Эсперанто хэлний олон улсын академийн ерөнхийлөгч Л.Энхтүвшин "Ардын багш" цолоор энгэрээ мялаажээ.

"Дэлхийн Оюуны өмчийн Академийн эрдмийн зөвлөлөөс улсад тасралтгүй 46 жил ажилласан үр дүнг минь сайшааж шагнасанд баяртай байгаа. Цэцэрлэгээс эхлээд олон газар багшилсан. Олон сайхан шавь нараараа бахархаж явдаг. Одоо дэд доктор, профессор төрөн гарсан даа мөн 20-иод гавьяат төрсөн.

Шинэ оноос өмнө Хүн ам, Нийгмийн хамгааллын яамнаас "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан. ОХУ-ын дөрвөн эрдэмтний гарын үсэгтэй "Ломоносовын" Алтан маделиар шагнуулсан. Шатрын холбооноос мастер цолоор шагнуулаад удаагүй байхдаа Ардын багш Хүндэттэй цолыг гардуулж өгсөнд баяртай байна. Ахмад багшийнхаа хувьд Сар шинийн өмнө баяраа хуваалцаж Налайхад баяраа тэмдэглэх гэж байна" хэмээн тэрбээр өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Л.Энхтүвшин багш болох ажлын анхны гараагаа 15 настай байхдаа Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Эсперанто хэлний номыг Улаанбаатар хот руу захиж бие даан сураад дуу хөгжмийг өөрөө уншиж, орчуулахад МАХН-ын төв хорооноос цалинжуулж урамшуулсанаас эхэлсэн гэнэ. Үүнээсээ урамшиж бие даан Франц, Англи, Герман хэлийг сурч байжээ. Орос хэлний багшаар Хэнтий аймагт багшилж байгаад Улсын багшийн их сургуульд Эсперанто хэлний багшаар ажиллаж хөдөмлөрлөсөн байна.

 

 

Эсперанто хэлний “Нар” төвийг 10 гаруй жил ажиллуулж яваа юм. 1980-аад онд "Эрүүл энх" сонинд ажиллаж сэтгүүлзүйд хөл тавьжээ. "Хөдөлмөр", "Үнэн" , "Дал" зэрэг сонинд ажилласан. "Хувийн мөрдөгч", "Хөх толбот" зэрэг сонинд ажиллаж байхдаа сайд дарга нарын хээл хахууль авч байсан талаар нь олонд дэлгэснийхээ төлөө Чойр руу цөллөгт явж байсан гэдэг. Их зовлон үзэж байж одоогийн өндөрлөгт хүрсэн хэмээн хуучилж байв.

 

 

Өдгөө Л.Энхтүвшин багш Дэлхийн хуульчдын академи, Эмэгтэйчүүдийн академи, Эрэгтэйчүүдийн академиараа дамжуулж олон хүнийг архинаас гаргаж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.

Тэрбээр нэлээдгүй хэдэн дуутай. Тухайлбал, “Сувилагч таныгаа дурсан ирлээ” гэдэг дуугаа ээждээ зориулж, “Багш нарын вальс”, “Мөнх тэнгэр” гээд арав гаруй дуугаар бүтээл нь арвижсан нэгэн юм.