Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай ярилцлаа. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно.

Энэхүү түүхэн ой “Зүүн бүсийн хурд” морин уралдаантай хамтатган зохион байгуулагдахаараа онцлог юм. Мөн саяхан Хэнтий аймгийн төвийг Чингис хаан хот гэж нэрлэхээр болсон. Энэ мэт олон сонирхолтой асуудлаар бид ярилцсан юм.

 

-Хэнтий аймгийн төвийг Чингис хаан хот гэж нэрлэх болжээ. Энэ шийдвэрийн талаар ярилцлагаа эхэлье?

-Хэнтий аймгийн төвийг Чингис хот болгох асуудлаар бид эхлээд иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан. Үүндээ үндэслэн аймгийн төвийг Чингис хот болгох тухай аймаг болон сумын ИТХ-ын тогтоол гараад байна. Ингэснээр хуучин бид аймгийн төвөө Өндөрхаан хот, Хэрлэн сум гэдэг байсан бол одоо Өндөрхаан сум, Чингис хот гэж нэрлэх болж байна. Чингис хааныхаа алдар гавьяаг мөнхлөх ажил үүгээр хязгаарлагдахгүй. Бид Хэнтий аймгийг зүүн бүсийн аялал жуулчлалын төв бүс болгохоор ажиллаж байна. Аялал жуулчлалын бүсийн маань гол брэнд нь эзэн Чингис хаан, түүний амьдрал, түүхтэй холбоотой дурсгалууд байх юм. Энэ хүрээнд аймгийн төвийнхөө хойморт Чингис хааны цогцолбор байгуулахаар болсон. Энэ жил уг цогцолборын зураг төслийн ажил эхлээд ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжээд явж байна. Дараагийн нэг ажил бол Их эзэн Богд Чингис хааны өлгий нутаг гэсэн хүндэтгэлийн хаалгыг бид аймгийнхаа хойморт саяхан босголоо.

-90 жилийн ойгоо угтсан ажлууд ид өрнөж байгаа байх. Энэ талаараа сонирхуулна уу?

-Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Түүхт 90 жилийн ойгоо угтаж Хэнтийчүүд бид аймаг, орон нутгаа хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийлээ. Юуны өмнө ой угтсан 90 бүтээлч ажлын аян өрнүүлсэн. Энэ аянд аймгийн төвийн байгууллага аж ахуйн нэгжүүд болон, бүх сумд идэвхтэй оролцон орон нутгаа хөгжүүлэх, хот, сууриныхаа өнгө төрхийг өөрчлөн сайжруулах бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэсэн. Мөн аймгийнхаа бахархлыг тодруулан гаргаж, олон нийтэд сурталчлан таниулах ажил хийлээ. Энэ хүрээнд Хан Хэнтийн гол бахарлуудыг тодруулсан. Мэдээж нэгдүгээрт Хан Хэнтийн бахархал бол Их эзэн Чингис хаан маань. Хэнтий аймаг бол Чингис хааны мэндэлсэн нутаг. Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсан гал голомт нь. Тиймээс их хааныхаа алдар гавьяаг мөнхжүүлэх, сурталчлах талаар өргөн хүрээтэй ажил зохион байгуулж байна.

-Чингис хаан бол Хэнтийчүүдийн бахархал байхаас аргагүй. Дараагийн бахархал нь юу юу байна вэ?

-Хэнтий нутаг хурдан хүлгээрээ эртнээс алдартай. Галшарын домогт хурдан адуу улс даяар цуутай. Энэхүү Галшарын хурдан хүлгийн угшлын адууг үүсгэн бий болгосон нэрт хүлэгч, Хардэл жанжин бэйс Өвгөн ноён М.Пүрэвжав бол Хан Хэнтийнхний бахархал. Энэ их хүний алдар гавьяаг мөнхжүүлэх, Галшарын хурдан угшлын адууг сурталчлах ажил хийж байна. Тухайлбал Хэнтий аймгийн төвд Хардэл жанжин бэйс Өвгөн ноёны хөшөөт цогцолборыг бүтээн босгоод байна. 90 жилийн ойгоороо энэхүү цогцолборыг нээх юм.

Мөн Хан Хэнтий нутаг хүчит бөхчүүдээрээ алдартай. Хэнтий нутгаас даншгийн найман аварга төрсөн байдаг. Энэ найман аваргынхаа нэрэмжит хөшөөт цогцолборыг мөн байгуулж байна. Дөрөвдүгээрт Хан Хэнтий бол алт, мөнгөний дархчуудаараа алдартай. Хэнтийн Тожил хийц ойр холд шагшин гайхагддаг. Тиймээс Тожил дархны ур ухаан, хосгүй урлал, хийцийн тухай эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Мөн Тожил хийцийн тухай ном хэвлүүллээ. Ийнхүү Хэнтийчүүд бид их ойнхоо босгон дээр Хан Хэнтийн бахархлуудыг товойлгон гаргаж ирж, алдаршуулан мөнхжүүлэх ажлуудыг хийж байна даа.

-Ойн жилээ бүтээн байгуулалтын олон ажил хийж байгаа гэж дуулдсан. Хавар барилга, бүтээн байгуулалт том чуулган хийж энэ ажлынхаа гарааг эхэлсэн байх аа?

-Хан Хэнтийчүүд бид туулж өнгөрүүлсэн бахархалт түүх, өвөг дээдэс, алдар гавьяатнуудаараа бахархахаас гадна өөрсдөө ирээдүйн үр хойчдоо бахархал болж үлдэх зүйлийг бүтээн байгуулахыг зорьж байна. Хэнтий нутагт ойрын дөрвөн жил их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Энэ жил их ойн жилээ бид аймгийн хэмжээнд 34 тэрбум төгрөгийн барилга, бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Түүнчлэн орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 9.8 тэрбум төгрөгийн ажил хийж байгаа. Энэ хөрөнгийн 60 хувийг сумдад хуваарилсан. Тэгэхээр нэг сум  ойролцоогоор 200-600 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байгаа гэсэн үг. Аймгийн төвд орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 3.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. 

Энэ төсвөөр аймгийн төвд шинэ зам тавих, явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулах гэх мэт тохижилтын ажлууд хийж байгаа. Мөн аймгийн төвийн орон сууцны барилгуулын гадна талбай, өнгө төрх, нүүр фасадыг шинэчлэх ажлуудыг хийж байна. Хэнтий аймагт ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт өрнөнө гэж дээр хэлсэн. Энэ бол аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан зорилт. Энэ хүрээнд Хэнтий аймгийн төвийн улсын зэрэглэлтэй хот болгохоор ажиллаж байна. Аймгийн  төвийг барилгажуулах ажил эрчимтэй өрнөж байгаа. Мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Ойрын үед Хэнтий аймгийн төвд цахилгаан станц барина. Аймгийн нэгдсэн эмнэлгийг зүүн бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгон өргөжүүлнэ. Энэ зорилгын хүрээнд нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг барьж эхэллээ. Мөн ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын 500 хүний суудалтай шинэ байрны барилгын ажил эхэлж байна. Ирэх жил аймгийн төвд авто вокзал-оношилгооны төв, зүүн бүсийн бөөний худалдааны төв барина.  Ирэх дөрвөн жилд 70 километр хатуу хучилттай зам тавихаар төлөвлөсөн. Үүний 20 километр нь аймгийн төвд, 50 километр нь мянганы замын үргэлжлэл болж тавигдах юм.

-Ирэх долоо хоногт Хэнтий аймгийн 90 жилийн ой болно. Ойн бэлтгэл хангагдаж байна уу?

-Ойн бэлтгэл үндсэндээ хангагдаж байна. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, “Зүүн бүсийн хурд-2013” морин уралдаан, баяр наадмын арга хэмжээ долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болно. Ойгоо Хэнтийчүүд бид ажил хөдөлмөрийн амжилт, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөөх сэтгэл зүтгэл, ирээдүйдээ итгэх тэмүүллээр угтаж байна. Ингээд Хан Хэнтий нутгийнхандаа, Хан Хэнтий нутагтай ажил, амьдрал, сэтгэл зүрхээрээ холбоотой бүх хүнд түүхэн 90 жилийн ойн мэндийг дахин хүргэж, ойдоо хүрэлцэн очиж Өндөрхааныхаа бараа сүр дор, Хэрлэнгийнхээ их талд дэлгэр сайхан наадахыг урьж байна. 

Ярилцсан: Н.Биндэръяа