Саяхан л Монголд толгой цохиж байсан Хадгаламж банкны дампуурал нь арил­жааны банкуудад итгэх ит­­­гэлийг үгүй хийсэн гэхэд болно.

“Жаст” компанийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү­гийн “Хадгаламж банк”-ны дампуурал “Олон овоот”-оос эхтэй гэсэн мэдэгдэлтэй зэрэгцэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 15.5 тонн нөөцтэй хэмээсэн баталгаа хуурамч байж бол­зошгүй нь манай уул уурхайн салбарт гарч байгаагүй дуулиан, шуу­гианыг тариад байгаа юм.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байрлах Олон овоотын орд нь ганцхан “Хадгаламж” ч биш “Зоос”, “Анод”, “Монгол шуудан” банкийг дампуурахад гол нөлөө үзүүлж, олон хү­нийг хөлдөө чирээд байгаа. Ш.Батхүүгийн хэвлэ­лийн­хэнд өгсөн Эрдэс баялгийн зөвлөлийн баталгаажуулсан “Олон овоот”-ын хуурамч нөөцийн талаарх мэдэгдэл нь үнэн хэрэгтээ Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын асуудал боловч цаана нь “Олон овоот” шиг хэчнээн ордын нөөц хуурамч вэ гэсэн сэжиг, таамгийг уул уурхай эрхлэгчдэд төрүүлээд байна. Манай улсын хувьд орд газ­руудын нөөц, ТЭЗҮ-г хянан шийдвэрлэж батал­гаажуулдаг хууль ёсны цорын ганц байгууллага нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл юм. Социализмын үеэс эхтэй эл зөвлөл нь тухайн үед зөвхөн улсын хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлыг хүлээн авч нөөцийг баталгаажуулж, улсын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага байв. Зах зээлийн энэ үед ху­вийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын нөөц, хайгуулын ажлыг хүлээн авч баталгаажуулж байгаа нь хувийн компанийн өмнөөс хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэс болж байгаа юм. Гэтэл нөөц, ТЭЗҮ-г баталгаажуулдаг гэх Эрдэс баялгийн мэргэж­­­­лийн зөвлөлийн дарга М.Ариунбаяр нь албан тушаалаа урвуулан ашиг­лаж, улсын хөрөнгөөр нөө­цийг нь тогтоосон 18 ордын лицензийг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан. Тэрбээр улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд газруудыг нөөцгүй гэсэн хуурамч дүг­нэлтээр өөрийн болгож, ойр дот­­ныхоо хүмүүсийн нэр дээр шилжүүлж, хятадуудад өн­дөр үнээр худалдсан гэсэн мэдээлэл ч тухайн үед тархаж байв. Тэр ч байтугай Эрдэс баял­гийн мэргэжлийн зөвлөлөөр тухайн орд газар ямар нөөцтэй байгааг тодруулах шинжээчээр өө­рийн хүнийг томилдог гэсэн “хардлага” дэгдэж байлаа. Үүнээс үзэхэд Эрдэс баял­гийн мэргэжлийн зөвлөл гэх бүлэг­лэлийн шийдвэрлэсэн орд газ­руудын нөөцийн цаана авлигын том машин ажиллаж байна уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Ийнхүү хуудуутай нөөц тогтоосон нь илэрч, дуулиан тариад байгаа “Олон Овоот” шиг хуурамч нөөцтэй ордыг барьцаалан зээл авах, хувь хүмүүс худалдан авч алдагдалд орох, залилангийн үндэс болсоор байгаа нь одоо нэ­гэнт тодорхой болжээ. Хайгуул судал­­­­­­­­­гааны ажлаар “Олон овоот”-ын алтны үндсэн ордын нөөцийг 15.5 тонн хэмээн 2005 оны хоёрдугаар сард бодитой зэрэглэлээр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, Эрдэс баял­гийн санд бүртгэн Канад улсын “Вардроп Инже­­­­неринг” компаниар бодит нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулсан гэдэг. Гэтэл дээрх Олон овоотын нөөцийг Ш.Батхүү тонн нөөцтэй, Ц.Мянганбаяр 25 тонн нөөцтэй гэдэг нь будлианы эх үүсвэрийг тарьсан билээ. Гол нь хуудуутай нөөц баталгаажуулсан ха­риуц­­­лагыг хэн үүрэх нь тодор­хойгүй байна. Ху­вийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлыг Монгол Улсын Эрдэс баял­­­­­гийн мэргэжлийн зөвлөл баталгаа гаргана гэдэг нь байж боломжгүй зүйл аж. Бусад орны жи­шээ­­нээс үзэхэд дэлхий дээр нөөц хамгаалуулах ойл­голт байдаггүй юм байна. Тухайлбал Америк, Авст­ралид орд газрын нөөцийг батлан даагчтай л бол орд хэмээн үзэж банк нь зээл өгч, хөрөнгийн биржид хувьцааг нь гаргадаг байна. Батлан даагч нь хайгуулын шатнаас эхлээд нөөц хам­гаалах хүртэлх үйл ажил­­­­лагааг бүрэн хянаж баталгаажуулдаг аж. АНУ-ын Геологийн алба нь тухайн мужийн ашигт малтмалын ор­дуудын нөөцийг зөвхөн улсын нөөцөд бүртгэн авч ирээдүйн геологийн судалгааг чиглүүлэх үүрэгтэй ажилладаг. Тэд манайх шиг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ, нөөцийг баталгаажуулдаггүй бөгөөд нөөц болон ТЭЗҮ-г зөвхөн батлан даагчийн өмнө л хамгаалдаг байна. Тухайлбал Австралид 100 кг алтны нөөцтэй орд байлаа гэхэд 200 кг алт олборлож буй уул уурхайн компаниар батлан даалт гаргуулахыг шаарддаг учраас манайх шиг эрсдэл үүс­дэггүй. Уг батлан даагч нь нөөцийг судлахаас эхлээд бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж санхүүжүүлэгч болон хөрөнгө оруулагчдын өмнө баталгаа гарган, эрсдэлгүй гэдгийг нотол­дог байна. Магадгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Оюу­толгойн ордоор жишээ татаж, болж бүтэж байгаа мэтээр тайлбар өгөх байх. Үнэн хэрэгтээ бидний гол үүц болох Оюутолгойн орд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн үр дүнд бус ард нь батлан даагч “Рио Тинто” компани баталгаа гаргаж байгаа учраас Канадын хөрөнгийн бирж дээр баттай зогсож нөөц нь баталгаажиж байгаа юм. Хэрэв “Жаст” групп дээрх шиг батлан даагчтайгаар “Олон овоот”-ын ордыг баталгаа гаргуулан авсан бол өнөөдөр “Хадгаламж” банк дампуурлаа хэмээн сууж байхгүй байлаа. Өнөөдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх хууль зүйн чадамжгүй, авлигын сүлжээ байх магадлалтай гэдэг нь дээрх баримтаар нотлог­дохоор байна. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн санаа­чилсан Ашигт малт­малын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа энэ үед уг хуулийн төсөлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөв­­­лөл байх шаардлагатай эсэ­­­­­хийг авч үзэж, үүрэг хариуц­­лагыг нь тодорхойлох шаард­­­­лагатай юм. Энэ бүхний цаана Монголын уул уурхайн ирээ­дүйг тодорхойлох,банк, сан­хүүгийн хамтын ажил­лагаанд шийдвэрлэх үүрэг­­­­тэй Эрдэс баялгийн мэргэж­лийн зөвлөлийн ажилд хөнд­лөнгийн дорвитой шал­­­галт оруулж, тэнд буг­шаад байгаа авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт үйлдлүүдийг нэн даруй таслан зогсоох цаг болжээ. Д.Түвшин