Монголын улс төрийн дампуурал хэдий хүртэл үргэлжлэх юм бол доо. МАН л аймар, түүнээс салвал манай улс хөгжлийн оргилд гарч, цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн. Ингээд ард түмэн өнгөрсөн сонгуулиар саналаа АН-д өгцгөөсөн. Үнэнийг хэлэхэд ард түмэнд өөр сонголт ч байгаагүй.

 

Саяхан болоод өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж дахин сонгогдсоноор АН-ын ноёрхол баталгаажсан. Ардчилсан хувьсгалынхаа дутуу хийснийг гүйцээж, улс орныг бүрхсэн авлигал хээл хахуулыг устгаж, луйварчин олигархиудтай тэмцэх даалгавар тэдэнд өгөгдсөн. Гэвч өнөөдөр тэд үүнийгээ мартан найралж, наадамлаж байна.

 

Авлигалтай тэмцэх тэмцэл нь хүртэл наадмынхаа амралтанд гарсан юм шиг байна. Авлигачид наадамлаж, ард түмэн хүлээсээр. Өмч хувьчлалаас завшигчид, тендер идэгчид, төсвийн мөнгийг дансандаа хийгчэд төрийн хамгаалалтанд орж, сайдын зөөлөн суудал дээрээ суусаар л байна. Хэзээ шударга шүүх, хатуу хуулиараа тэднийг шүүх бол доо.

 

Ард түмэн МАН-ын олигархиудаас залхаад АН-ын олигархиудын гарт өнөөдөр оржээ. Үнэнийг хэлэхэд ард түмэнд сонголт байгаагүй учраас л АН-ыг сонгосон. Өнөөдөр тэд юу хийж байгааг товчхон харцгаая л даа.

 

Тэд найралж, наадамлаж бас хуйвалдацгааж байна. Үр дүнгүй мөнгө зарсан ажлуудаа сэтгүүлчдэд тайлагнахаас өөр олигтой зүйл хийхгүй байна. Хотын дарга нь гэж өнгөрсөнд хийсэн нүглээ цайруулах гэж яарсан хүн дураа дагасан шийдвэрүүд үргэлжлүүлэн гаргаж байна. Яагаад ч юм, юунаас ч болсон юм ямар ч байсан тэрээр социализмыг үзэн яддаг учраас эхлээд Лениний хөшөөг буулгаж таашаал авсан бол энэ удаа Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож орхисон. Нийслэл хотод үүнээс илүү түүнд хийх ажил байхгүй гэж үү.

 

Засгийн газар гэж завхарсан газар байна. УИХ-ынхаа дээр гараад суучихсан засгийн газартай улс хаана байдаг билээ. Монголоос өөр байхгүй л болов уу. Сайд болгон дор дороо ерөнхий сайдын зиндаатай болчихсон газар. Үүн шиг завхарал байх уу. Би юмыг муулах, шүүмжлэх донтойдоо биш харин үнэнийг л хэлж байна. Өнөөгийн эрх баригчид шүүмжлүүлэх дургүй. Шүүмжлэлээ гэж гонгинохыг нь яана. Үнэхээр юм хийе гэж байгаа бол шүүмжлэлийг давж байж л хийх ёстой.

 

Нэгэнт эрх баригчид шүүмжлүүлэхийг хүсэхгүй байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг нь барьчихсан. Ингээд тэд чөлөөтэй тэнэглэлүүдээ ард түмний нүдэн дээр ил цагаан үйлдсээр байна.

 

Улс орны улс, эдийн засаг, нийгмийн олон асуудлыг улс суурьтай гаргасан шийдлүүд одоо хүртэл алга. МАН-ын олигархиудаас өөр олигархи байхгүй гэж бодвол ёстой эндүүрэл болно. АН-д ч бас бөөн бөөн олигархиуд байгаа. Одоо тэд жинхэнэ утгаараа зоолж байна. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхөд АН үнэхээр улс орноо бодож, монголын төрийг олигархиудаас салгах шийдвэрийг гаргаж чадах уу. Үнэнийг хэлэхэд энд маш их эргэлзэж байна.

Дэлгэрэнгүйг энд  дар

Судлаач Б.Гансүх