Хүнгүй аралд ухаан заран, шийр заасаар амьд үлддэг Робинзон Крузогийн тухай өгүүлдэг Даниэль Дефогийн ном монгол хэлэнд их эрт орчуулагдсан юм байна. Гадаад далайн чанадад, газрын мухарт ганцаар амь зууж байгаа хүний тухай өгүүлсэн ном гэдгийг л ойлгосон нэрт зураач Шарав гуай анхны энэ монгол орчуулгад зурган тайлбар хийжээ. Хожим европ маягаар Лениний хөрөг зурсан ч, тэр үед зөвхөн монгол зургийн аргаар ажилладаг байсан зураач маань их сонин шийдэлтэй зураг бүтээсэн гэдэг.

Монгол хавтгай зурганд юм болгон тогтсон хэлбэртэй тодорхой өнгөтэй. Ус гол мөрөн цэнхэр, долгиотсон хээтэй. Уул толгод гурвалжин. Тэнгэр хөх. Үүл цагаан угалзалсан хээтэй. Цэнхэр, хөх, цагаан өнгө давамгайлаад байдаг. Монгол хавтгай зурганд алслал, эзлэхүүн байхгүй гэх. Харин өргөн ашигладаг билэгдэл зүйгээр алслал, ганцаардал, хүнд хэцүүг давсан сэтгэлийн хатыг үзүүлэхээр шийджээ.

Хэлтгий захтай, тод өнгийн монгол дээлтэй, ээтэн хоншоортой монгол гуталтай, монгол царайтай хүнийг хөх тэнгэр, цэнхэр далайн зааг дээрхи нэг багахан эх газар дээр завилан суулгажээ. Газар нь бараг тэр хүний олбог гэмээр ихээ жижигхэн. Хүн нь харин харьцангүй том. Бурхан бүтээх шарын шашны тигээр тухайн сэдвийн гол дүрийг томоор бусдыг жижгээр зурдаг тул зохиолын гол баатар Робинзон Крузог томоор, алсын алсад далай дунд байгаа хүн амьдардаггүй арлыг жижигхэн эх газраар дүрслэн илэрхийлжээ. Англи зохиолч Даниэль Дефогийн зохиолын гол баатар Робинзон Крузо англи хүн. Шарав зураач англи хүний бараа хараагүй болоод зохиолын гол баатрыг монгол төрхтэй зурав уу? Эсвэл хүн л бол хүн. Ямар төрхтэй нь хамаагүй, байгалийн хатуу ширүүнийг даваад амьдарч чадаж байгаа хүний оюун ухаан, сэтгэлийн хат юуг ч давна гэдгийг харуулсан ном гэж ойлгоод зориуд ингэж зурсан байж тун болзошгүй. Тэгээд ялан төгссөн бурханлаг суудалд гол баатраа завилуулан суулгасан нь билэгдэл зүйгээр гол баатрын дотоод хүч чадлыг илэрхийлж чадсан яах аргагүй мэргэн шийдэл. Тэгэхээр Шарав зураач хамгийн робинзонлог Робинзон Крузог бүтээсэн санагдана.

Европт зураач нэг газраа хөдлөхгүй суугаад зурдаг тул хол байгаа зүйлийг жижиг, ойр байгаа нь том гэх мэтээр алслал үүсгэдэг бол Монгол зурагт алслал байхгүй. Өөрөөр хэлбэл зураач “шувууний дэвэлтээр” хаана бол хаана очиж дуртай цэгээсээ харж, бүгдийг ижил хэмжээнд урладаг тул ингэж бүтээсэн зургийг олон өнцөгт зураг гэх. Эзэлхүүнгүй, алслалгүй гэж өрнөдийнхөн үздэг тул монгол зургийг маань хавтгай зураг гэдэг. Дүрс бүрийг хар зураасаар тодруулж “зээглэж” өгөхдөө зураасийг бүдүүсгэн нарийсган угалзалж овгор товгор гаргадаг болохыг тэд анзаараагүй хэрэг.

Европ зургийн аргаар нэг л газарт болж буй тухайн нэг үйл явдлаар өгүүлэмж нь хязгаарлагддаг бол, монгол зургаар өчнөөн олон үйлийг нэг зурагт багтаан зэрэг өгүүлж болдог онцлогтой. Шарав нэрийн өмнө Марзан хэмээх алдар дагадаг болоход нөлөөлсөн гэх “Нэг өдөр”, “Үрс гаргалт” (Айрагны баяр) бүтээлүүдээс монгол зургийн онцлог, зураачийн ур чадварыг бэлхнээ харж болно. Шарав шинэ гэрийн хурим найр, нас барсан хүнийг хөдөөлүүлэх ёсон, эсгий хийх зан үйл, түлээ мод бэлтгэх ажил, тариа тарих болон тээрэмдэх, эмнэг сургах, мал тамгалах, гэрээ буулгах, ачаалан нүүх, үүлэн борооны явдал ч хоцорч үлдсэнгүй нүүдэлчин монголчуудын амьдралын бүхий л талыг зурхайтай нь, гүн ухааны сэтгэлгээтэй нь, өнгө будгийн билгэдэлтэй нь уран хошин дүрсэлжээ.

Буддын шашин Монголд нэвтэрснээс хойш л шашны урлагаар дамжиж соёл урлаг, түүн дотор уран зураг Монголд дэлгэрсэн мэт үздэг нь өрөөсгөл ойлголт. Шарав зураач амьдарч байсан цаг үеэс таван зуугаад жилийн өмнө перс түрэгийн зураачид манай монгол зурагнаас суралцаж байсан тухай ном зохиолд тэмдэглэгдсэн байдаг нь манайд өөрийн зургийн арга барил эртнээс байсныг нотлоно. Эртний монгол зураачдын эдүүгээг хүртэл хадгалагдан үлдсэн гайхамшигтай миниатюр байсан нь Шарав зураачийн үед тийм гайхамшигтай бүтээл тууривах хөрс нь болжээ.

Эх сурвалж: Www.Duuren.mn