнд хагалгаанд орж нарийн гэдэснээсээ тайруулсан. Сар гаруй хуга­цаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан. Үүнээс хойш нэг хэсэг гайгүй байж байгаад эргээд л бие муудаад эхэлсэн. Байсхийгээд л бие муудаж гэрийнхнийгээ сан­дар­гана. Буудуулснаас бо­лоод хөл хүртэл шархлаад эхэлчихсэн.  
 
Хавагнаж шарх­­лаад байнгын боолт хийл­­гэж эмчлүүлэх шаард­лагтай болоод байгаа. Ер нь эрүүл эрхтэн тун цөөхөн үлдсэн шиг байна лээ. Эмч нар миний хөлийг үзээд Солонгост эмчлүүлэх шаардлагатай байна. Монголд эмчлүүлбэл хоёр гурван жилийн дараа­гаас хүндрээд алхаж чадахаа байна гэсэн. Харин Солонгост эмчлүүлбэл хэдэн жил хөл дээрээ зогсох л юм шиг байна. 
 
 
-Төр засгаас ямар нэгэн туслалцаа үзүүлж байх юм уу. Нөхөн олговор олгосон гэж сонссон? 
 
-12 сая төгрөг олгосон. Гэхдээ тэр нь хаанаа ч хүрэхгүй дуусчихсан. Эм­чилгээний зардалд ч хүрээгүй. Өөр ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлсэн юм байхгүй ээ.  50 сая төгрөгийн нөхөн олговор олгох талаар яригдаад л байгаа ч яг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Асуухаар ямар ч л байсан өгнө гэх юм.
 
Өгөх үгүйг нь сайн мэдэхгүй байна.  Уг нь эмчилгээний зардлаас авахуулаад амьдралд хэрэг­­тэй л байгаа юмсан. Эрүүл мэндээсээ болоод ажил хийж  чадахгүй байгаа. Дээр нь эхнэр маань нярайлаад удаагүй. Амьдрал хэцүүхэн байна.
 
Нэг хэсэг зах дээгүүр явж гар дээрээс CD зараад гэрийнхнийгээ хоолтой нь залгуулаад л байдаг байсан. Харин сүүлийн үед хөлнийхөө өвчнөөс болоод гадуур удаан алхаж, удаан зогсож болохоо байчихсан. Дээр нь эмч нар группээс хасчихсан.
 
Учир байдлаа хэлээд хөдөлмөр эрхэлж болохгүй байна гэхээр “Чи хөл дээрээ зогсож байгаа юм чинь зургаан сарын хугацаатай л  групп тогтоол­гох эрхтэй. Цаана чинь хөл гаргүй хүмүүс дугаар­­­лаад зогсож байна л гэсэн. Одоо үнэндээ яаж амьдрахааа хэлж мэдэхгүй л байна. Сайн хадмуудынхаа буянд л бор хоногийг элээж байна даа. 
 
 
-Таны бага охин энэ оны долоодугаар сарын 1-нд төрсөн гэсэн. Өөрөөр хэлбэл таныг буудуулснаас хойш яг таван жилийн дараа төржээ. Танд ямар санагдсан бэ?
 
-Тиймээ энэ сарын нэгэнд төрсөн. Ер нь их сонин санагдсан л даа. Гайхаад лам хараас асуухад буян дуудаж ирсэн амны хишигтэй хүүхэд байна гэсэн. Тэгэхээр нь их билэгшээгээд л байгаа. 
 
 
-Ер нь тэр өдөр таньд яг юу тохиолдсон юм бэ?
 
-Би тэр өдөр ажлаасаа тараад хоёр найзтайгаа уулзсан юм. Сүхбаатарын талбай дээр шоу болж байна гэхээр нь яваад очсон.  Яг ямар үйл явдал болж байгааг огт мэдээгүй. Багшийн дээдийн ойролцоо явтал бөөн үймээн самуун болчихсон,  хүмүүс бужигналдаж байсан.
 
Тэгэхээр нь харих санаатай  явж байтал өөдөөс хэдэн залуучууд гүйгээд ирсэн.  Тэд “Зугт цагдаа нар ирж байна” гэж орилолдсон. Сандарахдаа тэр хүмүүс дунд ороод гүйчихсэн. Араас нэг чулуу ирээд онох шиг болсон. Гэтэл араасаа буудуулчихсан байсан юм билээ.
 
Сум миний нуруугаар ороод хүйсний нүхээр нэвт гарчихсан байсан.  Сандарсан хүн чинь тэрүүхэн хугацаанд өөрийгөө буудуулчихлаа гэж бодоогүй. Цаашаа гүйж “Зоос банк”-ны хашаанд хүмүүс орчихсон зогсож байхаар нь тийшээ орсон.
 
Гэтэл баахан хар хувцастай цагдаа нар орж ирээд хүмүүсийг “гараа ардаа аваад хэвт” гэж орилоод л бууныхаа араар цохиж заримыг нь аваад явсан. Харин намайг харснаа “наадах чинь шархадчихсан юм байна орхиод яв” гээд яваад өгсөн. Удаагүй түргэний машин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. 
 
 
-Танаас цагдаа нар мэдүүлэг авсан байх. Ямар хүмүүс ирж юу асуудаг байв? 
 
-Өдөрт хоёр гурваараа ирээд янз бүрийн л зүйл асууж шалгаадаг байсан.  ЦЕГ, УМБГ, ТЕГ-аас ирж байна гээд л. Мэдүүлэг өгөх надад төвөгтэй байсан. Сүүлдээ өдөр болгон нэг зүйлээ дахин дахин яриад байх хэцүү байна гэдгээ эмчдээ хэлсэн.  Тэр өдөр болсон зүйлийн талаар л их асууна.
 
Нэг асуусан зүйлээ байнга давтаж асуугаад л байдаг байлаа. Сүүлдээ би өөрөө хольж солиод  яриад байгаа ч юм шиг сангдаад байх болсон. Надтай хамт явж байсан найз маань цагдаа нарт баригдаад нэг хэсэг хоригдсон. Найзаас маань байцаалт авч байсан мөрдөн байцаагч нь “Танай нөгөө найз чинь буудуулаад үхчихсэн.
 
Тэгэхээр чи одоо үнэнээ хэл” гэж дарамталдаг байсан гэсэн.  Цагдаа нар ямар аргаар байцаалт авах нь тэдний  асуудал л даа. Гэхдээ амьд сэрүүн байгаа хүнийг үхчихсэн гэж хэлээд хүн дарамталсныг сонсоод жоохон эмзэглэсэн. Тэдний хувьд би үхсэн нь дээр ч байсан юм шиг санагдаад эвгүй л юм билээ. 
 
 
Эх сурвалж: