​Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн баривчлагдсан гэх мэдээлэл өчигдрийн ихэнх хэвлэлд нийтлэгдсэн. Гэвч холбогдох албаны эх сурвалжууд түүнийг баривчлан хориогүй.

Гадуур шалгаж байгаа хэмээж байна. Ч.Ганзоригт холбогдох хэргийг гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй холбон тайлбарлах хүн олон бий. Гэхдээ өнгөрсөн хавар тус үйлдвэрт ТӨХ-ны шалгалтын дүнг хав дарсан шалтгаанд ихээхэн учиг байгаа болов уу гэх таамаглал илүү ул үндэстэй харагдаад байгаа юм.

Ч.Ганзориг “гаалийн” Х.Баатарын “найзууд” шиг “Н.Энхбаярыг танихгүй” гэж хэлэх аргагүй нэгэн. Түүнийг одоогоор буруутгаад байх нь утгагүй. Учир нь уг хэргийг шалгаж эхэлж байгаа. Тэгээд ч МАН-ыг МАХН нэртэй байхаас нь, тэр тусмаа 1996 оны  УИХ-ын сонгуулийн түүхэн ялагдлын дараа, 2000 онд Н.Энхбаярыг намын даргаар ажиллаж эхлэхэд тус намыг тэжээж, хамгийн том хандивыг өгч байсан хоёрхон хүн байдгийн нэг нь Ч.Ганзориг. Нөгөө нь гаалийн Х.Баатар байсан гэдэг. Хэрэв Ч.Ганзориг буруутаж “алдарт” ган бөмбөлөгний хэрэг сэргэж гэмээнэ Н.Энхбаярын ял нэмэгдэж л таарна.

 

Ч.Ганзориг хэчнээн хүн чанартай байлаа ч “Н.Энхбаяр буруугүй” гээд ялыг нь үүрэхээр гэнэн хүн биш ээ.

Дараагийн хувилбар. Үнэхээр ТӨХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Цогтбаатарын хэлж байсанчлан “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт ороод, түүний дүн “но”-той гарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дэлгэхээр зэхэж байсан бол Ч.Ганзоригт “аврах хантааз” олдохгүй л болов уу. Мэдээж “живэхийн өмнө зуурах сүүлчийн бургас” нь яах аргагүй МАН мөн. Гэвч түүнд туслах боломж нөхцөл тун хомс байгаа билээ. Иймд хэрэв тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөс тасалж хувийн компанид баталгаа гарган их хэмжээний валютын зээл авсан гэх хэрэг үнэн бол Ч.Ганзориг өөрөө л үүрэхээс аргагүй болно. 

Энэ талаар Хуульзүйн сайд ярилцлага өгөхдөө “Улсыг тэжээдэг  ганц үйлдвэрийн нэрээр хувийн компанид баталгаа гаргаад их хэмжээний долларын зээд аваад явчихсан. Түүнийгээ төлж чадахгүйгээс эргээд өрийг нь улс төлөхөөр болж байна. Мөнгөн дүнг нь сонсвол оношлогооны супер төв хэд хэдийг барьчихаар мөнгө нэг албан тушаалтын үзэгний үзүүр хувийн сонирхлоор явчихсан гээд бодохоор харамсмаар” хэмээжээ. Мөн тус үйлдвэрийн агуулахын үлдэгдэл гэх огт хэрэглэгддэггүй материалуудын тухайд эртнээс улбаатай. Тиймээс ч УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсных нь төлөө Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байсан.

УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байсан. Харин Н.Энхбаяр 2000 оноос хойш Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2009 онд “завтай” болсон. Тиймээс тэр хоёрын хооронд огт холбоо байгаагүй гэх аргагүй. Тиймээс ч мөнөөх ган бөмбөлөгийн асуудал үүссэн бололтой юм.

Хэдийгээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Х.Наранхүү өөрөө ярихдаа АТГ-т тэс өөр асуудлаар шалгуулсан гэдэг юм. Х.Наранхүүгийн тухайд “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 6000 ажилтны хэн нэгнийг хэрэглэж байсан хуучин жийпээр шагнасан гэсэн асуудлаар АТГ-т шалгуулсан гэж тайлбарласан. Итгэмээргүй л юм. Үйлдвэрийн дотоод журмын дагуу өөрийн ажилтнаа болон үйлдвэрийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан “гадны” хүнийг шагнаж болдог аж. Х.Наранхүүгийн шагнасан хүн нь өнөөх “хувь нэмрээ оруулсан гадны хүн” гэгч нь байж. Харин Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан Т.Билэгт энэ талаар өөр зүйлийг мэдүүлсэн байж болох юм. Х.Наранхүүгийн хувьд ямар нэг тохироо хийснээс, эсвэл хэрхэн шалгуулснаас шалтгаалан асуудлаа шийдчихсэн байж болох ч энэ боломж Ч.Ганзоригт бий юү гэдэг эргэлзээтэй. “Эрдэнэт” үйлдвэрийг 2008 оноос эхлэн удирдсан тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд хагас жилийн нүүр үзэж байна.

Дашрамд дурьдахад түүнийг ажлаа өгөх үеэр буюу энэ оны эхээр Ч.Ганзоригийг “АН-д элсэх нь”, “Англид Элчин сайдаар томилогдох тохироо хийжээ” гэхчлэн итгэхэд бэрх таамаглалууд хөвөрч байсан. Харин арай ч баривчлагдана гэж таамаглаагүй билээ. Тэгэхээр АН тохироооноосоо буцсан, эсвэл Ч.Ганзоригоос том “но” илэрсэн болж таарч байна.

 

У.Оргилмаа