Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй.

Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ.

Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ТААЛАЛД НИЙЦСЭН ЖАВХЛАН ТӨГӨЛДӨР АВХАЙ НАР

Богд Жавдандамба нь хэдийгээр өндөр дээд язгууртан, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан ч сайхан бүсгүйн хөлд хасарвааны мод цэцэглэх дорны ухааны учир шалтгааны эрдэм ухаанд төгс нэвтэрсэн хутагт болохоор олон арван Дарь-Эх, охин тэнгэрийг сүсэглэн дээдлэх сэтгэлийн хайр ариусал дүүрэн байсан нь тодорхой юм. Энэ ч чанараараа тэр шашны номын жаяг ёсонд хэт баригдалгүй үүлэн бороонд чөлөөтэй умбаж явсан байдаг. Мөн тэр сайхан бүсгүйчүүлд бэлэг сэлтийг харамгүй өгдөг байж. Жишээ нь тэр Дондогдулам хатантай суухаасаа өмнө “Ухаа хонгор” Юмнэрэн хэмээх Архангайн Тэрхийн голоос уригдаж ирсэн сайхан хүүхэнтэй их ойр дотно харьцаа тогтоож, улмаар түүнд 32 мянган лангийн үнэтэй сувдан гутал бэлэглэж байсан бөгөөд үүнийг нь Манжийн амбан мэдчихээд Бээжинд хүртэл сонордуулж байсан түүхтэй аж. Энэхүү Юмнэрэн хэмээх хүүхэн хэн хүний нүдийг булааж, сэтгэлийг хөвсөлзүүлсэн үнэхээрийн сайхан хүүхэн байсан гэдэг. “Гоёодох” буюу хүзүүнд юм орсон үед сайхан хүүхний араас долоон удаа мөргөчихөөр өвчин арилдаг гэсэн дом байдаг билээ. Тухайн үеийн хүмүүс үзэсгэлэн төгс Юмнэрэнг үзэж сонирхохын тулд гоёодсон хүний дүрд хувирдаг байсан гэх бөгөөд зарим нь бүр хаа холын Засагт хан аймгаас хүртэл түүнд мөргөхөөр Богдын хүрээг зорьж байсан гэдэг. Уг нь тухайн үеийн сүсэгтэнүүд Богдод мөргөхөөр Да хүрээг зорьдог байсан гэдэг шүү дээ. Гэтэл зарим нь сайхан хүүхэнд мөргөхөөр ийнхүү сүр бадруулж байсныг бодоход Юмнэрэн гээч нь аргагүй л төгс сайхан хүүхэн байсан бололтой. Гэхдээ түүнд Богд хааны хатан, улсын их дагина болох хувь дутсан байдаг. Учир нь тэр хааны үзмэрч, шинжээч, зурхайч нарын шалгалтыг давж чадаагүй бөгөөд Богдын хатан байна гэдэг нь зөвхөн царайны сайхнаар биш жил, мэнгэ, сэтгэл санаа, зан ааш, эрдэм ухаан гээд олон талыг хамардаг байж. Улмаар Богд нь Юмнэрэнгийн дараа Жирнэн вангийн эцэг Цэрэндорж гүнгийн хатан Норов хэмээх сайхан хүүхэнтэй нууцаар явалдаж, нэг хэсэгтээ л залуу насны хайр сэтгэлийн баяр жаргалыг эдэлжээ. Энэ хүүхэнд хавь ойрын нь эрчүүд унан тустал дурладаг байж. Гэвч үзэсгэлэнт бүсгүй Норовт мөн л Юмнэрэнгийн нэгэн адилаар Богдын хатан, улсын их дагина болох хувь дутсан байна. Харин Сэцэн хан аймгийн Дондогдулам хэмээх улаа бутарсан цагаан шар царайтай, бие булчин тэгшхэн бүсгүй улсын их дагина болж заларсан түүхтэй. Гэхдээ Дондогдулам нь Юмнэрэн, Норов хоёрыг царай зүсээрээ гүйцэхгүй, гагцхүү бусад талаараа давж гарсан байдаг. Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу нь Монголын бусад хошуудаас юугаараа онцлог вэ гэвэл 8-р Богд Жавзандамбын хоёр хатан хоёулаа энэ нутгаас тодорсон байгаа юм. Анхны хатан Дондогдулам нь хүүхэд ахуй цагтаа Хөвчийн Жонон ван Цогбадрахын хатны аягачин байжээ. Төдөлгүй тэрбээр Богд Жавзандамбын таалалд нийцсэнээр хааны үзмэрч, шинжээч, зурхайч нар Дондогдулам охиныг хааны хатан байж чадах эсэхийг нотлохоор шалгалтанд оруулсан бөгөөд тэрбээр бүхий л шалгалтыг давж Богд хааны хатан болсон түүхтэй аж. Богд хааны хоёр дахь хатныг тодруулахын тулд маш олон зурхайч үзмэрч, шинжээчид Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуунд очиж тэндхийн гоо үзэсэлэнт бүсгүйчүүдийг нэг дор цуглуулаад, одоогийнхоор бол бараг л миссийн тэмцээн зохион байгуулсан байгаа юм. Гэхдээ зөвхөн царайны сайхныг нэгдүгээр зэрэгт тавьсангүй. Төрөлхийн ухаан, мэдлэг чадвар, зан чанар, ааш авир, удам угсаа гээд бүхий л талыг нь харгалзан үзсэнээр Наваанлувсангийн Цэенпил хэмээх бүсгүй тодорч Богд хааны хатан болсон түүхтэй. Богд хаан Цэенпилийн нэрийн өмнөхийг засч Гэнэн болгохын зэрэгцээ Цагаан Дарь-Эх гэж хүндэтгэн өргөмжилж өргөө гэрт нь Өндөр гэгээний хорин нэгэн Дэрь-Эхийг байрлуулсан гэдэг. Цэенпил Богд хааны өргөөнд очихоосоо өмнө нутгийнхаа Лувсандамба хэмээх залуутай хайр сэтгэлийн холбоотой байжээ. Лувсандамбыг хайртай бүсгүйгээ Богд хаанд алдсаны дараа, “Рашаан булгийн усанд нь хө, Алив бузар оруулдаггүй ээ хө, Аминаасаа хайрт бүсгүйгээ, Албат ноёндоо алдчихав аа хө, Ороо дагшин хүлгүүдэд, Уургаа алдаж үзээгүй дээ, Хайртай амраг Цэенпилийгээ, Хаан эзнээс салгаж авна даа” гэсэн дуу гарсан гэдэг. Харамсалтай нь ногоон малгайтнууд хайртай бүсгүйг нь түүнээс салгаад авчихжээ. Цэенпил Богд хааныг тэнгэрт хальсаны дараа Хөвчийн жонон вангийн хошуугаа бараадаад зогсохгүй анхны хайрт Лувсандамбатайгаа айл гэр болон амьдарч гурван хүүхэдтэй болсон байна. Гэтэл нэг л шөнө ногоон малгайтнууд давхиж ирээд Цэенпилийг ачааны машинд суулган березентээр бүтээгээд авч явжээ. Гурван нялх хүүхэд нь уйлаад хоцорсон гэдэг. Ногоон малгайтнууд ид цэцэглэж явсан 33 настай Цэенпил бүсгүйг эмэгтэй хүн, эх хүн гэж эмээж цээрлэлгүйгээр шууд л буудан хороосон байдаг. Богд хаан Цэенпилийг анх ордондоо авчирсан оройгоо дөрвөн цогчин унзад, дөрвөн гэсгүйг дуудан ирүүлж архи тэргүүтнээр дайлах зуур “Би хатнаасаа хагацаж арга буюу шадар нөхдийн зөвлөсөнөөр энэ сайхан залуу бүсгүйг авчруулаад байна” гэж хөнжилд хэвтэж байсан бүсгүйг заахад Галсан хэмээх унзад хөнжилд нь гараа шургуулж бэлхүүс, өгзөгийг нь илбэж үзсэнээ шүлсээ гүдхийтэл залгиад “Сайхан хүүхэн байна. Богд эзнийг шавь нарт нь гурван жил амьд харагдуулж аль” гээд дахин дахин ном уншиж байсан гэдэг. Хааны ордонд Богдоос гадна Ёнзон хамба гэж лут хүүхэмсүү өвгөн байсан бөгөөд мань өвгөн улсын их дагина болж чадаагүй үзэсгэлэнт бүсгүй Юмнэрэнд солиортлоо дурласанаар Да хүрээний алдарт шүлэгч Цэрэндондов гэгчээр “Ухаа хонгор Юмнэрэн минь, уушиг зүрхийг минь амраагаач, сэтгэлийг чадагч Юмнэрэн минь, сэрсэн шулмыг номхруулаач” гэсэн дуу хүртэл зохиолгож байсан гэдэг. Цэрэндондов нь мөн их дагина Дондогдуламд зориулж тухайн үеийн ордны эротик уур амьсгалыг илэрхийлсэн дуу бас зохиож байжээ. 3000 лан мөнгөний харамжаар ая, үгийг нь нийлүүлсэн уг дуунд “Улаан дурдан бүсийг бэлхүүс биедээ асааж, уур мунхагийн тачаангуйг сэрүүн амгалан болгосон” гэж гардаг нь тухайн үедээ л сонгодог бүтээлд тооцогддог байж. Ямартай ч Богд хааны номын багш гэгдэх Ёнзон хамба нь тачаангуйн урлагт гүнзгий нэвтэрсэн нэгэн байжээ. Ямар сайндаа л 69 настай байхдаа бэлгийн чалх сайжруулдаг хятад тангийн тусламжтайгаар 18-тай охидыг дуу алдуулж байсан түүхтэй аж. Мань өвгөн хааны ордны шивэгчин охидод эрчүүлтэй хэрхэн хурьцал үйлдэх талаар 18 төрлийн эрдэм зааж, тусгай дүрэм гаргаж байсан гэдэг. Үүнийг эзэмшээгүй цагт эм хүн нь жирийн шулам төрөлт, адгуусан гаралт нэгэн байх бөгөөд уг эрдэм нь Манж дайчин улсын ордны шивэгчингүүдээс уламжлагдаж, Түвдийн улааны шашны чанд хурьцахуйн онолыг барьсан хэдий ч зарим талаар цоо шинэ зүйлийг үзүүлсэн мэргэжлийн өндөр түвшний урлаг байлаа. Ёнзон хамбын дээрхи шүлгэнд өгүүлэгдэн буй “Шулмыг номхруулна” гэдэг үг нь цаанаа бас учиртай ажээ. Эм хүнийг нүцгэлэн бэлгийн харьцаа үйлддэг “Шулмыг номхруулна” хэмээх ёс заншил улааны шашинд байдаг бөгөөд энэ нь Монголын хурьцах урлагийн түүхэнд Богд хааны багш Ёнзон хамбын оруулж ирсэн урсгал юмсанж. Үзэсгэлэн төгс Юмнэрэн хөгшин хамба Ёнзонд огт нүүр өгдөггүй байсан тул мань лам түүнийг хүчиндэх гэж хэд хэдэн удаа оролдож байсан гэдэг. Хамгийн сүүлд Юмнэрэн түүнийг хүчиндэх гээд ирэхэд нь хоёр төмсөгийг нь бяц атгах шахсан гэдэг бөгөөд нэг ёсондоо тэр “Шулмыг номхруулна” гээд дайраад ирсэн Ёнзон хамбыг хашраахын тулд “Ингэж шулмыг номхруулдаг юм, мэдэв үү” гээд хоёр төмсөгийг нь базаж аваад яая даа гэтэл чарлуулж байсан байгаа юм. Үүнээс болж Ёнзон хамба хэдэн сарын турш эмс охидтой хурьцал үйлдэж чадахгүй памбайтал хавдсан эрхтэнээ дааж ядан хайвагнаж явсан гэдэг. Юмнэрэнгийн амьдрал, хувь заяа сүүлдээ хэрхсэн нь тодорхой бус. Аягүй бол адтай бядтай, арга зальтай, эрх мэдэл бүхий Ёнзон хамбын гараар ороод зүйл дууссан байж ч мэднэ. Богдын ордны шивэгчингүүд жирэмслэх тохиолдолд маш хатуу хяналт тавьж хэний үр болохыг нь заавал тогтоодог байсан бөгөөд ямар сайндаа л хэсэг лам Чин ван Ханддоржийг ордоны хоёр сайхан хүүхэнтэй нэр холбогдсон талаар Богдод мэдэгдэнэ гэж сүрдүүлж байгаад түүнээс есөн ширхэг жороо морь салгаж байсан гэдэг. Богд хааныг уур хилэн ихтэй, сэтгэл санаа нь тогтворгүй үед бараа бологсод нь нүцгэн охидыг өвөрт нь оруулж тайвшруулдаг байсан гэж зарим ном зохиолд бичсэн байх аж. Их зохиолч Бямбын Ринчен гуай “Үүрийн туяа” романдаа Цэцэн вангийн нутгаас Богдод бараалхахаар эхийгээ дагаж ирсэн есөн настай охинтой Жавзандамба хутагт хэрхэн загас наадуулж, эцэст нь амь насыг нь хохироосон тухай ноцтой зүйл бичсэн нь соц нийгмийн үед шашны эсрэг үзэл суртлын хурц зэвсэг болж байлаа. Ямартай ч Богд хаан нь Халх Монголын төрд сайн үйлс олныг бүтээсэн ч ужид цэнгэлийн асуудал нь хэтэрхий товойж гарсан бие хүн бөлгөө.

МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН НАЦАГХАНД

Монгол түмний сайн мэдэх “Манлай” Баатар Дамдинсүрэн их, бага хоёр хатантай байж. Бага хатан Жамъянмядаг нь нэг охин төрүүлсэн бөгөөд тэр нь хориод оны Да хүрээний гурван сайхан хүүхний нэгд тооцогддог байсан Нацагханд ажээ. Энэ сайхан эмэгтэйн тухай “Өдрийн сонин”-д бичигдэж байлаа. Би бээр 2011 оны хавар Нацагхандын зээ Д.Түмэнбаатартай уулзалдаж эмээгийн нь талаар хүүрнэлдсэн юм. Тэрбээр “Миний ээж Должин 1938 онд төрсөн. 2002 онд нас барсан. Ээжийн ээжийг Нацагханд гэдэг. Нацагханд эмээ бол Монголын анхны бага сургуулийн анхны сурагч, анхны пионер байсан. Уг нь их зохиолч Д.Нацагдорж нарын хамт Герман явах ёстой байж. Гэвч эмээ маань Эрхүүд бэлтгэлд явж байгаад өвчний учир буцаад ирсэн байгаа юм. Хятад, орос хэлтэй, тухайн үедээ л өндөр боловсролтой хүн байж. Эмээ маань 1986 онд 76 настайдаа таалал төгссөн. Манлай баатар Дамдинсүрэнгийн ганц охин нь. Өвөөгийн халх эхнэр буюу бага хатан нь Жамъянмядаг гэдэг хүн байж. Одоо миний элэнц эмээ юм даа. Манлай баатрын эх хатан нь Өвөр Монголын Хөлөнбуйрт амьдардаг байж. Эх хатан нь гурван хүү төрүүлсэн. Одоо тэр гурван хүүгийн нь ах дүүс гээд ганц хоёр хүн байдаг. Нацагханд эмээг Манлай баатрын охин мөн гэдгийг 1972 онд Намын төв хорооны зүгээс гэрчлэх ажиллагаа явуулсан юм билээ. Гэрчлэх хүмүүсийн тоонд Лхагвасүрэн жанжны гэргий Дашцэдэн гуай, Ардын жүжигчин Дамдинсүрэн, ардын зураач Намхайцэрэн нарын хүмүүс оролцсон байдаг. Ингээд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар эмээд маань улсаас байр өгч, тусгай тэтгэвэр тогтоож байлаа. Намайг жаахан байхад эмээ маань “Дашцэдэн бол амны хишигтэй хүн. Хуучин засагт бол Чойжин ламын өргөмөл охин байсан. Сүүлдээ залуу жанжны гэргий болсон. Ламын хүүхэд гэж ад үзэгдээгүй их азтай хүн” гээд намайг дагуулаад Төв шуудангийн урд талын байранд байсан Лхагвасүрэн жанжныд очоод Дашцэдэн гуайтай хонин өнжин яриа өрнүүлдэг байлаа. Би эмээ дээрээ өссөн, түүний эрх хүү нь байсан мөртлөө нэг их зүйл асууж шалгаадаггүй байж. Ямар ч байсан эмээ маань хориод оны үед Да хүрээний гурван сайхан хүүхний нэгэнд тооцогддог байсан гэдэг. Нөгөө хоёр сайхан хүүхний нэг нь Дашцэдэн гуай, нөгөө нь ардын жүжигчин Гомбосүрэн гуайн хадам ээж байж. Тухайн үед Да хүрээнд хятадууд их байсан учраас энэ гурван сайхан хүүхэнд гурвууланд нь хятад нэр өгсөн байдаг. Манай эмээгийн хятад нэрийг Мон Жин Ша гэдэг байж. Дашцэдэн гуайг Тай Жин Ша, Гомбосүрэн гуайн хадам ээжийг Жин Ля гэдэг байж. Дашцэдэн гуай “Бөмбөгөр” ногооны хөгжимчин, бүжигчин хүн байсан. Манай эмээ ч гэсэн шанз манз тоглодог байлаа. Ер нь тэр үеийн язгууртан дээдсийн үр хүүхэд их боловсролтой байж. Ямар сайндаа л манай эмээг анх сургуульд ороход “Энэ хүүхэд чинь язгууртан тайж гаралтай, өндөр мэдлэгтэй юм байна” гээд сургуулиас нь хөөх гэж байхад жанжин Сүхбаатарын гэргий Янжмаа гуай “Наад хүүхэд чинь Манлай баатрын охин байгаа юм. Цаашид суралцах ёстой” гээд буцаагаад сургуульд нь оруулж байсан гэдэг. Эмээ бид хоёр наяад оны үед “Хатанбаатар Магсаржав” киноны нээлтэн дээр хамт очиж байлаа. Тэр кинон дээр Магсаржав Богд хаанаар хүчээр тамга даруулдаг хэсэг байдаг. Үүнийг эмээ үгүйсгэж байсан. Яг бодит амьдрал дээр бол Хатанбаатар Магсаржав биш Манлай баатар Дамдинсүрэн Богд хаантай шатар тоглож байхдаа тэр тамгыг нь гуйж даруулсан юм билээ. Энэ тухай эмээ маань сайн мэддэг байж. Кинон дээр гардаг шиг хүчээр тамга даруулсан явдал байгаагүй гэдэг. Эмээ маань нэг удаа “Ичээнд нь” киног үзчихээд “Өвөө чинь Дамбийжаа шиг хүний зүрх сугалж байсан хүн. Манай гэрийн хойморт хатаачихсан зүрх байж л байдаг байсан. Дамбийжаад хамаг бурууг тохчихсон болохоос биш дээр үеийн цэргийн улс эсрэг талынхаа баатрыг барих юм бол туг тахидаг, эсвэл зүрхийг нь сугалдаг байж. Энэ нь яргалал гэхээсээ илүү тухайн цагийн цэргийн жанжны ёс байсан юм билээ” гэж ярьдаг байлаа. Эмээ маань өөрийнхөө яриаг кассетанд бичиж үлдээсэн байгаа. Хүмүүс эмээгийн хуучны зургуудыг их сонирхдог. Надад уг нь нэлээд хэдэн зураг байсан юм. Төрийн шагналт зураач Пүрэвсүх агсан диплом хамгаална гээд нэлээд хэдэн зураг авч байлаа. Үүнийг би буцааж авч чадаагүй. Эмээгийн анх пионер болж байсан зураг нь байдаг ч 24-р сургуулийн пионерийн удирдагч тэр жил аваад явсан. Одоо бодвол тэр сургуулийн архивт байдаг биз. Энэ мэтээр эмээгийн олон сайхан зураг алга болсон. Одоо байгаа энэ зургуудыг нь харахад ямар ч будаг шунх байхгүй, ерөөсөө л унаган төрхөөрөө байгаа нь энэ. Би өөрөө зураач мэргэжилтэй. Мэргэжил нэгт нөхөд маань манай эмээгийн зургийг харчихаад “Ямар ч будаг шунх хэрэглээгүй мөртлөө яасан гоё харагддаг хүн бэ” гэж хэлдэг юм. Эмээ маань өнөөгийн хүүхнүүд шиг будаг шунх хэрэглэдэг байсан бол бүр тасраад явчих байж дээ” гэж өгүүлсэн юм.

ЦЭВЭЭН ТЭРГҮҮНИЙ ГАНГАН ОХИН ЦЭРМАА

Жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмааг монголчууд андахгүй. Харин жанжины нууц амраг явсан Цэрмаагийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Олноо Цэвээн тэргүүн гэж алдаршсан Лувсанцэвээний ганц охин Цэрмаа нь хорь, гучаад оны Нийслэл хүрээний гангачуудын нэг байжээ. Энэ тухай зохиолч, сэтгүүлч Б.Туяа 1990-ээд оны үед хэвлэгдсэн “Таван цагаан шувуу” хэмээх номондоо тодорхой өгүүлсэн байдаг. 1976 онд 73 насан дээрээ хорвоогоос хальсан Цэрмаа гуайн тухайн үед өгүүлж байсан дурсамжийг сэтгүүлч Б.Туяа цаг тавиун болохыг хүлээж байсаар ардчилал сэргэсэн ерээд оны үед дэлгэн тавьж байлаа. Цэвээн тэргүүний ганц охин Цэрмаа өгүүлрүүн: “Сүхийг одоо манайхан Сүхбаатар жанжин л гэж бурхан шиг өргөмжлөн дууддаг болж. Эгчийнх нь хувьд тэр жирийн л эр хүн байж. Би түүнд сэтгэл алдарч явлаа. Баян айлын эрх танхил охин гэж Сүх маань надаас цэрвэсэнгүй. Би ч түүнийг ирээдүйд хувьсгалын жолоодогч хүн болно гэж бодож явсангүй. Бид хоёр зүгээр л хүн хүндээ дасдаг хорвоогийн жамаар бие биенээ олоод л учирчихжээ. Тэгж дотно явсныхаа дурсгал болгож дугуй унаж авахуулсан зургаа Сүх надад өгсөн юм. Харин би цагийн аясаар түүнийг хадгалж явж чадалгүй үрчихсэндээ гэмшээд бардаггүй юм. Хэрвээ тэр зураг одоо болтол хадгалагдсан бол надад гэрч, түүхэнд өв болох байлаа. Хорвоогоос аль сайхан юм өнгөрч улирахыг тэр гэхэв. Сүх бид хоёрын холбоог хожим Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан “Өндөр” Дамдин гэдэг хүн мэддэг байлаа. Бас маршал Чойбалсангийн гэргий Гүндэгмаагийн дүү мэднэ. Би Сүхтэй анх их сонин учирлаар танилцсан. Би хөдөөлж, хааяа Манзуширийн хүрээнд цам үздэг байв. Нэг удаа хоёр гурван хүүхэн, долоо найман харчууд нийлээд найрлаж байв. Орой болсон тул явъя гээд намайг гэрээс гарах гэтэл “Өндөр” Дамдин амдаж зогсоод “Сүх чамайг үлдээч гэж гуйж байна” гэж хэллээ. Удалгүй Сүх өөрөө ч гарч ирлээ. Намайг битгий яваач гэж ятгав. Хэсэг тээнэгэлзээд би үлдэхээр шийдэв. Хүн надад Сүх хань бүлтэй гэж хэлсэн тул би болгоомжиллоо. Тэгсэн атал намайг үлдээч гэж Сүхийг гуйхаар би үгүй гэж хэлж чадаагүй л юм даа. Ингэж л бид хоёрын сэтгэлийн холбоо анх эхэлсэн. Түүнээс хойш Сүх намайг нэг удаа гэртээ дуудуулаад “Чи Дамдинтай л учиртай юм шиг байгаарай” гэж захив. Тэгээд “Өндөр” Дамдин бид хоёрыг явуулсангүй. Бид хоёрт баруун талд гудас дэвсээд ор засч өгөв. Бид хоёр ч хуурай эр, эм болоод л унтах боллоо. Миний ичсэн зовсон гэж жигтэйхэн. Төдөлгүй Сүх “Чи унт” гэж Янжмаад зандрангуй хэлээд өмнүүр нь дээл хувцастайгаа бүхлээрээ унтав. Тэр шөнө бид лав бүгдээрээ нүд хамхилгүй үүр цайлгав. Сүх Янжмааг өглөө эрт босгож цай чануулав. Би ч дотроо уурлаад чанасан цайг нь уусан болоод бушуухан холдохын түүс болж хашааны хаалгаар гарч явтал Сүх миний араас гүйж ирээд “Яадаг юм бэ. Янжмааг мэдэг гэж би зориуд тэгсэн юм. Би хэнээс ч өөрийнхөө сэтгэлийг нууж чадахгүй” гэснээ дотор цэлмэтэл сайхан инээмсэглэж билээ. Үүнээс хойш бид хоёрыг үүгээр түүгээр явахыг анаж барих гэж Янжмаа нэг хамар муутай авгайтай нийлж эрэл сурал болдог байв. Сүх бид хоёр нэг хэсэгтээ үнэхээр салж хагацаж чадахгүйд хүрсэн дээ. Хэрвээ Сүх эхнэр хүүхэдгүйсэн бол надад эргэлзэж цааргалах юм байсангүй. Надад тэр үед Хүрээнд байхгүй гэлцдэг, суухад л бараг өвдгөнд тунардаг тийм гоё урт сувдан ээмэг байлаа. Би яагаад ч юм бэ, ээмэг, бөгжөө байсхийгээд л Сүхэд хадгалуулах дуртай байлаа. Гэтэл талын гөрөөс шиг цахилж явсан эрх зоргоороо танхилхан нас минь өнгөрч эцэг эх маань намайг угсаа хэргэмтэй, ноён зэрэгтэй хүнтэй суулгахаар ятгав. Сэтгэлтэй хархүүтэйгээ нийлж чадаагүй хүн чинь яахин бусдын эрхшээлд орох билээ. Төдөлгүй нэг удаа сор залах галын наадамд явж байгаад Шагдарын Гомбожав гэгчтэй танилцав. Нуруу туруу нь Сүхтэй ч адилхан юм шиг. Ингэж би эцэг эхээ дийлж өөрийнхөө саналаар эр нөхрөө сонгож ахимаг насны хүнтэй нийлэв. Гомбожавтай суусныхаа дараа би Сүхтэй одооны энэ Сэлбийн гүүрний тэнд хааяа болздог байлаа. Сүх маань зүсээ хувиргаж намайг тосдог байж билээ. Сүхийг хойшоо явахад манай эцэг нанжин гахай гөлөмтэй эмээл, мөнгөн хазаартай хос сайхан морь бэлэглэж байсан юм. Богд манай аавд Сайн ноён хааны хашааг бэлэглэсэн юм. Тэнд Сүх, манай аав тэргүүтэн асартай майхны хаяа сөхчихөөд шагай харвах нэрийдлээр нууц хурал хийдэг байв. Эцэг минь намайг ганц охин минь гээд ухаангүй хайрлана. Манайх маш их мал хөрөнгөтэй байсан. Би бүсгүй хүн гэхэд сааль сүүний ажилд ч орж мэдэхгүй, ганц ч үнээний дэлэн шувтарч үзсэнгүй. Ёстой л сайн эцгийн арван цагаан буянаар эрх жаргалаараа өссөн дөө. Би том том луун хээтэй хятад торгон дээлийг ногоон, шар, бор өнгө сэлгэж өмсдөг байлаа. Үс гэзэг жигтэйхэн урт, үзүүр нь бараг хонгонд хүрнэ. Миний эцэг Цэвээн тэргүүн чухам яагаад буруудсаныг бүү мэд. Сүх аавыг маань хоёр ч удаа хэргээс мулталж амийг нь аварч байсан гэдэг. Хамгийн сүүлд Бодоо, Сүх хоёрыг хамт байхад нь манай эцэг уулзаад ингэж хэлсэн юм гэнэ лээ. “Хэрвээ шашин бурханаа шүтэх юм бол би бос гэсэн газар чинь босч, суу гэсэн газар чинь сууж явъя. Хэрвээ шашин шүтлэгээ гэсгээх юм бол шашингүй төрийг ямар төр гэхэв. Та нартай нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ тайлалцана” гэж хэлжээ. Тэгтэл Бодоо ихэд уурлаж “Нэгийгээ үзэлцэнэ гэдэг чинь энэ хүн Сүх бид хоёрыг ална гэсэн үг. Чи ийм хүнийг хэргээс сугалж тавих гэлээ” гээд буу барин босч ирээд Сүхтэй муудалцаж байсан гэдэг юм билээ” хэмээжээ. Цаг хатуу, социализм, коммунизм ид мандан бадарч байсан далаад оны үед ингэж зоригтой дуугарахыг бодоход Цэвээн тэргүүний охин Цэрмаа үнэхээр л хэлье гэснээ хэлэх гэж шийдсэн бололтой. Тэгэхгүй бол түүнтэй хамт Сүх жанжины тухай нэгэн сонин содон түүх үгүй болох гээд байж л дээ.

ХЭМЖЭЭЛШГҮЙ ХӨРӨНГИЙН ЭЗЭН ХЭЕНХУАР

Дээхэн үед Да хүрээнд “Янлин хуар”, “Хэен хуар”, “Ши-дү хуар”, “Ганьхуар” зэрэг хуартай дуунууд нэг үе ихэд дэлгэрсэн байх бөгөөд хуар гэдэг нь хятадаар цэцэг, цэцэгс гэсэн утгатай аж. 19-р зууны сүүл үед Да хүрээнд Хэенхуар гэдэг цуутай хүүхэн байж. Тэрбээр хар залуугаасаа баян данжаадын эхнэр болжээ. Харин аз гээч нь үү, эз гээч нь үү, түүнийг хорь гаруйхан настай байхад баян данжаад нь амьсгал хураасанаар Хэенхуар мундашгүй их өв хөрөнгөн дээр эзэн суусан байна. Тэрбээр ганган жороо морь унаж гангарахаас гадна шилэн байшинд тансаглаж, алтан амсартай худагнаас ус уудаг байж. Сүүлдээ тэр шүлэг, дууны авъяастай хүмүүсийг тансаг ордондоо урьж их хэмжээний мөнгө төгрөгөөр өөртөө зориулж хэд хэдэн дуу, шүлэг зохиолгосон гэх бөгөөд тэднээс “Хэен хуар” гэдэг дуу Да хүрээ даяар ихэд алдаршиж, өнөөгийнхөөр бол хит болж байсан байна. Жишээ нь, “Суудаг байшинг минь, Сураглаад асуувал даа хө, Цуварсан гурван байшингийн, Дунд талын шилэн байшин хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө, Уудаг ундыг минь, Сураглаад асуувал даа хө, Урд талын гурван худагны, Дунд талын алтан худагаа хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө, Унадаг морийг минь, Ажиглаад харвал даа хө, Усан тэлмэн жороо, Ухаа хонгор морь шүү дээ хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө” гэх зэргээр хүрээний ганган хээнцэр хүүхний намба төрх, орчин нөхцөл, чамин тансаг эд зүйлсийг нь зураглан үзүүлсэн байх ажээ. Дашрамд хэлэхэд Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа агсан Нийслэл хүрээний гангачуудын тухай ийм нэгэн дурсамж үлдээжээ. “Нийслэл хүрээний гангачуулын хувьд өвлийн цагт цагаан нэхий дээл нь дээдийн дээд гоёл байсан. Ер нь тэр үед нэг дээл хийсэн бол ном хурахад нэг, цагаан сараар нэг гаргаж өмсдөг, бусад үед өмсдөггүй болохоор нэг насны л юм байдаг байлаа. Нугалаанаас хойш даалимбаар гоёдог болсон. Торгоор шинэ дээл хийлээ гэхэд гоёондоо өмсөөд л далд хийдэг байсан. Тэр үеийн баячууд Жанчхүү хийцийн битүү угалзтай гутал, мөнгөн эмээл, хазаар, мөнгөн тоногтой нанжин гахай гөлөмтэй эмээл, үйтэнхуар гадартай хөвөнтэй дээл, дотуураа чисчүү цамц, торгон өмд гэх зэрэг одоогийн жийп машинаас ч үнэтэй юмаар гоёдог байв. Тэр үед би Нийслэл хүрээнээс жигтэйхэн сайхан гурван хүүхэн харж билээ. Түүнээс хойш тийм сайхан хүүхнүүдийг ер олж хараагүй юмдаг. Намайг 18 настай том хархүү болчихсон байхад ээж маань “Миний хүү тэр гурван сайхан хүүхнийг хар даа” гэж билээ. Харсан чинь Жанчхүүгийн хээ хуар болсон хилэн малгайтай, сайхан хар гэзгэндээ мөнгөн бүрээстэй жингэнэж дуугарсан боолт зүүсэн, нэг нь торгон, нөгөө нь чисчүү, гурав дахь нь дурдан, бүгд цэнхэр өнгийн дээл өмсөөд, шар дурдан бүс ороосон жинхэнэ монгол бүсгүйчүүд байж билээ. Өргөн дээлээ жавхайтал бүсэлчихээр их гоё галбиртай, харьцуулах юм бол шоргоолж шиг л харагддаг, ёстой гоёж чаддаг байсан. Тэр үеийн хүүхнүүдийн царай зүс ганддаггүй, холцруутдаггүй, их гоё өнгөлөг байлаа. Бодвол сааль сүү хийдэг, тэрнээсээ болдог байсан юм болов уу даа...”

Тэмдэглэсэн, зохиолч Б.Ойдов

 

Үргэлжлэл бий...