Өнөөдөр өглөөний 06:00 цагийн орчимд Нарантуул худалдааны төвийн Хүнсний бараа зардаг хэсэг шатаж эхэлсэн билээ. Одоогоор бөмбөгөр цэнхэр дээвэртэй хүнсний хэсэг нь бүхэлдээ шатаж утаа тортог уугисан байдалтай, нөхцөл байдал хүндхэн байна.

Яг одоогоор Нарантуул захыг цагдаагийн албан хаагчид хамгаалалтанд авч, дотогш хэвлэл мэдээллийнхэн болоод түрээслэгчдийг нэвтрүүлэхгүй байна. Түрээслэгчдийн хэлж байгаагаар сүүлийн 2-3 өдөр газар болоод бараагаа алдчихгүйн тулд Нарантуул зах дээр хонож байжээ. Гэтэл өнөө өглөөний 06:00 цагийн орчимд хүнсний захын ногоо байдаг хэсгийн дээврээс “чад пад” гэсэн дуу гарч улмаар шатаж эхэлсэн байна. Тодруулахад энэхүү ногоо байдаг хэсэг нь ямар ч тог цахилгааны утас татаагүй байдаг юм байна. Бараа, материалаа түймэрт шатаасан түрээслэгчид уур бухимдлаа илэрхийлж байгаа бөгөөд тэд “Энэ гал түймэр бол жирийн нэг золгүй явдал биш санаатайгаар хэн нэгний зохион байгуулсан хэрэг. Үүнийг Дүнжингаравын эзэн Б.Наранхүү зохион байгуулсан” гэж түрээслэгчид хэлж байна. Мөн тэд “бид сүүлийн 2-3 өдөр зах дээр бараагаа манаж хонолоо. Бидний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэхгүй байна. Хэвлэлүүд бүгд Ардчилсан намд үйлчилж байна” хэмээн хашгиран Нарантуул зах дээр мэдээлэл бэлтгэхээр ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд руу дайрч давшилсан байдалтай байна.

        Харин Нарантуул худалдааны төвийн удирдлагууд яагаад гал гарсан, хэний буруутай үйлдэл байв. Гал гарсан шалтгаан санаатай юу, санамсаргүйгээр үү гэдгийг өөрсдөө ч мэдэхгүй байгаа сурагтай. Ямартаа ч яг одоо Нарантуул худалдааны төвийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн тус газар дээр өсгөгч ашиглан мэдэгдэл хийлээ.  Тэрээр “Энэ бол санаатай үйлдэл. Бидний тэмцэл үр дүнгүй байгаа ч бид шантрахгүй тэмцсээр байх болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бидэнд үйлчлэхгүй, бидний тухай мэдээлэхгүй байгаа. Тиймээс би өчигдөр орой нэг телевизэд цаг авч, 680 мянган төгрөг төлөөд 10 минутын захиалгат нэвтрүүлэг хийлгэсэн. Бүгдээрээ тэмцье, бүгдээрээ тэмцье” хэмээн түрээслэгчдийг уриалсаар байна. Бид үргэлжлүүлэн энэ талаар мэдээлэх болно.