- Санжай Нэги: Бурхан хүсвэл бүх юм бүтнэ-

Хүнд өвчний учир элэг солиулах мэс засалд яаралтай орохгүй бол амь нас нь цаг хормоор хэмжигдэж буй сэтгүүлч Б.Эрдэнэцогтод үзэг нэгт нөхөд нь хандив цуглуулаад тав хонож байна. Энэ төрлийн мэс заслыг  Энэтхэг улсад хийдэг тул тийш нь явуулах зардлыг  олоход 100 сая төгрөг шаардагдаж буй юм. Тэгвэл эрхтэн, тэр дотроо элэг шилжүүлэн суулгадгаараа  алдартай Энэтхэгийн   “BLK”  эмнэлгийн эмч, доктор, профессор Sanjay negi Монголд ажлаар ирэх хугацаандаа түүний тухай сэтгүүлчдээс санамсаргүй олж мэдээд түүнд туслахаа илэрхийлээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө Монголын сэтгүүлчдийн хүсэлтээр Б.Эрдэнэцогтыг  үзэж, элэг солих мэс заслыг өөрийн эмнэлэгт хийх, мөн өртөг зардлыг  бага ч атугай бууруулахад туслахаа илэрхийлсэн танд их баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Үзэг  нэгт нөхрийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэн зүтгэж байгаа сэтгүүлчид, найз нөхөд, хандив тусламж өгч байгаа хүмүүсийн сайхан сэтгэлд  нь  хариу талархал илэрхийлье.

Намайг доктор, профессор Санжай  Нэри гэдэг. Би Шинэ Дели хотын “BLK” гэдэг олон чиглэлээр эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлийн эмнэлэгт ажилладаг. Элэг шилжүүлэн суулгахаар мэргэшсэн ахлах эмч юм. Манай эмнэлэг 400 ортой, олон чиглэлээр мэргэшсэн. Элэг, бөөр, зүрх шилжүүлэн суулгадаг. Англи болон барууны орнуудад байгаа энэ чиглэлийн эмнэлгүүдтэй адил үйлчилгээ үзүүлдэг.

-Монголд ямар ажлаар ирэв. Энд ирээд элэг солиулах хүртэл биеийн байдал нь хүндэрсэн Б.Эрдэнэцогтын талаар хэрхэн олж мэдэв?

-Би Монголд гурав хоногийн хугацаатай ажлаар  ирсэн юм.  Энэтхэг, Монгол хоёр соёл, иргэншлийн  хувьд ойролцоо, буддизм биднийг холбож байгаа. Би Сөүл хотод сургууль төгсч, элэг шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Тэнд байхдаа монголчууд хүнд өвчтэй, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс нь Хятад, Солонгос руу  явдгийг олж мэдсэн. Энэ хоёр улсад элэг шилжүүлэн суулгах өртөг зардал өндөр байдаг. Энэтхэгт бол хямдхан. Өмнө нь манай эмнэлэгт ч Монголоос хүмүүс очиж байсан. Ингээд би  энэ удаа  өөрийн биеэр Монголд очиж нөхцөл байдлыг үзэх, өвчтнүүдтэй уулзаж ярилцах зорилгоор ирсэн юм.  Элгээ солиулахгүй бол амь нас нь хором хормоор хэмжигдэж, нийгмийн анхаарлыг ихээхэн татаж байгаа энэ  залуугийн тухай санамсаргүй олж мэдсэн.  Ингээд эмнэлгийн даргад нь хандан  түүнийг  үзэж болох эсэх талаар зөвшөөрөл хүссэн юм. Эмнэлгийн удирдлагуудаас зөвшөөрөл авсны дагуу түүний биеийг үзэж,  өвчний явц байдалтай нь  танилцлаа.

-Сая та Б.Эрдэнэцогтын хэвтэж байгаа тасагт орж түүний биеийн байдлыг үзлээ. Энэтхэг улсад очиж шинжилгээ өгөх, улмаар элгээ солиулахад амь аврагдах магадлал хэр байгаа бол?

-Өвчтнийг үзлээ. Одоогоор биеийн байдал  маш хүнд, элэгний гэмтлийн сүүлчийн шатанд байна. Энэ нөхцөл байдлыг жаахан ч атугай сайжруулаад дараагийн шатанд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж үзэж байна. Энэтхэгт эдийн засгийн хамгийн боломжтой хямд үйлчилгээг барууны стандартаар үзүүлж чадна гэдгээ  би хэлж чадна. Амжилтын хувь бол 90 хувь байдаг.

-Б.Эрдэнэцогтыгоо  Энэтхэг рүү яаралтай эмчилгээнд явуулахад биднээс, монголчуудаас юу шаардагдах бол?

-Дараагийн шатны алхам юу байх вэ гэхээр шаардлагатай цусны бүлэг нь нийцсэн донор олох хэрэгтэй. Донорыг олох хугацаанд өвчтний биеийн байдлыг сайжруулах хэрэгтэй.  Яг одоо байгаа нөхцөлд мэс засалд орох юм бол үр дүн муу гарна. Үүнээс илүү сайжирсаны дараа  манай эмнэлэгт очих юм бол бид зардлыг хөнгөрүүлж бага үнээр үйлчилгээ үзүүлнэ гэж бодож байна.

-Биеийг нь сайжруултал хэр хугацаа шаардлагатай вэ?

-Ойролцоогоор  2-3 долоо хоног болно. Аян замын  ая  даах хүртэл эмчилгээг бичиж өгнө.

-Манай улсад  элэгний өвчлөл их бий. Хөдөө орон нутагт  өвчний эцсийн шатанд орсон, эмчилгээгүй болсон,  мөнгөгүйн улмаас гадагшаа явж элгээ солиулах боломжгүй  байгаа олон хүн бий. Өмнө нь Энэтхэгт очиж танаар элгээ солиулсан монгол хүн хэр олон байна, үр дүн нь ямар байв?

-Энэтхэгт сард дунджаар нэг монгол өвчтөн очиж үзүүлдэг. Монгол хүмүүс  элэгний өвчний талаар  мэдлэг муутай юм шиг надад  санагдсан. Би энэ удаа ирэхдээ эмнэлгээ танилцуулж, хүмүүст өөрийн биеэр хэлэх бодолтой ирсэн. Манай “BLK” эмнэлэгт сардаа нэг хүн Монголоос очиж үзүүлж байгаа.

-Элэгний өвчлөлийг бууруулах, түүнээс  урьдчилсан  сэргийлэх үүднээс монголчуудад хамгийн түрүүнд ямар зөвлөгөө өгөхийг та хүсч байна вэ?

-Монголд  тархсан элэгний  өвчин В, С вирусээс гаралтай  юм билээ. Тэгэхээр хүн бүрийг төрснийх нь дараа вакцинжуулах шаардлагатай болов уу гэж бодож байна. Мөн амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй юм. Хүмүүс илүү их  хөдөлгөөн  хийж,  хүнсэндээ өөх, тос бага хэрэглэж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Таны ярилцлагыг олж уншаад  олон хүн танай эмнэлэгт хандахыг хүсэх  байх. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Би Монголд гурав хоног л саатна.  Энэ сарын 25, 26, 27-нд  байна. Улаанбаатарт манай эмнэлгийн төлөөлөгч бий. Бид энд байх хугацаандаа “Гурван гал” эмнэлэг дээр байх болно.  Тэр хугацаанд бидэнд хандаж уулзаж болно.

-Цаг, зав гарган ярилцсан танд баярлалаа. Мөн бидний үзэг нэгт сэтгүүлч нөхрийг  үзэж, биеийн байдалтай танилцсанд гялайлаа. Монголын нийт сэтгүүлчдийн өмнөөс, түүнд  туслаж, дэмжиж байгаа сайхан сэтгэлт бүх хүний өмнөөс Б.Эрдэнэцогтыг маань бидэнтэй  эргээд инээгээд уулзах  хүртэл таныг хичээж өгөөрэй хэмээн танаас  гуйж, хүсч байна...

-Бурхан  хүсвэл бүх юм болно. Бид  түүний амь насыг  аврахыг нэр төрийн хэрэг гэж үзэх болно.

 

Ч.Үл-Олдох