Өмнөх парламентын үед буюу 2011 оны 9 дүгээр  сарын 8-нд  УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ,  Р.Амаржаргал, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, З.Энхболд, Л.Гантөмөр, Д.Энхбат, Х.Тэмүүжин, Д.Очирбат, З.Алтай нарын гишүүд Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар  Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснийг түүх мартахгүй.

 

Уг шаардлагад  Улсын Их Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангахыг шаардахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Шаардлагыг сийрүүлбэл:

’’ УИХ нь Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-т заасны дагуу Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, уг гэрээг тодорхой заасан нөхцөлүүдийн дагуу байгуулах эрхийг УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор Засгийн газарт олгосон. Үүнд:


1. Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай.

2. Оюу толгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.



3. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай гэж заажээ.

 

Гэвч Засгийн газрын байгуулсан гэрээ нь УИХ-ын 2009 оны 57-р тогтоолын заалтуудыг хангаагүй, улмаар үндэсний эрх ашигт нийцүүлж, зохих өөрчлөлтийг оруулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газарт удаа дараалан тавьсан боловч өнөөг хүртэл хэрэгжээгүй, хэрэгжих эсэх нь тодорхойгүй байсаар байна.
Иймд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай УИХ-ын 2009 оны 57-р тогтоолын хэрэгжилтийг  2011 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангаж, үр дүнг УИХ-д ирүүлэхийг Танаас шаардаж байна.

 

Уг шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд УИХ-ын гишүүд бидний зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд уг гэрээг Монгол улсын үндэсний эрх ашигт бүрэн нийцүүлэх тулд бүхий л арга хэмжээг авах болно гэдгийг Танд үүгээр уламжилж байна’’гэсэн байдаг. Энэ гэрээг эх орны талд байлгахын төлөө эцсээ хүртэл тэмцэн, тунаж үлдээд,  ‘’эсэргүү дөрөв’’ нэр авсан экс гишүүн Д.Балдан-Очир, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарыг ч хүмүүс өнөөдөр сайнаар дурсаж суугаа.

 

Тэд,  амин хувиа хичээж, ард олны эсрэг бодлого явуулж байсан тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдыг огцрохыг шаардаж, Засгийн газартай ‘’заамдалцан’’ үндэсний эрх ашгийн талд тууштай зогсож чадсан түшээд билээ. Харин шанд нь  намын удирдлагын зүгээс Д. Балдан-Очир гишүүнийг УИХ-ын 2012 оны сонгуульд тойроггүй үлдээхийг санаархсан ч намын шударга нөхдийн дэмээр  тойрогт өрсөлдөхөөр Бага хурлаасаа торойн гарсан. 

 

Уг нь Завхан нутгаасаа хамгийн их санал авдаг, дархан түшээ  хүн. Харамсалтай нь  тэр эх орноо заран,  хүзүү хуваагчдын хууль бус үйлдлийн золио болсон. Тухайлбал Д. Балдан-Очир гишүүнийг унагахын тулд  Ерөнхий сайд, Сангийн сайдтайгаа хуйвалдан их хэмжээний  төсвийн мөнгийг хууль бусаар энэ тойрогт  тараахдаа түүний сонгуулийн багийг давхар мөнгөөр уургалж, штабгүй  болгож дөнгөсныг Завханы ард түмэн одоо ч гомдоллон ярьдаг юм билээ.

 

Харин  Ц.Даваасүрэн гишүүн бие даан өрсөлдөж, Д.Тэрбишдагва  гишүүн МАХН-аас нэр дэвшин,  босоо аварга маань  намаасаа дэвшээд сонгогдож чадсан. Эх оронч түшээдийг  гадаадын  шунагсадтай нийлсэн дотоодын  олигархууд ч дарж дийлээгүй түүх энэ. Харин ч шударга ёс  үнэлэмж болж байгаа  энэ цаг дор эсэргүү дөрвийн тухай  амнаас ам дамжин,  бахархан ярих баатрууд болсонтой хэн ч маргахгүй .

 

Тэдний  тэмцэл нь эх орны газар шорооны төлөөх үе үеийн эх оронч түшээдийн сэтгэл зүрхний дуудлага хэвээрээ байгааг  одоогийн парламентад суугаа С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн О.Баасанхүү, Ж.Батзандан, Ж.Батсуурь, Д.Батцогт,Н.Батцэрэг,З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан, Б.Болор,Х.Болорчулуун, Р.Бурмаа, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ц.Дашдорж, А.Тлейхан, Г.Уянга, Л.Цог, Ч.Улаан, Ц.Цолмон, Б.Наранхүү, Х.Баттулга, Д.Оюунхорол, М.Сономпил, Д.Тэрбишдагва, С,Одонтуяа нарын  гучаад    гишүүн үргэлжлүүлэн буухиалж,  гэрээг сайжруулахын төлөөх  тэмцлээрээ  нотолсоор байна.

 


Саяхан Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн,  нэрт сэтгүүлч Х.Цэвлээ’’Зууны мэдээ’’ сонинд өгсөн ярилцлагадаа дурьдахдаа, “Оюутолгой  компани сүүлийн хэдэн жил хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд авлига өгч өөрсдөдөө хаалт босгочихсон. Захын сонин  тэднээс  улиралд 5-10 сая төгрөг  авч байгаа. Ингээд “Оюутолгой”-г  шүүмжилж болохгүй гээд яваад байсан чинь сая   юу болж гарч ирэв. “Хаалтын гэрээ” гэгч тийм л зүйл.

 

Оюутолгойн гэрээ цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй. УИХ-аар баталсан гэрээ нь байна. Залхааж,  цээрлүүлдэг олон улсын шалгарсан арга цаана нь байна. Ирак шиг  бөмбөгдүүлвэл яана.   Тэр нь  газрын тосны дөрвөн том ордоо ашиглуулаагүйгээс болсон. Гэтэл тийм нарийн мэдээллүүд хэвлэлээр бараг гараагүй. Цухас дурьдсан болоод мартсан. Тэгээд нээрээ Саддам Хусейн  цөмийн зэвсэг бэлдэж байсан юм байна гэж хүмүүс ойлгоод өнгөрч байгаа юм.

 

Гэтэл цөмийн зэвсэг байсан бил үү, байгаагүй. Тэгээд Саддам Хусейн дүүжлүүлсэн. Энэ юу болов гэхээр олон улсын бизнесийн эрх ашигтай гүнзгий холбогдсон Оюутолгой мэтийн том төсөл аюултайг харуулж байна. Энэ асуудлаас манай улс яаж гарах юм бүү мэд.  Цаад тал гэрээгээ цуцлахгүй нь мэдээж. Магадгүй тэр асуудалд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан  Ж.Бейкер орчихсон яваа болов уу.

 

Хэдэн жилийн өмнө Монголд ирж манай парламентад үг хэлсэн шүү дээ. “Та нар Оюутолгойнхоо гэрээг байгуул” гэж айлдаад буцсан.  Тэр чинь хариугүй бөмбөгдөх гээд яваад байгаа юм биш үү. Яагаад гэвэл Оюутолгой дэлхий дахны шүлсийг гоожуулсан баялаг орд шүү дээ’’ гэсэн нь олны анхаарлыг татаад байгаа. Хаалтын гэрээг халж хаяхаас нааш Оюутолгойн гэрээний  хамаг үнэнг олоход төвөгтэй байгаа ч олонхи монголчууд нэг талд гарч, үнэний эрэлд мордсон нь  хамгийн  олзуурхууштай гэрэл гэгээ.


‘’Аравт’’ бүлгэм