Манай улс өнгөрсөн оны долоодугаар сарын сүүлээр БНХАУ-аас эрүүдэн шүүх 400 ширхэг сандал оруулж иржээ. Улмаар нийслэл болон аймаг, сум, дүүргийн цагдаа, мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарын хэрэгцээнд зориулан уг эрүүдэн шүүх яргалалын сандлаа нэгийг ч үлдээлгүй тараасан байна.
 
Энэхүү эрүүдэн шүүх сандал нь мөрдөн байцаалтын ажиллагаанд ашиглах тусгай зориулалтаар хийгджээ. Өөрөөр хэлбэл шаланд үл хөдлөх байдлаар бэхлэгдэхээс гадна хүний хөл, гарыг дөнгөлж, биеийн бүх хэсгийг ямарч хөдөлгөөнгүй болгон, удаан хугацаагаар тамлан зовоох зориулалттай аж.
 
Ийнхүү удаан хугацаагаар хөдөлгөөнгүй гав, дөнгөтэй суулгах нь тухайн хүний бие махбодь төдийгүй сэтгэл санаа, нэр төрд ноцтой хохирол учруулдаг. Тиймээс иргэд ч энэ талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж "Биднийг яргалах, улмаар хийгээгүй хэрэг үүрүүлж, ял эдлүүлэх зорилготойгоор эрүүдэн шүүх сандлыг оруулж ирсэн байж болзошгүй" гэж ярьж бас хардаж байна. 
 
Харин өнөөг хэр нь хууль хяналтын байгууллагын нэг нь ч эл асуудлаар ам нээхгүй байгаа нь олны үг ортой гэдгийг батлах мэт.Энгийн номхон иргэдийг зовоож тамлах гэсэн энэхүү "яргачин" сандлыг оруулж ирсэн түүхийн талаар нэлээд зөрүүтэй тайлбарууд хийгдэж байгаа юм. 
 
Зарим нэг нь уг асуудлыг улаан цайм няцааж байхад нөгөө хэсэг нь эмзэглэж байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эл сандлыг 2012 оны долоодугаар сарын 27-нд тухайн үеийн ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир оруулж иржээ. Ингэхдээ БНХАУ-ын "ИЕПҮ" гэх компанитай худалдан авах 150 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна. 
 
Улмаар тухайн жилийнхээ арваннэгдүгээр сард одоогийн ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар хөдөө орон нутагт тараасан гэх. Ингэхдээ уг эрүүдэн шүүх сандлыг нарийн хуваарийн дагуу тараажээ.
 
Ийнхүү "яргачин" сандал хөдөө орон нутагт тараагдаад хагас жил гаран болж байгаа аж. Иргэдийн ярьж байгаа шиг өнгөрсөн хугацаанд хэчнээн хүмүүсийг хийгээгүй хэргийг нь үүрүүлж "аав"-ынд явуулсныг таах аргагүй. Тиймээс "Хүний эрхийн үндэсний комисс"-оос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүлжээ.
 
Хэрэв ийм сандалд эрүүдэн шүүгдсэн иргэд гарч ирэх аваас жинхэнэ дуулиан дэгдэх нь тодорхой. Учир нь манай улс НҮБ-ын гишүүн улсын хувьд "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг байна" гэсэн олон улсын конвенцид багтсан олон улсын байгууллагуудаас ч шахалт ирэх нь мэдээжийн хэрэг.
 
 
- Хүний эрхийг ноцтойгоор зөрчисөн энэ асуудалд хууль зүйн сайд Х.Тэмүүжин албан ёсны тайлбар хийв. Тэрбээр "Бүх сандлыг буцаан татсан. Ийм сандал авах шийдвэр гаргасан хүмүүстэй хариуцлага тооцох болно" гэж мэдэгдсэн. 
 
Харин хүний эрхийн үндэснии комиссоос Х.Тэмүүжин сайдад хаяглан ирүүлсэн шаардах бичигт "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус аргаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг" конвенцид 2000 оны арваннэгдүгээр сарын 2-нд нэгдэн орсон билээ.
 
Энэхүү конвенцид нэгдэн орсноор олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, эрүү шүүлт тулгасан хэнд ч эрүүгийн хариуцлага тооцож байх үүргийг хүлээх болсон.
 
Гэтэл ЦЕГ-аас аймаг, орон нутгийн цагдаагийн байгууллагад байцаалтын ажиллагаанд хэрэглэх тусгай зориулалтын сандал тараасан нь эрүү шүүлтийн эрсдлийг нэмэгдүүлэх алхам болжээ.
 
Энэ тусгай сандлыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хэрэглэвэл манай улсын эрүү шүүлттэй тэмцэх үүргээ хэрэгжүүлэхэд гаргасан амжилтад ухралт болж, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс томоохон шүүмжлэлд өртөж болзошгүйг анхаарах шаардлагатай байна" гэжээ. 
 
Түүнчлэн дээрх сандлыг нэн даруй эргүүлэн татахыг шаардсан байна. Үнэхээр хүний эрхийг дээд түвшинд тавьдаг болсон ардчилсан нийгэмд Эрүүдэн шүүх сандал худалдан авч бас болоогүй аймаг, сумдад тарааж байгаа хууль хяналтын байгууллагын дарга нарт хэрхэн хариуцлага тооцох билээ. 
 
Хэрэв энэ талаар хэн нэгэн хөндөөгүй бол хууль, цагдаагийнхан чимээгүйхэн нам дараад өнгөрөх байсан ч байж болох. Дахин сануулахад нийт 150 сая төгрөгийн өртөг бүхий нэг бүр нь 372 мянган төгрөгийн үнэтэй энэхүү 400 ширхэг сандлыг аймгуудад тарааж өгснөө ЦЕГ-ын одоогийн удирдлагууд хэрхэн тайлбарлавал зохиолтой вэ. 
 
Тэртээ өнгөрсөн зууны есөн эрүүг санагдуулам сандлын түүхийг хууль цагдаагийнхан албан ёсоор тайлбарлаж, ард иргэдэд нэгдсэн ойлголт өгөх нь зүйн хэрэг биз ээ. 
 
 
Б.Төрбат
 
Эх сурвалж: