Зөөлөн сэнтийд залрахаасаа өмнө УИХ-ын энэ эрхэм гишүүд ямар их хөдөлмөрлөж байгаа вэ. Миний мэдэхээс үүргэвч үүрэн наймаа хийж, гутал тосолж, хуушуур буузхан зарж, архи пиво гэрээрээ найруулан худалдаж оёдол эсгүүрийн газар ажиллуулж, овоохон нэг нь ноос ноолуур арьс шир, төмөр мэтийн түүхий эд цуглуулан гадагш зардаг байж билээ.
 
Харин одоо амар хялбар аргаар хөрөнгөө зузаатгах гэж халуураад, бүр дагжин чичрээд харц ардынхаа амьдралыг ч анзаарч харах сөхөөгүй болцгоож. Тэд уг нь энэхүү зөөлөн сэнтийд залрахаасаа өмнө "Эх орон, газар шороо, ард олон минь" хэмээн цээжээ дэлдэж, самсаагаа шархируулж байсан эх орончид шүү дээ.
 
Төр түшилцэж байгаа эрхмүүд болон тэдний туслах, зөвлөх гэх хэн бүхэнд уг нь эх орноо гэх сэтгэл байсан. Дэлхий нийт Монголын баялагт харц тогтоосон тэр л цагаас самсаагаа өөр зүйлд шархируулдаг болж, өнөөх эх орноо гэх сэтгэл нь шунал тачьяалын нь галд дарагдан өдгөө бараг түүх болон үлдэх нь.
 
Гадныхан ч цөлмөөд дотроосоо ч хумслаад л. Монголын минь баялаг яасан ч арвин юм дээ. Гэхдээ хэдийгээр их баялагтай ч ёроолдоо тулах цаг ирэх нь мэдээж. Тэр цагт Монголд маань юу үлдэх бол.
 
Өнөө цагийн өнгө төрхийг харахад хулгайчид ухуулсан айл шиг тийм л дүр төрх харагдаж өвчүү цээжний минь цаана буй атгахан зүрхийг минь тонгочуулж өр зүсэх юм. Жирийн нэгэн өрхөд хулгайч ороод яадаг билээ дээ. Өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг аваад тэр айлыг бараг л самраад гардаг.
 
Гялайж гялтайсан болгоныг нь авсан хулгайч хэзээ ч байсан шиг нь бахь байдгаар нь тэр айлыг орхиод гардаггүй нь тэдний ёс. Яагаад гэхээр эзнээс нь айхдаа хурдхан шиг, хам хум хамж аваад зугтдаг учраас л тэр.
 
Лиценз, зөвшөөрөл гэх мэтээр уул уурхайтай ямар нэгэн шижмээр холбогдсон эрхмүүд дээр өгүүлсэн жишээг өрх гэртэйгээ харьцуулаад нэг үзээсэй. Уг нь эх орон минь нэг айл, туурга тусгаар улс. Гэтэл туурга тусгаар улсын минь сан хөмрөгт хар гар шургалаад, харамсалтай нь улстөрчид хэмээн цээжээ дэлдэгчид тэдэнтэй эвсээд байна.
 
Улстөрчдийг нам болон хагаралдаж, сэм хуйвалдаж, нэгнийгээ боомилох боломжит цаг мөчийг амьсгаа даран хүлээж, хэдэн сая тэрбумаар нь халааслахыг санаархаж, шүлсээ савируулан өдрийн бодол шөнийн зүүд болж байхад тэдний ядмагхан сэтгэлгээн дээр гадныхан бүжиг эргэж байна.
 
Ийн босгоноосоо цаашихыг харах сэхээгүй, идэх уух, наргих цэнгэхийн лай ланчигт мансуурч байхад Монгол орны хувь заяа аль хэдийн төр түшилцэж буй эрхмүүдийн гараас алдуурч орхиж гэвэл хэтийдсэн болохгүй л болов уу.
 
Хүчит техникээр байгаль эхийн өрийг өмөртөл хуулахад ёолох орь дуунд нь гол мөрөн сайр болон хувирч байна. Моддыг огтолж тайрдас болгон сэглэхэд нүцгэрсэндээ уурсан хилэгнэхэд нь сайр шанд нь бүр хатан ширгэж байна.
 
Бэлчээр хомсдож, элдэв химийн бодистой ус өвс ургамал идсэнээс мал нь барагдсан иргэд, эх нутгаа булаалгасан ард олон их хотыг зорин ирсээр л. Хотод ирээд ажилгүйдэл, ядуурлыг улам ихэсгэж Улаанбаатарын утааг МАНАН-гаас илүү болгож байна.
 
Гэтэл халаасаа зузаалах гэж толгой гашилгаж нааш цааш болгон зувчуулж, гуйвуулах хүсэлдээ автсан улстөрчид нэртэй луйварчдын ярьж буйгаар бол залхуудаа ажил хийхгүй ядуу байгаа юм байх.
 
Автомашины хаймерыг зомгол болтол нь жижиглэж галынхаа дөрөлжийг дүүргэсэн нэгэн айлын тэргүүн "Өнөөдөр энэ дугуйнаас бага түллээ. Эх орондоо оруулж байгаа миний хувь нэмэр" гэхийг сонсоод ёстой өөрийн эрхгүй самсаа шархирч, нүд минь нулимсаар дүүрч байсан юм.
 
Яагаад тийн догдолсны учрыг тайлъя л даа. Өрхийн тэргүүн "Зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох төдийд олдох аугаа хувь заяаг хүмүүн бид олж төрсөн. Тэр тумсаа Монгол оронд төрсөн нь бүр ч бахдалтай. Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн, баялаг ихтэй уудам газар нутагтай байж үзлээ.
 
Урсгал усаар нь ундаалж, хөрсөн дээр нь хөл нүцгэн гүйж, уул хад тал хээр, элсэн толгод дээр нь тоглож үзсээн өвөө нь. Буцаад одох тавилангийн үзүүрт бидний хойч үе энэ л газар нутаг дээр үлдэнэ гэдгийг залуус даанч ухаарахгүй юм даа. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр гээд хүүхдүүд загнадаг л юм.
 
Сайн сайхан цагийг, өнгөрснөө мартаж үл болно гэж захидаг юм, өвөө нь. Энэ дээдсүүд мунхаглал, шунаглал гэдэгт нь идэгдсэн ч одооноос эхлээд зөв залаад явбал тийм хэцүү болчихоогүй л байна" хэмээн өөдрөг сэтгэлээр хүүрнэж бээрсэн гараа бүлээхэн амьсгаагаараа "ха, ха ха" гэж үлээн дулаацуулж суусан юм.
 
Өвөө Улаанбаатарын утааг бага байлгах гэж өглөөнөөс орой хүртэл бүлээн цай уух нь ховор. Бас хуруун чинээ 3-5 ширхэг хаймер түлээд бээрээгээ хугасхан боловч гаргаж суудагсан. Бурхны оронд одохынхоо өмнө өвөө "Өвгөдийн үлдээсэн баялгийг адил тэгш хүртэхгүй аваас их идсэн нэгэнд нь гай болж хувирна.
 
Маргаашаа харж ухаалгаар хүртэх хэрэгтэй" гэж хэлж билээ. Харих замдаа хааяахан саатан уулздаг байсан өвөөгийн үгнээс "Хөрсөн доорх баялгийг ухаж гаргах амархан ч хүний сэтгэлийн чинадад сайн үрийг суулгах амаргүй юм байна даа" хэмээн бодож билээ.
 
Уг нь өнөөгийн энэ их баялаг Монголчууд бидний хувьд хөгжих маш их боломж нь. Гэтэл харамсалтай нь зоосны нүхээр орчлонг тольдогчдод эх орноо гэсэн сэтгэл үнэхээр алга.
 
Өвөөгийн хэлдгээр "Ядуу байхад эх орноо гэх сэтгэл агуу байдаг юм. Харин мөнгөжөөд ирэхийн цагт тэр сэтгэл аажимдаа алга болдог юм даа" гэх үгийг эрхэм гишүүдэд зориулж зориуд даймаар байна.
 
 
С.Цээл
 
Эх сурвалж: