Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдааны айраг түрүү дөнгөж сая тодорлоо.

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн шандаст хурдан хүлгэдийн магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хар азарга, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул аймгийн Алдарт уяач Элхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга, айргийн дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд азарга, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Сугарын хул азарга тус тус хурдалжээ.