“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК том оврын машинуудын тээврээ зогсоосон тухай мэдээлэл хоёр хоногийн өмнөөс тархсан. Нүүрс тээврийнх нь алдагдал ихэсч, ажиллах боломжгүй болсон гэв.  Хятадын “Чалко”-гийн өрийг дарахын тулд чамгүй зүтгэл гаргаж байсан үндэсний ганц компани болох “Эрдэнэс Тавантолгой”-гоос монголчууд хишиг хувь хүртсээр байгаа. Өмнөх Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авч, 250 саяыг нь Хүний хөгжил санд тараасан.  Өрөнд баригдаж, ажиллах аргагүйд хүрсэн “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК өнгөрсөн хавраас эхлэн түр зогсоод байсан нүүрсний ачилтаа эхлүүлж өрөө их бага хэмжээгээр барагдуулж явсаар өдгөө 170 сая гаруй ам.долларын өр үлдчихээд байгаа гэнэ билээ. Үлдсэн өрөө энэ онд багтаагаад дуусгахаар төлөвлөж байсан ч бас л тээврийн зардалдаа чөдөрлүүлчихэв бололтой.  Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн хүнд даацын машинуудын нүүрс тээвэрлэлтийн ажил зогссоныг тээврийн зардлаас болоогүй харин тус уурхайд хүний амь үрэгдсэн тул түр зогсоосон гэдгийг МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат баталж байна. Тус компани үйлдвэрчний хоёр байгууллагатай бөгөөд тэндээс МҮЭХ-нд мэдээлэл ирүүлсэн гэнэ. Энэ мэдээлэлд хүнд даацын автомашины жолооч амиа алдсанаас болж, нүүрс тээвэрлэлтийг зогсоосон гэж дурьдсан байна.  Юутай ч “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн хүнд даацын автомашинууд юунаас болж тээвэрлэлт хийхгүй байгаа шалтгаан удахгүй тодорхой болох биз ээ.

 

Б.Гэрэл