-УУЛ УУРХАЙН ЯАМ, “ОЮУТОЛГОЙ” ХХК ХООРОНДЫН МАРГААН БАЯЖМАЛ ЭКСПОРТОЛСНЫ БАЯРТ ДАРАГДАВ УУ-

 

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар гурван жил гаруйн хугацаанд ажилласан Камерон МакРей ирэх арваннэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгөхөөр зэхэж байгаа гэнэ. Түүний халааг авах хүнийг тун удахгүй зарлах аж. Дэлхийн зургаан оронд нийт 31 жил уул уурхайн салбарт ажилласан Камерон МакРей захирал монголчуудын хувьд “хуучин” танил болсон. Энэ хугацаанд сайн, муугаар ихэд хэлүүлсэн тэрбээр Монголын уул уурхайн салбарын түүхэнд яах аргагүй бичигдэнэ.

Ямар ч байсан одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 9-нд баяр ёслолын байдалтайгаар гарын үсэг зурж  баталгаажуулсан хөрөн­гө оруулалтын “алдарт” гэрээнд МакРейн гарын үсэг байдаггүй. Учир нь тэр үед тус компанийн захирлаар Кийт Маршал ажиллаж байсан.  Гэхдээ 2010 оны аравдугаар сарын 26-нд Кийт Маршал, Камерон МакРей нар Төрийн ордонд “хөтлөлцөн”, ёслолын албаныхнаар замчлуулан “зугаалж” явсан билээ. Тэгэхээр Оюутолгойн “ээлж хүлээлцэж” буй захирлууд Монголын төрийн өндөрлөгүүдтэй тэгж уулзах учиртай бололтой юм билээ. Харин энэ удаад Камерон МакРей хэнийг хөтөлж Төрийн ордонд зочлон хэн гэгч албан тушаалтанд бараалхахыг ажиглаж л байя.

МакРей “буцах” нэг хэрэг. Монголчуудад юу үлдээв гэдэг нь илүү чухал. Юуны өмнө амласандаа хүрч энэ ондоо багтаан зэсийн баяжмалаа олборлож экспортолж чадлаа. Энд нэг будилаантай асуудал үүссэн нь найр наадмын хөлд дарагдаад төдийлөн анзаарагдаагүй бололтой. Юу гэвэл өнгөрсөн зур­гаадугаар сарын 28-нд Уул уурхайн яамнаас мэдээлэл хийж “Долоодугаар сарын 21-нд эк­спортоо эхлэхээр төлөвлөж бай­сан нь хойшилсон. Үүнд Засгийн газар огт буруугүй.

Зөвхөн “Оюутолгой” ком­панийнхан л Бүтээг­дэхүүн борлуулалтын гэр­ээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж батлуулахгүй байгаагаас боллоо. Монголын тал уг гэрээг ТУЗ-ийн гишүүдэд үзүүлэх ёстойг хэдэн жил сануулсаар байтал үзүүлэхгүй байна” гэсэн нь анхаарал татав.

Мөн Уул уурхайн яамнаас мэдээлэл хийсэн хүмүүс “Энэ байдлаас болоод анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрсэн, төслийн хоёрдахь үе шатны санхүүжилтийн болон Монголын төрд төлөх роялтигийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн маргаантай асуудлууд шийдлээ хүлээсээр байна” хэмээн нууцыг задалсан билээ.

Гэтэл гэнэтхэн долоодугаар сарын 9-нд анхны экспортоо эхэлж байгаагаа тэмдэглэчихэв. Бодвол Оюутолгойн ТУЗ дэх гурван монгол гишүүнд гэрээг үзүүлснээс “гацаа”-наас гарсан нь тэр бололтой. Ийнхүү “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машин бүхий анхны цуваа Оюутолгойгоос Гашуунсухайтын боомт руу хөдөллөө.

“Хөгжилд хөтөлсөн анхны цуваа” гэж нэрлэсэн энэ баярт үйл явдалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар оролцож “Эрдэнэт үйлдвэрээс хойшхи анхны том бүтээн байгуулалтын үр дүн” гэдгийг онцлон хэлж байв.

Тэгвэл “Хөгжилд хөтөлсөн эзэд” буюу Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан экс сайд нар яагаад энэ үйл явдлаас хол байх болов. Энэ нь улс төрийн өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотой юу. Аль эсвэл гэрээний үр дүн тэдэнд хамаагүй гэсэн үг үү гэдэг нь анхаарал татаж байна. Нэгэнтээ уг гэрээнд “үсээ цайтал” зүтгэсэн Сангийн сайд асан С.Баярцогт УИХ-ын гишүүн С.Ганбаатартай мэтгэлцсэн. Харамсалтай нь олон нийтээс “хасах” оноо голдуу авсан экс сайд уг нь “Хөгжилд хөтлөгсөд”-ийн нэг яах аргагүй мөн байлтай.

Уг нь улсын наадамд нутгийн бөх нь түрүүлж инээд болон яваагаас харахад эрүүл мэндийн хувьд сайн, элдэв хүндэтгэх шалтгаангүй байлтай.

Мөн Байгаль орчны сайд асан Л.Гансүх,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар ч сонгуулиас хойш “нуувч”-нд байгаа. Тэд Оюутолгойн “ял, гавьяа” хоёроос хол явахаар шийдсэн бололтой юм. Тун удахгүй Камерон МакРей ч үүрэгт ажлаа өгч Оюутолгой шинэ эзний мэдэлд очих нь. Тэд “шинэ үеийнхэн”-ий ёсоор асуудалд хандаж хариуцлага хүлээх эзнийг олоход бэрх болж мэдэхээр байна.

 Учир нь эдүгээ Оюутолгойн ордын талаарх аливаа асуудалд тухайн үед 57 дугаар тогтоолыг баталсан УИХ хамгийн том хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт нэгэнт бий болсон.

Иймд баяр, гунигийн ямар ч үед гэнэдэж гарч ирэхээргүй хашир “бурхи”-нууд нам жим байхаар шийдсэн нь тодорхой. Гэвч үйл явдал өрнөсөөр байна. Баяжмал экспортлох дараагийн цуваа бараг бэлэн болчихоод байгааг эх сурвалжууд хэлж буй. Оюутолгойн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед уул уурхайн салбарын экспортын хэмжээ 30-40 хувиар нэмэгдэнэ.

Хэдийгээр зэсийн ханш буурсаар байгаа ч бүтэн 12 жил буюу хүний насаар хэмжвэл бүхэл бүтэн нэгэн үетэй тэнцэх энэ хугацаанд удтал хүлээсэн баяжмалын экспорт ийнхүү эхэллээ. Харин Уул уурхайн яам болон “Оюутолгой” ХХК-ийнхан шинэ захирлыг ирэхээс урьтаж хуримтлагдсан, тулгамдсан асуудлаа эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.

 

У.Оргилмаа