Тамхины хяналтын тухай хуулийг ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөнө. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-нд УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. 

Гэхдээ зарим гишүүн энэ хуулийн төслийг “хуурай” болсон гэж үзэж буйгаа илэрхийлж байсан. Тухайлбал “Ерөнхий боловсролын хичээлийн байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглоно” гэсэн заалт бий. Тэгвэл 500 метрээс дотор талбайд байрлах худалдааны цэг,  үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэрхэх эсэх нь тодорхой бус байгаа юм.  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ хуулийн талаар “Сургуулийн ойр орчмын үйлчилгээний газруудад тамхи худалдахыг шууд хориглоно” хэмээн Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн үеэр тайлбарлаж байсан. Ямартай ч  энэ хуулийг дагаж мөрдөж эхлэх хугацаа нь дөхөж  буй учраас нэмэлт өөрчлөлтөөр тусгасан тамхи татах болон худалдахыг хориглосон газруудыг эргэн сануулъя.  
 

ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОСОН ГАЗРУУД:
  • Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;
  • Олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;
  • Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;
  • Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;
  • Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;
  • Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин;
  • Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;
  • Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин; 
  • Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн;
ТАМХИ ХУДАЛДАХТАЙ ХОЛБООТОЙ ХОРИГЛОСОН ЗААЛТУУД:
  • Интернэтээр,
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор;
  • Баар, цэнгээний газар;
  • Тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх;
Э.ГАН